Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Хууль сахиулах байгууллагын 30 гаруй мянган алба хаагчийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэхээр болжээ. Мөн хууль сахиулах үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж, улсын бүртгэлийн 13 үйлчилгээг цахимжуулан, яаралтай тусламжийн 112 нэгдсэн дуудлагын төвийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм.
Тэрээр “Энэ цаг үед цагдаагийн байгууллагын үүрэг, философи өөрчлөгдөж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх уламжлалт арга барил өнөөгийн шаардлагыг хангахгүй болсон. Цахим гэмт хэрэг, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, цахим орчин дахь төөрөгдүүлсэн мэдээлэл зэрэг шинэ сорилтуудтай манай алба хаагчид өдөр бүр нүүр тулж байна. Тиймээс бидэнд шинэ мэдлэг, шинэ технологи, инновацид суурилсан шийдэл, арга барил зайлшгүй хэрэгтэй юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд иргэн төвтэй эрх зүйн реформыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд бодлогын томоохон шинэчлэлүүд хэрэгжүүлнэ. Өнөөдөр Монгол Улсад 930 гаруй хууль, 3500 гаруй дүрэм журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өөрөөр хэлбэл бидэнд хууль дутаагүй. Харин хууль хэрэгждэг, ойлгомжтой, иргэдийн итгэлийг хүлээдэг байх шаардлага тулгарч байна. Бид мэдээллийн технологид суурилсан, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн алба хаагчдыг бэлтгэж хөгжүүлэхэд бүх нөөц боломжоо дайчлах ёстой.
Шударга ёс эрх мэдлээс дээгүүр байх учиртай. Иргэд ч үүнийг хүлээж байна.
Иргэн төвтэй тогтолцоог бүрдүүлэхийн тулд стандарт, уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай. Бид олон улсын жишигт нийцсэн хууль сахиулах тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хууль нь иргэдийг айлгаж дарамтлах бус, урьдчилан сэргийлэх, хамгаалах, итгэл үнэмшил төрүүлэх үүрэгтэй байх ёстой. Иргэн бүр хууль мэдэх эрхээр хангагдаж, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх шаардлагатай. Өнөөдөр салбар хоорондын бодлогын уялдаа сул байна. Маш олон хууль, дүрэм журмын дунд орооцолдсон утас шиг болсон энэ тогтолцоог цэгцлэх хэрэгтэй. Хууль сахиулах байгууллагын нэгдсэн стандартыг тогтоож байж иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ.
Одоогийн нөхцөлд иргэд хуульд итгэх үү, хувь хүнд итгэх үү, эсвэл хууль сахиулагчдаа итгэх үү гэдгээ мэдэхгүй болсон байна. Энэ байдлыг бид хамтдаа өөрчлөх ёстой. Тиймээс алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, иргэн рүү чиглэсэн үйлчилгээгээрээ итгэлцлийг бэхжүүлэх шаардлагатай юм. Үүний зэрэгцээ хууль сахиулах байгууллагын алба хаагчдын эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Өдөр бүр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, дээсэн дөрөөн дээр явдаг хүмүүс бол манай алба хаагчид. Тиймээс цагдаа бол амьд хууль гэсэн философийг бодит амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай.
Салбарын 30 гаруй мянган алба хаагчийн үйл ажиллагааны стандартыг шинэчилнэ. Мөн хууль сахиулах үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг бүх үйл явцыг нэгдсэн цахим системд холбож, иргэдэд ойлгомжтой, нээлттэй мэдээллийн орчин бүрдүүлнэ.
Иргэн төвтэй реформын хүрээнд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгоно. Ингэснээр алба хаагчдын ажлын ачаалал буурч, иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү нээлттэй, шуурхай болно. Улсын бүртгэлийн 13 үйлчилгээг цахимжуулж, яаралтай тусламжийн 112 нэгдсэн дуудлагын төвийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ажлаа хүлээн авсныхаа дараа би хамгийн түрүүнд хилийн цэргийн байгууллагаас уулзалтаа эхлүүлсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд 150 гаруй цагдаагийн алба хаагч, хэсгийн байцаагч, мөрдөгч, дунд шатны офицеруудтай биечлэн уулзлаа. Харамсалтай нь тэдний 50 хувь нь албанаасаа гарах тухай бодож явна. Энэ нь байгууллагын нэр хүнд, үнэлэмж, алба хаагчдын бахархал ямар хэмжээнд суларсныг харуулж байна. Энэ нь алба хаагчдын буруу биш, харин тогтолцооны асуудал юм. 5-10 жил ажилласан туршлагатай мөрдөгч, цагдаа нар ажлын ачааллаа дийлэхгүй болж, ажлаасаа гарах өргөдлөө өгч байна. Цаашид бид нэг зорилго, нэг мэдээлэл, нэг ажиллагааны логикоор уялдаа холбоотой ажиллах ёстой. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийн эхлэлээс нь эцэс хүртэл цахимаар хянадаг нэгдсэн цогц системийг энэ оны эцэс гэхэд нэвтрүүлнэ. Ингэснээр ажлын давхардал багасаж, алба хаагчдын ачаалал мэдэгдэхүйц буурна” гэсэн юм.