Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп нүүрсний салбарыг дэмжихэд 700 сая доллар зарцуулахаар төлөвлөж байна

Трамп нүүрсний салбарыг дэмжихэд 700 сая доллар зарцуулахаар төлөвлөж байна
Нийтэлсэн 11 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний эрчим хүчний байгууламжуудыг дэмжих зорилгоор бараг 700 сая ам.доллар олгохын тулд Хүйтэн дайны үеийн үндэсний батлан хамгаалахын онцгой бүрэн эрхийг ашиглахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордны нэгэн албан тушаалтан мэдээлжээ.
Тэрээр Трамп пүрэв гарагт багтаан 1950 онд батлагдсан, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбаруудад ерөнхийлөгч өргөн хүрээний эрх мэдэл хэрэгжүүлэх боломж олгодог Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхээ зарлаж магадгүй байна гэжээ. Үүний хүрээнд арав гаруй нүүрсний цахилгаан станцыг шинэчлэх, АНУ-ын баруун эрэгт томоохон нүүрс экспортын терминал байгуулах, мөн шинэ цахилгаан станц барихад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ижил хэмжээгээр төрөөс санхүүжилт гаргах аж.
Трампын засаг захиргаа эрчим хүчний асуудлыг үндэсний оршин тогтнолтой холбоотой стратегийн асуудал хэмээн тодорхойлж ирсэн. Учир тус улс хиймэл оюун ухааны дата төвүүдийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангахын зэрэгцээ их хэмжээний чулуужсан түлшний нөөцтэй гадаад өрсөлдөгч орнуудын нөлөөг бууруулах зорилт тавин ажиллаж буй.
Гэвч нүүрсний хэрэглээ АНУ-д сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар байна. Өмнө нь тус улсын цахилгаан үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг байсан нүүрс сүүлийн жилүүдэд нийт үйлдвэрлэлийн тавны нэгээс ч бага хувийг эзлэх болжээ.
Цахилгаан үйлдвэрлэгчид дэлхийн дулааралд үзүүлэх сөрөг нөлөө болон дэлхийн нийлүүлэлтийн эмзэг сүлжээнээс хэт хамаарах эрсдэлийг харгалзан үзэж, харьцангуй хямд өртөгтэй байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд түлхүү шилжсэн байна.
Төлөвлөж буй 700 сая ам.долларын санхүүжилтийн талаас илүү хувь нь 13 нүүрсний цахилгаан станцыг шинэчлэхэд зориулагдах бол 185 сая ам.долларыг Аляска, Мэрилэнд, Баруун Виржиниа мужуудад хэрэгжих нүүрсний төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай дүйцүүлэн олгоно. Харин 75 сая ам.долларыг Хойд Калифорнид байгуулахаар олон жил яригдсан West Gateway нүүрс экспортын терминалыг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.
undefined
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн