Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ, Ираны талууд дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн үндсэн хүрээнд тохиролцжээ

АНУ, Ираны талууд дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн үндсэн хүрээнд тохиролцжээ
Нийтэлсэн 21 цагийн өмнө
АНУ болон Ираны албаныхан ням гарагт хоёр улсын дайныг зогсоох, АНУ-ын Иранд тавьсан бүслэлтийг цуцлах, мөн Ормузын хоолойг дахин нээх асуудлыг тусгасан энхийн хэлэлцээрийн үндсэн хүрээнд тохиролцсон тухай мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны цагаар ням гарагийн орой 17:30 цагийн үед өөрийн Truth Social хуудсандаа “Исламын Бүгд Найрамдах Иран Улстай байгуулах хэлэлцээр одоо бүрэн дууслаа” хэмээн бичжээ. Уг мэдэгдлийн дараахан зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө хэлэлцээрт хүрсэн болохыг зарлалаа.
Шарифын мэдээлснээр гэрээг баасан гарагт Швейцарт албан ёсоор үзэглэх аж.
Хэлэлцээрийн нарийвчилсан нөхцөлүүд одоогоор ил болоогүй байна. Гэхдээ Шариф X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ уг гэрээнд “Ливаныг оролцуулан бүх фронтод явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоох” заалт багтсан гэжээ.
Сүүлийн долоо хоногуудад Израил болон Хезболла бүлэглэлийг харилцан довтолгоогоо зогсоохыг Трамп болон бусад улсын удирдагчид уриалсан ч үл тоомсорлож байсан тул Ливаны асуудал хэлэлцээний хамгийн хүндрэлтэй сэдвүүдийн нэг болоод байв.
Трамп мөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал тээврийн зам болох Ормузын хоолойг баасан гарагт нээнэ гэж мэдэгдсэн байна. Иран сүүлийн хэдэн сарын турш тус хоолойг бодитоор хаасан байсан бөгөөд Трамп Ираны боомтуудад тавьсан АНУ-ын бүслэлтийг зогсоох тушаал өгсөн гэжээ. “Дэлхийн бүх усан онгоц хөдөлгүүрээ асааг. Газрын тос урсаг” хэмээн Трамп бичжээ.
Энэхүү мэдээний дараа газрын тосны үнэ буурчээ. Брент төрлийн газрын тосны фьючерс үнэ даваа гарагийн арилжааны эхэнд дөрвөн хувиар унасан бол Америкийн WTI төрлийн газрын тосны үнэ 4.6 гаруй хувиар буурсан байна.
undefined
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади 60 хоногийн гал зогсоох хугацаанд илүү өргөн хүрээтэй хэлэлцээрийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж мэдэгдэв. Үүнд хориг арга хэмжээг цуцлах асуудал багтах аж. Мөн өмнө нь эх сурвалжуудын мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүйн асуудлыг дараагийн шатны яриа хэлэлцээний үеэр авч хэлэлцэх юм.
Ирантай хийж буй дайн нь Трамп болон Конгресс дахь Бүгд Найрамдах намынхны хувьд улс төрийн дарамт болж эхэлжээ. Олон нийтийн санал асуулгуудаас харахад арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө шатахууны үнэ өссөнд америкчууд ихээхэн бухимдаж байгаа аж. Нөгөө талаас Трамп өөрийн намын зарим гишүүдийн зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох шаардлага тавьсан дарамттай тулгарч байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн