Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дайны нөлөө даамжирвал дэлхийн эдийн засгийн өсөлт 1.3 хувь хүртэл буурч болзошгүйг Дэлхийн банк анхааруулав

Дайны нөлөө даамжирвал дэлхийн эдийн засгийн өсөлт 1.3 хувь хүртэл буурч болзошгүйг Дэлхийн банк анхааруулав
Нийтэлсэн 20 минутын өмнө
Дэлхийн банк Ойрх Дорнод дахь дайны улмаас 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.5 хувь болгон буурууллаа. Мөн эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, санхүүгийн зах зээлд дарамт нэмэгдвэл өсөлт ердөө 1.3 хувь хүртэл саарч болзошгүйг анхааруулжээ.
Тус байгууллагын гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг 2025 онд 2.9 хувиар өссөн байна. Харин 2026 оны өсөлтийн төсөөлөл нь ковидын цар тахлаас хойших хамгийн доод түвшинд хүрчээ.
АНУ, Израилын Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа дөрөв дэх сардаа үргэлжилж, Ормузын хоолой хаагдсанаар газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн нь эдийн засгийн төлөвийг муутгахад голлон нөлөөлсөн байна. Мөн инфляцын дарамт нэмэгдэж, бордооны үнэ өссөнөөр хүнсний хямрал үүсэх эрсдэл нэмэгдсэнийг тайланд онцолжээ.
Дэлхийн банкны үндсэн төсөөллөөр Брент төрлийн газрын тосны үнэ энэ онд дунджаар баррель нь 94 ам.долларт хүрч, дэлхийн инфляц дөрвөн хувь орчим байна гэж үзсэн байна. Харин газрын тосны үнэ 115 ам.долларт хүрч, нийлүүлэлтийн доголдол удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засгийн өсөлт 2.1 хувь болж буурах аж.
Түүнчлэн эрчим хүчний хямрал санхүүгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгө оруулагчдын итгэл сулрах тохиолдолд өсөлт 1.3 хувь хүртэл унах эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч Индермит Гилл “Өнөөгийн дэлхийн эдийн засаг 2008 он болон 2018 онтой харьцуулахад илүү эмзэг болсон” хэмээгээд ойрын жилүүдэд бодлогын тодорхойгүй байдал, инфляцын дарамт, өндөр хүүгийн орчин үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.
Тайланд мөн хөгжиж буй орнууд дайны нөлөөнд хамгийн их өртөж байгааг онцолжээ. Эдгээр улсын эдийн засгийн өсөлт 2025 оны 4.4 хувиас 2026 онд 3.6 хувь болж буурах төлөвтэй байгаа нь цар тахлаас хойших хамгийн сул үзүүлэлт болох аж.
Бүс нутгаар нь авч үзвэл Ойрх Дорнод, Хойд Африк, Афганистан, Пакистаныг хамарсан бүсийн өсөлтийн төсөөллийг хамгийн ихээр бууруулж, 2026 онд 1.6 хувь болгожээ. Харин Энэтхэг 6.6 хувийн өсөлтөөр дэлхийн хамгийн хурдтай өсөж буй томоохон эдийн засаг хэвээр үлдэх төлөвтэй байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн