Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Г.Азжаргал: Нийслэлийн төслүүдтэй холбоотой найман хүнийг яллагдагчаар  татаж, гурван хүнийг хорьсон

Г.Азжаргал: Нийслэлийн төслүүдтэй холбоотой найман хүнийг яллагдагчаар  татаж, гурван хүнийг хорьсон
Нийтэлсэн 0 минутын өмнө
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголыг хийж байгаа. Сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар танилцуулга хийсэн бол шинжээч нар нийслэлийн төсөв, төслүүд, нийслэлийн өмчийн компаниудын үйл ажиллагааны талаар дүгнэлтээ танилцуулсан. Үдээс хойших сонсголоор шинжээчийн дүгнэлт үргэлжилж АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нийслэлийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
В.Данаасүрэн: Нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслийг зургаан эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч 5 хувийг санхүүжүүлсэн
Шинжээч В.Данаасүрэн: Туулын хурдны замын төсөл дээр маргааш Аудитын газрын дарга нь өөрөө дүгнэлтээ хэлэх учраас энэ дүгнэлтээ төсвийн гүйцэтгэл, санхүүгийн шинжилгээнд хийсэн дүгнэлтийн хүрээнд танилцуулъя. Нийслэлийн 16 мега төслийн нийт төсөвт өртөг нь 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөг. Энэ нь улсын төсвийн 93 хувьтай тэнцэх дүн. Харин орон нутгийн нийт төсвөөр 3.6 дахин, нийслэлийн төсвөөс 6.5 дахин их. Ийм хэмжээний өндөр дүнтэй учраас үр дүнтэй хэрэгжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах нь маш чухал. Эдгээрийг төсөвт өртгөөр нь авч үзвэл метроны төсөл хамгийн их буюу 30 хувийг эзэлж байгаа бол нэг, хоёрдугаар тойрог зам, Сэлбэ дэд төв, Тавдугаар цахилгаан станц, Туулын хурдны зам төслүүд 70 орчим хувийг эзэлж байна. Нийт 16 төслийн 10 нь 2025-2027 он хүртэл хэрэгжих ёстой. Цаг хугацаа дундаа орсон хэдий ч 28.9 их наяд төсөвт өртгийнхөө таван хувийг л зарцуулсан байна. Тодруулбал, Дүүжин тээвэрт 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төв 22 хувьтай байгаа бол бусад төслүүдийн зарцуулалт хангалтгүй байна. 2026 онд төсөвт өртгийн 22.3 хувийг зарцуулахаар төлөвлөсөн ч одоогоор 0.8 хувийг зарцуулжээ. Нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслийг зургаан эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр 25 хувь, нийслэлийн төсвөөр 19 хувь, буцалтгүй тусламжаар хоёр хувь, гадаад бондоор найман хувь, гадаад зээлээр 46 хувийг санхүүжүүлж байна. Гадаад зээл, гадаад бонд нь 54 хувь буюу 15.5 их наяд төгрөг байна.
Ижил чиглэлийн төслүүдийн нөлөөлөл ямар байхыг харгалзаж шийдвэр гаргаагүй. Тухайлбал, метро, LRT BRT дүүжин тээвэр хурдны зам нь бгүгд түгжрэлийг бууруулахд эерэг нөлөөтэй. Гэхдээ нэгэн зэрэг ашиглалтад орохоор түгжрэл хэдэн хувиар буурах, ТЭЗҮ-ийн тооцоололд дурдсан шиг эдийн асгийн өгөөжтэй байх уу,зэрэг эргэлзээтэй асуудал урган гарч байна. Мөн эдийн засгийн шинжилгээнд эерэг нөлөөг анхаарснаас биш төслөөс үүдэн гарах байгаль орчны гэх мэт нөлөөллийг зардал болгон тооцоололд оруулаагүй. Төслүүдийн хувьд төсөвт үзүүлэх ачааллыг ерөөсөө тооцоогүй. Зээлийн эргэн төлөлтийг нарийн тусгаагүй зэрэг дутагдалтай тал байна. Нийслэлд төслүүдийг эрэмбэлдэг тодорхой аргачлал алга.
АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: АТГ-аас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт дээр зарим мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгоогүй. Тиймээс бусдын овог нэрийг хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгье. УЕП-ын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна. Үүнээс, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн тендер, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөвтэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийтийн тээврийн зургаа, замын салбарын дөрөв, барилгын салбарын дөрөв, эрчим хүчний салбарын тав, усны салбарын таван гээд нийт 24 төсөл хөтөлбөр байгаагаас 11-д нь санхүүжилт олгоогүй бол 13 төслийг эхлээд явж байгааг шалгаж байна. Шалгалтын явцад 30 дансны 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар  татан, гурван хүнийг цагдан хорьсон байна. 
НЗДТГ, НИТХ болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын мэдээллийг өгье. Өнгөрсөн 2024 онд нийслэлд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийг хянаж, 80 мэдүүлэг гаргагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 198 сая төгрөгөөс дээш ХОМ мэдүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд 821 нийтийн албан тушаалтныг хянаж, 693 албан тушаалтныг зөрчилгүй, 98 албан тушаалтан томилогдвол зөрчил үүсч болохуйц, зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж сануулж, хүргүүлсэн. Энэ онд 310 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, 257 нь зөрчилгүй, 22 хүнийг анхааруулж, гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж хүргүүлсэн.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн