Урин дулаан цаг ирж иргэдийн гол, усны ойролцоо зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилд гол, усны ослын улмаас 105 иргэн амиа алдсаны 80 нь насанд хүрэгчид, 22 нь хүүхэд байна. Осолд өртсөн иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсон бол хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хараа хяналт сул байснаас осолд өртсөн байна. Иймээс иргэдийг аюулгүй байдлаа хангаж, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг анхааруулсан юм.