Улсын төсөв оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, инфляц хоёр оронтой тоонд хүрлээ. Энэ үед Засгийн газар төсвийн тодотгол хийхээр бэлтгэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын зардлыг танана гэпгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй энэхүү бодлого нь ирээдүйд ямар үр дагавар бий болгох вэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Оны эхний улиралд улсын төсөв 1.4 их наядаар тасарсан байна. Төсвийг наадмаас өмнө тодотгоно. Ингэхдээ урсгал зардлаас танах орон зай байхгүй учраас хөрөнгө оруулалтын зардлаас танана гэж ярьж байна. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт бараг хийгдэхгүй байх нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Төсөв өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад өндөр алдагдалтай байна. Ер нь төсвөө батлахдаа эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж үзэхгүй байгаа нь төсвийн алдагдлын нэг шалтгаан болж байгаа юм. Ялангуяа олон улсад үүсээд буй нөхцөл байдлыг сайн судалдаггүй. Өнгөрсөн жил ийм байсан энэ жил иймэрхүү байна гэдэг агуулгаар төсөв баталж байгаа нь одоогийн нөхцөлд хүргэлээ. Жишээлбэл, 2025-2026 оны төсвийг нүүрсний үнэ өсөлттэй, төсвийн орлого өндөр байсан өмнөх жилтэй нь харьцуулж баталсан. Уг нь нүүрсний үнэ буураад байгаа үед орлогыг өндрөөр төлөвлөх шаардлага байхгүй. Ер нь дэлхийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж харж байх ёстой. Төсвийн орлогыг өмнөх жилээс бууруулж баталсан ч болно. Манай төсөв ихэвчлэн одоогийнхоосоо заавал давуулж баталдаг. Орлогоо өндрөөр баталчихаар зарлага ч өндөр байна. Ингээд орлого нь төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болоод ирэхээр зарлага дээр асуудал үүсэж төсөв тодотгодог. Тэтгэврийн сан нь алдагдлаа даахгүй, тэтгэмжийн зардлаа байнга өсгөж, цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн улстөрчдийн амлалттай холбоотой нөхцөл байдлаас болж урсгал зардлыг танах боломж гарахгүй учраас хөрөнгө оруулалтынхаа зардлыг танахад хүрдэг. Үүний нөлөөгөөр ирээдүйд эдийн засгийн үр ашиг бий болгох бүтээн байгуулалт, үйл ажиллагаа зогсдог. Ийм л гинжин урвал руу орчхоод байгаа юм. Төсвийн алдагдал үүсэхээр үүнийгээ санхүүжүүлэхийн тулд гаднаас зээл авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байна. Бүтээн байгуулалттай холбоотой ажил өнөө маргаашдаа үр нөлөө нь мэдэгдэхгүй. Урт хугацаандаа гэвэл хөрөнгө оруулалт хийгдэж байж дараа дараагийн эдийн засгийн өсөлтийг тэтгэх нөхцөл бүрддэг. Ялангуяа манайх шиг хэрэглээний эдийн засагтай улсын хувьд энэ чигээрээ явбал хэрэглээ улам тэлнэ. Ер нь дараа дараагийн жилүүдэд аль болох хөрөнгө оруулалт руу чиглэж төсвөө батлах ёстой.
-Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэх, татвар бууруулах бодлого барьж байна. Энэ нь зөв шийдэл мөн үү?
-Цалин, тэтгэвэр нэмэх нь богино хугацаандаа инфляцыг хөөрөгддэг. Иргэдийн хувьд нэг талаас орлого нэмэгдэж байгаа сайн талтай боловч хэрэглээгээ тэлэхэд хүргэдэг. Дээр нь төрийн байгууллага цалингаа нэмэхээр аж ахуй нэгжүүд дагаад нэмэхээс өөр аргагүйд хүрч, үйлдвэрлэлийн зардал өснө. Ингээд харахаар аль аль талд нь зардал нэмэгдэж эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай хоёр инфляцыг зэрэг өдөөчихдөг. Инфляц өндөр гараад байхаар ахиад л цалингаа нэмэхээс өөр аргагүй болно. Мэдээж цалингаа нэмэх хэрэгтэй. Гэхдээ төрөөс боломж гаргаж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татаж оруулах тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, хэчнээн ажлын байр бий болгов, ажилгүйдлийг хэдэн хувиар буулгав, аж ахуй нэгжүүдийн ашиг яаж өсгөв гэдэг нь гол бодлого байх ёстой. Аж ахуйн нэгжийн ашиг өсөх тусам шинээр хүмүүсийг ажилд авч, үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хүснэ. Хүмүүс ч орлоготой болж, үйлдвэрлэлээ дагаад эдийн засаг дээшилнэ. Үүний дараа татварын чөлөөлтийн асуудлыг ярихад суурь нь өргөжсөн байхад татварын орлого буурахгүй байх боломж бүрдэнэ. Түүнээс одоогийнх шиг улсын төсвийн алдагдал нь 1.4 их наяд гарчхаад байхад татвар бууруулна гэж ярьж болохгүй. Одоо бол өрсөлдөгч намыхаа аманд орж, улс төржиж эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргаад байна. Энэ нь алсдаа улсын эдийн засгийг доройтуулж, өсөлтийг нь боймлох нөхцөлд хүргэнэ. Олон нийтийн хувьд мэдээж цалингаа нэмүүлэхийг хүснэ. Ямар ч улсад энэ хүсэл хэзээ мөнхөд байж, цалингаа нэмүүлье гэж тэмцдэг. Тэгэхээр төр засгаас зориглож шинээр ажлын байр бий болгодог, аж ахуй нэгжүүдээ дэмжиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгж байж эдийн засаг цаашдаа эрүүл хэвийн болно.
-Монгол Улсын эдийн засаг статистик тоон дээр л өсөлттэй харагддаг ч иргэдийн амьдралд төдийлөн мэдэгддэггүй. Энэ зөрүүний гол шалтгаан нь юу вэ?
-Манайд яг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд буюу бүтээмжийг бий болгох ёстой жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжин дэвжих боломж бололцоо нь байдаггүй. Эдийн засгийн өсөлтийн цөмийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Энэ салбарыг дагаад тээврийн салбарт бага зэргийн өсөлт гардаг. Мөн хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт л бага хэмжээний өсөлт яваад байгаа. Өсөлтийг бий болгож буй уул уурхайн салбар нь цөөхөн хэдхэн улсын мэдлийн эсвэл томоохон цөөн гэр бүл, компанийн мэдэлд байдаг. Иймээс орлого олж байгаа ч олон нийтэд нэг их хүртээлгүй, зөвхөн татвараар дамжиж иргэдэд хүрч байгаа боловч голд нь менежер хийж буй төр нь түүнийг оновчтой хуваарилж чадахгүй байгаа юм. Уг нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг хүртээмжтэй байлгах нь төрийн үүрэг. Дахин хуваарилалтын механизм дээрээ алдаа гаргаад байна. Зүй нь уул уурхайгаас олж ирж байгаа мөнгийг эргээд ард иргэдийн амьжиргааг сайжруулахад түлхэц болох хөрөнгө оруулалтын зардалд тодорхой хувийг зарцуулах ёстой. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл буюу яг иргэдийн бодит амьдралд нөлөөлдөг хэсгүүдийг түлхүү дэмжих нь зөв юм. Ийм бүтцээр явах ёстой ч чадахгүй байгаа нь асуудал болоод байна.
-Гаднын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт л орж ирдэг. Тэр хэрээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Сүүлийн жишээ гэхэд зэсийн АМНАТ-ийг бууруулж, гаднаас хөрөнгө оруулалт татъя. Ингэж чадвал олон үйлдвэр хөдөлж, салбараас олох орлого ч өснө гэсэн агуулга нэлээн яригдаж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Гаднаас хөрөнгө оруулалт татахад хууль эрх зүйн орчин, засаглалын тогтвортой байдал дээрээс нь татварын орчин гэсэн гурван зүйл хамгийн чухал байдаг. АМНАТ-ийн бага хэмжээний өөрчлөлт хөрөнгө оруулагчдад айхтар том нөлөө үзүүлэхгүй. Учир нь тэдний хамгийн их хардаг зүйл нь улс төрийн нөхцөл өөрчлөгдвөл оруулсан хөрөнгө оруулалт маань үр дүнгүй болох вий, хуулийн ямар нэгэн таатай бус орчин нөхцөлүүд эргээд үйл ажиллагаа явуулахад чөдөр саад болох вий гэдэг болгоомжлол байдаг. Өөрөөр хэлбэл явж явж улс төржилт, хүнд суртал, авлигал хээл хахууль л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулах хүчин зүйл болоод байна. Манайд татварын орчныг өөрчилж болох ч томоохон хөрөнгө оруулагчидтай тохиролцоод тогтвортой байдлын гэрээ байгуулаад явах боломж бий. Улс төрийн болон хууль эрх зүйн орчныг тогтвортой байх нөхцөлийг хангавал хөрөнгө оруулагчдыг татах боломжтой. АМНАТ-ийг олон улсын жишигт ойртуулсан байдлаар өөрчилж чадвал гаднын компаниуд зэс гэлтгүй бусад төрлийн түүхий эдийг олборлохтой холбоотой орж ирнэ. Тэдний хувьд олон улсын жишгээр татвар төлөөд байхад нэг их асуудал үүсэхгүй.
-Улсын хэмжээнд инфляц хоёр жилийн дараа хоёр оронтой тоо руу орж, өнгөрсөн тавдугаар сард 11.2 хувьтай гарлаа. Энэхүү өсөлт олон шалтгаантай ч дотоодод махны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн. Улирлын шалтгаанаар махны үнэ буурахаар инфляц дагаад бууна гэсэн зүйлийг зарим судлаачид ярьж байна. Ер нь инфляцыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
-Инфляц нь дизелийн түлш, бордооны үнэ нэмэгдсэн болон дотоодод махны үнэ өссөнтэй холбоотойгоор нэмэгдэж байна. Гурил, будааны үнэ тэр дундаа ургамлын тосны үнэ 80 орчим хувиар нэмэгдчихлээ. Махны үнийн хувьд малчид махаа өөрсдөө зардаг болсноор ченжүүд мах нөөцлөх хэрэггүй гэж үзсэн нь махны үнэ өсөх бас нэг шалтгаан болсон. Улаанбаатар хотоос тодорхой хэмжээний нөөцийн мах гаргасан ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа учраас үнэ буурахгүй байна. Төрөөс ирэх намар үнийн өсөлтийг гаргуулахгүйн тулд махны нөөцөө бүрдүүлэх арга хэмжээ авна гэж байна. Энэ арга бол өнөө маргаашаа аргалсан богино хугацааны шийдэл. Би өмнө нь хэлсэнээ дахин хэлье. Аж ахуй нэгжүүдээ дэмжээч ээ. Улаанбаатар хотыг тойрсон махны фермүүдийг байгуулахад улсаас тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл жилийн 4 улиралд махны нийлүүлэлт тогтмолжиж, эрэлтээ хангаад явах боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн урт хугацааны бодлого гаргахгүй бол одоо гаргаж буй шийдэл нь эргээд инфляцад сөрөг нөлөө үзүүлээд байна. Монголбанкнаас явуулж буй мөнгөний хатуу бодлого хоёр нөлөө үзүүлж байгаа. Нэг талаас хэрэглээг хязгаарлаж байгаа ч нөгөө талаас үйлдвэрлэлийн өсөлтийг давхар хумиад байна. Тэгэхээр төрөөс үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжиж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл яваандаа хэрэглээний үнийн өсөлт бүтээмжтэйгээ уялдаж, инфляцыг өндөр нам түвшинд баланслуулж явах боломж бүрдэнэ. Засгийн газар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ялангуяа импортын бүтээгдэхүүнийг орлох, түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортыг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болго. Ингэж гаднаас авдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлбэл инфляцыг хянаж, хязгаарлах боломж бүрдэх юм. Ингээгээгүй тохиолдолд одоогийнх шиг Засгийн газар урсгал зардлаа тэлээд байвал үнийг бууруулж, тогтвортой байлгах гэж Монголбанк ганцаараа хичээгээд нэмэргүй.
-Одоогийн эдийн засгийн тогтворгүй байдал энэ чигээрээ удаан үргэлжилбэл Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?
-Манай улсын эдийн засаг тодорхой хугацааны давтамжтайгаар эдийн засгийн өсөлт саардаг. Улсын төсвийн алдагдал өсөж төсвөө санхүүжүүлэх боломжгүй болоод ирэхээрээ Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Эдийн засаг харьцангуй гайгүй болохоор өнөөх хэцүү байсан нөхцөлөө мартчихдаг. Эдийн засгийн нөхцөл байдал таагүй болж ОУВС-ын өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт ороход төрийн албан хаагчдын тоог багасга, татвараа нэм гэхчлэн эдийн засагт маш том шокийн нөлөө үзүүлэх хатуу бодлого явуулахыг шаарддаг. Манайх ийм нөхцөлд хоёр, гурван удаа орж байсан. Хэрэв ойрын хэдэн жилдээ төсвийн үрэлгэн байдал үргэлжилж, төсвийн орлого нэмэгдэхгүй байвал эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах уу, эсвэл бүхэлдээ дефолт зарлах уу гэдэгтээ тулна. ОУВС-аас өмнөхтэй адил хатуу шаардлага тавибал ард иргэдийн амьжиргаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр Засгийн газар олон нийттэй ойлголцоод үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч, улсын төсвийн орлогыг цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ гэхээс илүү хөрөнгө оруулалт чиглүүлэх ёстой. Энэ тохиолдолд одоогийн бууж байгаа нөхцөл нь хатуу ч гэсэн ирээдүйд ирэх өгөөж илүү өндөр байна. Төрөөс энэ чиглэлийг илүү харах ёстой. Гэхдээ улс төрчид ийм иргэний зоригтой шийдвэр гаргаж чадах уу, үгүй юу гэдэг нь асуултын тэмдэг байна.