Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Швейцарын сонгогчид хүн амыг 10 саяар хязгаарлах саналыг дэмжсэнгүй

Швейцарын сонгогчид хүн амыг 10 саяар хязгаарлах саналыг дэмжсэнгүй
Нийтэлсэн 0 минутын өмнө
Швейцарын сонгогчид тус улсын хүн амын тоог 10 саяас хэтрүүлэхгүй байхыг зорьсон хэт барууны үзэлтэй намын санаачилгыг бүх нийтийн санал асуулгаар унагалаа. Зарим ажиглагчид энэхүү санал асуулгыг “Швейцарын Брексит” хэмээн нэрлэж байв.
Санал асуулгын дүнгээр сонгогчдын 54.79 хувь нь уг санаачилгыг эсэргүүцэж, 45.21 хувь нь дэмжжээ. Ирц 58.86 хувьтай гарсан байна.
Хэрэв санал дэмжигдсэн бол Швейцарын засгийн газар өнөөдрийн 9.1 сая хүн амыг 2050 он гэхэд 10 саяас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээх байв. Мөн үүнээс өмнө хүн амын тоо 9.5 саяд хүрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийг нэгтгэн авчрах, оршин суух зөвшөөрөл олгох, дүрвэгсэд хүлээн авах бодлогод хатуу хязгаарлалт тогтоох байсан юм.
Түүнчлэн 2050 оноос өмнө хүн амын тоо 10 саяыг давбал Швейцарын засгийн газар Европын Холбоотой байгуулсан иргэдийн чөлөөтэй зорчих хэлэлцээрээс гарах үүрэгтэй байжээ. Ингэснээр тус улс Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэвтрэх эрхээ алдах байв.
Парламент дахь хамгийн олон суудалтай Швейцарын Ардын нам олон жилийн турш цагаачлалын эсрэг үзлийг дэмжиж ирсэн бөгөөд ялангуяа хөрш Европын Холбооны орнуудаас ирдэг ажиллах хүчний асуудлыг онцолж байв.
Тус намынхан “тогтвортой байдлын санаачилга” хэмээн нэрлэсэн энэхүү саналыг хүн амын өсөлтөөс үүдэлтэй дэд бүтэц, орон сууц, нийгмийн халамжийн тогтолцоо, байгалийн нөөц болон уламжлалт амьдралын хэв маягт учирч буй дарамтыг бууруулахад шаардлагатай гэж үзэж байжээ.
Албан ёсны мэдээллээр Швейцарын хүн ам 2002 онд Европын Холбоотой байгуулсан чөлөөтэй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 23 хувиар өссөн байна. Энэ нь хөрш Европын орнуудынхаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Мөн энэ хугацаанд тус улсын эдийн засгийн үйлдвэрлэл 24 орчим хувиар өсжээ. Швейцарт оршин суугчдын 27 орчим хувь нь тус улсын иргэншилгүй хүмүүс байдаг аж.
Санал асуулгын судалгаа хийдэг GFS Bern байгууллагын шинжээч Урс Биери Ройтерс агентлагт ярихдаа иргэд хүн амын өсөлтөд санаа зовж байгаа ч санал болгосон арга хэмжээнд бүрэн итгээгүй учраас санаачилга амжилт олоогүй гэж тайлбарлав.
Тэрээр “Сонгогчид Европын Холбоотой харилцах харилцаа болон хөдөлмөрийн зах зээлд сөрөг үр дагавар гарч болзошгүй зэрэг асуудлуудад санаа зовсон. Мөн эрүүл мэнд, асаргаа сувилгааны салбарт хангалттай ажилтан байх эсэх асуудал хүмүүсийг түгшээж байна. Одоогийн олон улсын нөхцөл байдалд жижиг улс ийм алхам хийх нь оновчтой биш гэсэн ойлголт ч бий” гэжээ.
Швейцарын улс төрийн дөрвөн том намын төлөөллөөс бүрддэг долоон гишүүнтэй Засгийн газар, тэр дундаа Швейцарын Ардын намын сайд нар хүртэл хамтдаа уг санаачилгыг эсэргүүцсэн байна.
Засгийн газар хүн амын дээд хязгаар тогтоох нь улсын тогтвортой байдалд эрсдэл учруулж, эдийн засагт сөргөөр нөлөөлөн, иргэдийн амьжиргаанд хохирол учруулна гэж анхааруулжээ. Мөн бизнесийн байгууллагууд хүн амын хязгаарлалт нь гадаад ажиллах хүч авах боломжийг хумиж, эдийн засаг болон Брюссельтэй харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна.
Швейцарын шууд ардчиллын тогтолцооны дагуу аливаа санаачилга 18 сарын дотор 100 мянган хүний дэмжлэг авбал бүх нийтийн санал асуулгад оруулах боломжтой байдаг. Жилд ихэвчлэн дөрвөн удаа зохион байгуулдаг ийм санал асуулгууд нь цагаачлалын эсрэг байр суурьтай Швейцарын Ардын намын хамгийн түгээмэл ашигладаг улс төрийн хэрэгслүүдийн нэг юм. Дэлхийн олон улс цагаачлалд тодорхой хязгаарлалт тогтоодог боловч хүн амынхаа нийт тоонд дээд хязгаар тогтоох асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр санал хураасан улс өмнө нь байгаагүй аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн