УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголын үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Нийслэлийн төлөөлөгч нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар тендер авч, аж ахуй нэгжүүдэд нөлөөлдөг, давхардсан тоогоор ажил авдаг. Байгууллагуудад ямар нэгэн байдлаар удирдах албан тушаал хашдаг юм байна. Нийслэлд мега хулгай нүүрлэсэн байна гэдгийг эндээс дүгнэж болохоор байна. 2024 онд Төсвийн байнгын хорооны хурал дээр орж ирэхдээ хоёр хүнээс санал авч байгаад авто тээврийн татвар хураамжийг нэмсэн гээд УИХ-ын гишүүдийг загнаад сууж байсан нөхөд АТГ-т шалгагдаад 461-т хоригдсон. Би шинэ хотын даргыг одоогийн байгаа нөхцөл байдлыг өнөө маргаашгүй алга урвуулсан мэт өөрчилнө гэж бодохгүй байна. НИТХ-ын төлөөлөгчдийг холбогдох газруудад нь шалгуулчвал ажлаа цааш нь явуулах боломжтой болох байх. Тэрнээс таны удирдаж байгаа нийслэл, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бүгдээрээ давхар буюу бүр хэдэн давхар дээлтэй байна. Төсвийн мөнгийг харахаар хамгийн бага нь 10 их наядаар яригдаж байна. Эдгээр төсөл, тендерийн цаана дандаа хулгай. Сая шинжээчид дүгнэлт дээрээ тэмдэглэж авахааргүй хэмжээний хулгай ярьж байна. Тэгэхээр та нийслэлийг урагш нь хөдөлгөе гэж бодож байгаа бол хамгийн эхэнд бүгдийг нь хуулийн байгууллагад шалгуулж, нэр цэвэр гэсэнтэй нь хамтарч ажиллабал илүү үр дүнд хүрэх байх. Туулын хурдны замыг барихад трасс баталсан тушаал нэг ч байдаггүй гэж ойлгосон. Яг ийм шийдвэр байна уу, байвал одоо гаргаж ирээд үзүүлээч.
НЗДТГ-ын Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс 2013 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Ерөнхий дүгнэлтээр нарийвчилсан зураг батлагдаж гарсан. Үүнийг 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар тэмдэглэлээр зургаан эгнээ болгож үүрэг даалгавар өгсөн. Энэний дагуу ТЭЗҮ-г шинэчилж зургаан эгнээ болгосны дараагаар 2025 оны дөрөвдүгээр сард трассыг баталсан.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Нийслэлд 80 компани байгуулсан байна. Эдгээр компанийн хийж байгаа ажлыг хувийн хэвшлүүд хийж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан уу. Ийм дүгнэлт гарсны дараа төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажиллах ёстой. Одоо хотын шинэ, хуучин удирдлага гэж ярихгүй. Та энэ 80 компанийн талаар юу гэж бодож байгаа вэ. НИТХ-ын 45 хүн сууж байгаад өөрсдийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад нь байдаг компанидаа төсөв баталж өгөөд суугаад байгаа чинь зөв юм уу. Ийм байхад АТГ-ын хэрэг байна уу. Үүнд тодорхой хариулт авъя.
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва: Томилогоотой холбоотой асуудал дээр АТГ-аас дүгнэлт гаргасны дараа шийдвэр гаргадаг. Тэгэхээр зөрчилтэй зөрчилгүй гэдгийг бид тодорхойлохгүй. Одоогийн байдлаар нийслэл өөрөө барилга бариад байгаа тохиолдол байхгүй. Төсөл хөтөлбөрүүд Төсвийн тухай болон тендерийн тухай хуулиар зохицуулагддаг. Сэлбэ дэд төв гэхэд нээлттэй сонгон шалгаруулалтаар 113 блок 8575 айлын орон сууцны барилгыг долоон компани гүйцэтгэж байна. Бусад дэд төвүүдийг хувийн компанийнхан нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгараад гүйцэтгэлээ хийгээд явж байна.
НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар: Хуулийн дагуу төрийн өмчит ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орох төлөөлөгчийг НИТХ-д оруулдаг. ТУЗ-ийн гишүүнд шаардагдах мэдлэг чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэт тодорхой шаардлага шалгуур хангасан төлөөлөгчийг томилдог.
УИХ-ын гишүүн Р.Батболд: Төсөв хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зөв. Хот ажил хийх ёстой. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ төсөл хөтөлбөрийн төсөв санхүүжилтийг Төсвийн хуультайгаа уях ёстой гэсэн зүйлийг хэлээд байна. Хот өөрөө 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчхаад улсын төсвийн алдагдлаас илүү их аладгдалтай төсөв баталчхаад яваад байна. Сүүлийн хоёр жилд гэхэд нийслэлийн төсөв бараг 3 дахин нэмэгдлээ. Хийж байгаа ажил юу байна вэ гэдгээ эрэмбэлж чадаж байна уу. Одоо нийслэлийн шинэ хотын дарга сууж байна. Та засаглалын нэг асуудлаа шийдэх хэрэгтэй байх. Хотын хийж байгаа ажил яагаад улсын хийж байгаа ажлаас үнэтэй болоод байна вэ. Хувийн хийж байгаа ажлаас яагаад өртөг нь өндөр гараад байна вэ. Маш их давуу байдалтай байгаа хэрнээ яагаад хувийн хэвшлийн хийж байгаа ажлаас үнэтэй болгоод байдаг юм бэ. Энэ дээр анхаарал хандуулж, ярих ёстой гэж бодоод байна. Хот байшин барих юм уу, эсвэл нөхцөлийг нь бүрдүүлчхээд хувийн хэвшлээр хийлгэх юм уу. Хувийн хэвшил байшин бариад борлуулах үнэ нь 3.5 сая байхад хотын барьж байгаа барилга яагаад өртөг нь 3.8 сая болсон юм. Тэнд нь бүтэц, холболтын зардал, газрын зардал ороогүй байна. Энэ асуудал дээр хэн хяналт тавьж байна вэ. Хотын 45 төлөөлөгчийн хэн нь хяналтаа тавьж яваад байгаа юм.
НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах: Төсвийн тухай хууль дээр орон нутгийн төсвийн талаар тодорхой заасан байдаг. Нийслэл хотын 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 3.1 их наяд, зарлага 3.1 их наяд. Тэнцэл нь 271.2 тэрбум төгрөг байна. Төсвийн тухай уульд заасны дагуу он дамжих мөнгөн хөрөнгө нь 490.6 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр он дамжуулсан буюу мөнгөн хөрөнгийн үлдэгдлээсээ хөрөнгө оруулалтын зардал тусгаад байгаа учраас алдагдалтай гэж харагдаад байна. 2025 оны төсвийн орлого 3.8 их наяд, төсвийн зарлага 4.5 их наяд, тэнцэл нь 702.2 тэрбум. Үүнээс мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2.9 их наяд байгаа. Үүнээс үнэт цаасны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.6 их наяд. Тэгэхээр бид нийслэлийн төсвийг батлуулахдаа Төсвийн тухай хуулийн 57.3 дагуу урд оны зарцуулагдаагүй үлдэгдлээ хөрөнгө оруулалтын үлдэгдэлийг оруулж явуулаад байна. Энэ нь Төсвийн тухай хуулиар эрхийг нээгээд өгсөн. Шинжээч алдагдалтай гээд жаахан буруу ойлголт өгөөд тайлбарлаж байна.