Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын хамгийн чухал ажил үнэ нэмэх

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын хамгийн чухал ажил үнэ нэмэх
Нийтэлсэн 7 минутын өмнө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн танилцуулгыг сонслоо.
undefined
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Улсын хэмжээнд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1936 МВт-д хүрээд байна. Үүний 1566 МВт буюу 82 хувийг нүүрсэн суурьтай эх үүсвэрүүд бүрдүүлж байгаа бол 155 МВт буюу 8.2 хувийг салхин цахилгаан станц, 156 МВт буюу 8.1 хувийг нарны цахилгаан станцууд, 26 МВт-ыг усан цахилгаан станцууд, үлдсэн хэсгийг дизель цахилгаан станцууд эзэлж байна. 2025 онд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 12.5 тэрбум кВт.цагт хүрч, өмнөх онтой харьцуулахад 8.2 хувь буюу 948.6 сая кВт.цагаар өссөн байна. Нийт хэрэглээний 78 хувь буюу 9.8 тэрбум кВт.цагийг дотоодын эх үүсвэрээр хангаж, үлдсэн 22 хувь буюу 2.7 тэрбум кВт.цагийг импортоор нийлүүлжээ.
2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний систем суурилагдсан нийт хүчин чадлаа бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй, аваарын горимд ажилласан бөгөөд хамгийн их ачаалал 1803 МВт-д хүрсэн. Сүүлийн жилүүдэд оргил ачааллын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд бүх дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа, нөөцгүй ажиллаж байгаа нь эрчим хүчний хангамжийн найдвартай байдалд өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнийг өнгөрсөн онд гарсан 227 МВт-ын цахилгаан хязгаарлалт, үйл ажиллагааны доголдлууд тодорхой харуулсан.
Улаанбаатар хотод жил бүр дунджаар 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож, дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өссөөр байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2025 онд нийт 10.7 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн нь өмнөх оноос 518.6 мянган Гкалаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц, Сонгины 80 МВт-ын станц, Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурын станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 30 МВт-ын, Хөвсгөл аймагт 10 МВт-ын нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулсан. Гэсэн хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр хэвээр байгаа учраас шаардлагатай нөөцийг бүрдүүлж чадахгүй байна.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 575.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн боловч санхүүгийн хүндрэл, үнэ тарифын алдагдлын улмаас үүний ердөө 231.5 тэрбум төгрөг буюу төлөвлөсөн хэмжээнээс 60 хувиар бага төсөв батлагдсан. Олон жилийн турш хөрөнгө оруулалт ийнхүү танагдаж ирсний улмаас их болон урсгал засварын ажил чанаргүйдэж, засвар үйлчилгээ шаардлагатай үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэн, эрсдэл улам өссөөр байна.
Салбарын хэмжээнд нийт 1 их наяд 440.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд үүнээс 2026 онд 360.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгаа. Иймээс эрчим хүчний салбарт цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд өргөн хүрээний бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Бид нэг бодлого, гурван зарчим, есөн чиглэлийн ажлын хүрээнд ажиллаж байна. Мөн эрчим хүчний шилжилтийн стратегийг COP-17 хурлаас өмнө батлуулахаар төлөвлөж байна.
Есөн ажлын хамгийн чухал нь тарифын бодлого. Иргэдэд хэт ачаалал үүсгэхгүйгээр тарифыг эдийн засгийн хувьд зохистой түвшинд хүргэх нь тулгамдсан асуудал болоод байна. Үүний зэрэгцээ салбарын 17,800 ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулахад онцгой анхаарна. Мөн салбарын засаглалыг боловсронгуй болгож, үр ашгийг нэмэгдүүлэн, өртгийг бууруулах нь үнэ нэмэхээс илүү чухал юм.
2026 оны зургаадугаар сарын 5-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 26 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, зохицуулагч Э.Түвшинчулуун: Үнэ тарифын шинэчлэлийн хүрээнд 2024 онд эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, дундаж тарифыг 280 төгрөгт хүргэсэн. Харин хамгийн сүүлд хийсэн зохицуулалтаар айл өрхийн цахилгааны тарифыг 5 хувиар, төсөвт байгууллагын тарифыг 10 хувиар, уул уурхайн салбарын тарифыг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Айл өрхийн цахилгааны дундаж үнэ 213 төгрөг байснаас 224 төгрөг болж, аж ахуйн нэгжүүдийнх 280 төгрөгөөс 307 төгрөгт хүрсэн. Харин уул уурхайн салбарын хэрэглэгчдийн тариф 338 төгрөгөөс 389 төгрөг болж өссөн. Ингэснээр цахилгаан эрчим хүчний дундаж тариф 304 төгрөг болсон бөгөөд цаашид тарифын бодлогыг иргэдэд дарамт учруулахгүйгээр, эдийн засгийн үндэслэлтэй, зохистой түвшинд хүргэхэд анхаарч ажиллана.
undefined
Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц: Эрчим хүчний системд томоохон саатал гарсан тохиолдолд хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах төлөвлөгөөг боловсруулаад байна. Тухайлбал, ДЦС-4 дээр нэг турбинд гэмтэл гарч, ажиллагаа нь саатсан нөхцөлд ойролцоогоор 1500 аж ахуйн нэгж, 25 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг найман цаг хүртэл хугацаагаар хязгаарлах шаардлага үүснэ.
Харин Сэлэнгийн 5 МВт-ын эх үүсвэр ашиглалтад ороогүй, ДЦС-4-ийн нэг блок болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэг турбин ажиллагаанд ороогүй тохиолдолд системд 290 МВт-ын дутагдал үүсэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд нэг цаг орчим хугацаанд 4400 аж ахуйн нэгж, 80 мянган айл өрхийг хэрэглэгчийн зэрэглэлээс нь хамааруулан хязгаарлалтын горимд шилжүүлэхээр төлөвлөсөн.
Хамгийн хүнд буюу 506 МВт-ын чадлын дутагдал үүсэх хувилбар ч бий. Хэрэв БНХАУ-аас авах импортын цахилгаан тасалдаж, ДЦС-4 болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын тус бүр нэг блок гэмтсэн тохиолдолд нэг цагийн хугацаанд 7500 аж ахуйн нэгж, 90 мянган айл өрхийн хэрэглээг хязгаарлах шаардлага үүснэ. Ийм эрсдэлийн үед хэрэгжүүлэх нийт 24 багц төлөвлөгөөг боловсруулан бэлэн байдалд ажиллаж байна. Эрчим хүчний дутагдлыг бууруулах зорилгоор Оюу толгой компанитай 80 МВт авах гэрээ байгуулсан. Үүнээс эхний 70 МВт-ын нийлүүлэлт аравдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж тооцоолж байна.
Эрчим хүчний яамны бодлогын газрын дарга Г.Энхтүвшин: Хэрэглэгчийн бага оврын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 53.4 МВт хүчин чадалтай нарны хавтанг түгээх сүлжээнд холбох техникийн боломжтой гэсэн судалгаа гарсан бөгөөд үүнийг 102 байршилд холбох боломжтой гэж тогтоогоод байна. Эдгээр байршлын судалгаа, техникийн тооцооллыг нарийвчлан хийж, цахилгаан түгээх сүлжээний хүчин чадалтай уялдуулан төлөвлөсөн. Ингэснээр айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах, илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэхээс гадна эрчим хүчний системийн ачааллыг бууруулах, хэрэглээний өсөлтийг дотоодын эх үүсвэрээр хангахад тодорхой хувь нэмэр оруулах юм.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломждоо тулгуурлан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эрчим хүчний экспортыг эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр дотоодын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шинэ эх үүсвэр бий болгох боломжтой юм.
undefined
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, зохицуулагч Э.Түвшинчулуун: Өнөөдрийн байдлаар нэг кВт.цаг цахилгаан эрчим хүчний дундаж өртөг 333 төгрөгт хүрээд байгаа бол хэрэглэгчдэд дунджаар 280 төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл, салбар өртгөөсөө доогуур үнээр цахилгаан нийлүүлж байгаа бөгөөд өртөгтэйгээ тэнцүүлэхийн тулд тарифыг 18.9 хувиар нэмэх шаардлага үүсэх юм. 2024 оны тарифын зохицуулалтаас хойш салбарын хэмжээнд нэлээд судалгаа хийж, олон улсын байгууллагуудаар ч үнэлгээ, тооцоо хийлгэсэн. Гэсэн хэдий ч хэрэглэгчдэд аль болох бага дарамт учруулах зарчмыг баримталж, энэ удаагийн зохицуулалтаар айл өрхийн тарифыг 5 хувиар нэмэх шийдвэр гаргасан.
Хоёр хөрш оронтой харьцуулж үзвэл, БНХАУ-д айл өрхийн цахилгааны тариф дунджаар 7.7 цент, аж ахуйн нэгжийн тариф 11.6 цент байдаг. Харин ОХУ-д аж ахуйн нэгжийн тариф дунджаар 10.7 цент байна. Монгол Улсад айл өрхийн цахилгааны тариф 6 цент, аж ахуйн нэгжийнх 8.7 цент байгаа нь бүс нутгийн хэмжээнд харьцангуй доогуур түвшинд тооцогдож байна. Сүүлийн жилүүдэд шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, системд өндөр өртөгтэй эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь цахилгаан эрчим хүчний дундаж өртөг өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар нийт хэрэглээний 70 орчим хувийг хуучин дулааны цахилгаан станцууд хангаж, үлдсэн 30 хувийг сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон шинэ эх үүсвэрүүд нийлүүлж байгаа.
Харин 2029-2030 он гэхэд энэ бүтэц өөрчлөгдөж нийт эрчим хүчний 70 орчим хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ эх үүсвэрүүд хангаж, өнөөдөр ажиллаж байгаа хуучин станцуудын эзлэх хувь 30 орчим хувь болж буурахаар байна. Иймээс шинэ эх үүсвэрүүдийн өсөн нэмэгдэж буй өртөг, хөрөнгө оруулалтын зардлыг харгалзан тарифын бодлогыг үе шаттайгаар эдийн засгийн үндэслэлтэй түвшинд хүргэх шаардлага үүсээд байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн