“The Voice of Mongolia” шоунаас хойш үзэгчдийн анхаарлыг татсан дуучин Г.Даваадалай энэ сарын 19-нд “Cosmic Ocean” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Indie Folk, Indie Rock, Chamber Folk, Folk Jazz урсгалыг монгол ардын хөгжмийн элементүүдтэй хослуулсан энэхүү тоглолт нь түүний анхны цомгийн нээлт төдийгүй уран бүтээлчийн хувьд шинэ замналын эхлэл болж буй. Бид түүнтэй уран бүтээл, урлагийг сонгосон шалтгаан болон анхны тоглолтынх нь талаар ярилцлаа.
–Таныг хүмүүс “The Voice of Mongolia” шоугаар мэддэг. Харин Г.Даваадалай хэзээнээс дуу хөгжимтэй нөхөрлөсөн бэ?
-Би багаасаа хөгжимд маш их дуртай хүүхэд байсан. Сургуулийн урлагийн үзлэг, найрал дуу, урлагийн арга хэмжээнүүдэд байнга оролцоно. Гэхдээ “Би дуучин болно” гэж зорьсон хүүхэд байгаагүй. Харин хөгжим миний амьдралын нэг хэсэг байсан. Үнэнийг хэлэхэд би өнөөдрийг хүртэл амьдралынхаа дийлэнх хугацааг хөгжимтэй өнгөрөөсөн. Дуу сонсолгүй өнгөрүүлсэн өдрүүдээ бодохоор бараг санаанд ордоггүй.
Сонирхолтой нь “The Voice”-ийн дараа багын найзууд хүртэл “Чи ингэж дуулдаг байсан юм уу” гэж их сонирхож байсан.
–Монгол Улсын Консерваторын жааз хөгжмийн ангид дуулаачаар суралцаж байгаа гэсэн. Яагаад жааз хөгжмийн төрөл сонгож суралцаж байгаа вэ?
-Би мэргэжлийн хөгжмийн гэр бүлээс гараагүй. Дуучин болох замыг зааж өгөх хүн ч байгаагүй. Гэхдээ нэг зүйл ойлгосон нь хэрэв энэ замаар явъя гэвэл хөгжмийн боловсрол зайлшгүй хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үед Консерваторын жааз хөгжмийн анги миний анхаарлыг татсан. Жааз өөрөө маш эрх чөлөөтэй урлаг. Хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг олон өнцгөөс илэрхийлэх боломжтой. Магадгүй тэр л чанар нь намайг хамгийн их татсан байх.
–Та анхны тоглолтоо “Cosmic Ocean” гэж нэрлэсэн нь анхаарал татаж байна. Энэ нэрийн цаана ямар түүх бий вэ?
-Багадаа сансар огторгуйн тухай их уншдаг байсан. Нэг удаа огторгуйд оршдог асар том усан биетийн тухай уншиж байлаа. Тэр нь яг дэлхий дээрх далай шиг биш. Асар их уснаас тогтсон, бараг галактик шиг том төсөөлөл. Тэр тухай бодох бүрд дэлхий дээрх бүх ус, бүх амьдрал тэр их эх сурвалжтай холбоотой мэт санагддаг байсан. Миний нэр өөрөө Далай. Харин энэ цомогт багтсан дуунууд бүгд өөр, өөр мэдрэмжтэй ч миний дотоод ертөнцөөс төрсөн бүтээлүүд. Тиймээс “Cosmic Ocean” гэдэг нэр хамгийн зөв санагдсан. Энэ бол миний хувьд зөвхөн тоглолтын нэр биш. Миний уран бүтээлийн философи гэж хэлж болно.
–Танаы анхны тоглолт үзэгчдэд ямар мэдрэмж өгөх бол. Тоглолтод хамтран оролцох уран бүтээлчдийн тухайд?
-Би хүмүүсийг зүгээр нэг тоглолт үзээсэй гэж хүсэхгүй байна. Хөгжим сонсоод гарах биш, нэг аялал туулсан мэт мэдрэмж аваасай гэж хүсэж байгаа. Тиймээс тоглолтод зөвхөн миний шинэ дуунууд биш, монгол ардын уртын болон богино дууг орчин үеийн шинэ найруулгаар хүргэнэ. Зарим бүтээлүүдийг хүмүүс мэддэг хэр нь анх удаа сонсож байгаа юм шиг мэдрэмж төрөх байх. Мөн live sound meditation хэсэг орно. Энэ нь хүмүүсийг хөгжимтэй илүү гүн түвшинд холбох зорилготой.
Delkhii band, Magnolian хамтлагийн Дөлгөөн, дуучин Т.Бат-Оргил нар оролцоно. Энэ хүмүүс бол зөвхөн зочин уран бүтээлчид биш. Миний бүтээж байгаа ертөнцийн нэг хэсэг болсон хүмүүс. Тийм болохоор тоглолтын уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй.
Сандарч байна. Гэхдээ тайзан дээр гарахаасаа илүү хүмүүс ирэх болов уу гэсэн бодол илүү их төрдөг юм байна.
Г.Даваадалай
–Ихэнх дуучин нэг урсгал, нэг өнгө төрхтэй байдаг. Таны хувьд анхны цомог яг ямар өнгө төрхтэй бүтээл болох вэ?
-Би есдүгээр сард нийт 10 дуу багтсан цомгоо гаргана. Жанарын хувьд нэг урсгалд баригдахгүй. Indie Folk, Indie Rock, Chamber Folk, Folk Jazz урсгалууд голлож байгаа ч электроник болон экспериментал элементүүд мөн бий. Ер нь өөр, өөр ертөнцийг нэг дор уулзуулсан бүтээл гэж хэлж болно.
Би хөгжимдөө яг өөрийн мэдэрдэг ертөнцийг буулгахыг хүсдэг. Зарим дуу нь маш намуухан, дотоод мэдрэмжтэй байхад зарим нь илүү хүчтэй, задгай сонсогдоно. Гэхдээ бүгд нэг хүний дотоодоос гарсан учраас хоорондоо холбоотой байдаг.
–Анхны бие даасан тоглолтын өмнө ямар мэдрэмж төрж байна вэ?
-Сандарч байна. Гэхдээ тайзан дээр гарахаасаа илүү хүмүүс ирэх болов уу гэсэн бодол илүү их төрдөг юм байна.
Олон жилийн турш уран бүтээл хийсэн хүмүүсийн хувьд үзэгчид нь хэдийнээ бий болсон байдаг. Харин шинээр эхэлж байгаа хүний хувьд хүмүүс миний хөгжимтэй танилцахыг хүсэх болов уу гэдэг эргэлзээ байдаг. Гэхдээ нөгөө талаар энэ бол маш сайхан мэдрэмж. Учир нь бүх зүйл эхэлж байна гэсэн үг.
–Таны стиль имижийг урт үс, сахалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Саяхан Киргизстанд болсон загварын шоунд оролцсон байсан. Урлаг, загвар хоёр таны хувьд хэрхэн огтлолцдог вэ?
-Би хувцас загварт маш дуртай. Өөрийгөө хувцсаар илэрхийлэх нь хөгжимтэй адилхан урлаг гэж боддог. Ариунаа Сүри эгчийн урилгаар Киргизстанд болсон шоунд оролцож, тайзан дээр алхахын зэрэгцээ уртын дуу дуулсан. Тэр мөч маш онцгой байсан. Монгол загвар, монгол дуу хоёрыг нэг тайзан дээр харуулахад гаднын үзэгчид маш сайхан хүлээж авсан.
Би үсээ ургуулаад найман жил өнгөрсөн байна. Нарийн хэмжиж үзээгүй л байна. Урт нь одоогоор метр гаран байгаа. Сахлын хувьд ургуулаад таван жил гаруй болж байна. Хүмүүсийн адил энгийн л сахал.
–Та өөр мэргэжлээр төгссөн ч урлагийг сонгосон. Яагаад?
–Надад урлагийн орчин байгаагүй. Тиймээс эхлээд өөр мэргэжлээр сурч төгссөн. Гэхдээ ажиллах тусам нэг л зүйл мэдрэгддэг байсан. Би өөрийнхөө амьдралаар амьдрахгүй байгаа юм шиг. Харин “The Voice”-ийн дараа урлагаар амьдрах боломж нээгдсэн. Тэр үед л би үнэхээр хүсдэг зүйлээ сонгосон. Ер нь хүн хүссэн зүйлээрээ амьдрах боломжтой болсон үед шийдвэр гаргах амархан байдаг юм билээ.
–Таны цаашдын зорилго, ирээдүйн мөрөөдөл тань юу вэ?
–Ойрын мөрөөдөл бол мэдээж “Cosmic Ocean” тоглолтоо амжилттай хийх. Харин түүнээс цааш илүү том мөрөөдөл бий. Би зохиол бичих дуртай. Одоо ч гэсэн хэд хэдэн фэнтези өгүүлэмж дээр ажиллаж байгаа. Нэг өдөр тэдгээрийг анимэйшн кино болгоод хүүхдүүдэд хүргэхийг хүсдэг. Би өөрөө багаасаа анимэ, анимэйшнээр хүмүүжсэн хүн. Тийм болохоор дараагийн үеийн хүүхдүүдийн дурсамж болж үлдэх бүтээл хийхийг мөрөөддөг.
Түүний "Cosmic Ocean" тоглолтын талаар мэдээлэл авах бол ЭНД дарна уу.