Open iToim app
Спорт | 2 мин уншина

П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн хуулийг баталбал 17 бөхөд цолыг нь нөхөж олгоно

П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн хуулийг баталбал 17 бөхөд цолыг нь нөхөж олгоно
Нийтэлсэн 2 минутын өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 19 гишүүн Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Харин өнөөдөр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Энэхүү хуулийн өөрчлөлтийг УИХ баталбал Ерөнхийлөгчийн зарлигаар Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилддаг болно. Мөн аймгийн баяр наадамд 16 насанд хүрсэн 256 хүртэлх бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн Начин, зургаа давсан бөхөд аймгийн Харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн Заан, түрүүлсэн бөхөд аймгийн Арслан цол олгоно. Аймгийн тэгш ойн баяр наадамд 512 хүртэлх бөх барилдаж болно.  Мөн аймгийн цолны шатлалд өөрчлөлт оруулж, аймгийн наадамд зургаа давсан бөхөд Аймгийн Харцага цол олгохоор тусгажээ.
Мөн тус төсөлд зарим бөхчүүдийн цол нөхөн олгох, ахиулах асуудлыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олгох юм.
Тодруулбал, "1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлнэ" гэж заажээ. Тус өөрчлөлтийг баталвал 10 одоо хүсэлтээ өгөөд байгаа 10 гаруй бөх цолоо нөхөн авах боломжтой болох юм.
  • 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиадын 33 тойргийн барилдаанд 29 давсан амжилтыг нь үндэслэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаярт улсын заан цол олгохоор тусгасан байна.
  • 1989 оны Улсын их баяр наадамд үзүүрлэн улсын арслан цол хүртсэн ч маргааш нь цолыг нь хүчингүй болгосон, 1994 оны наадамд ес давж үзүүрлэсэн О.Балжиннямын цолыг сэргээж, улсын аварга цол олгохоор болжээ. Түүнчлэн улсын баяр наадмын 70 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн П.Сүхбат агсанд улсын аварга цолыг нөхөн олгохоор тусгасан байна.
  • Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойн барилдаан”-д цол хүртсэн боловч дараа нь хүчингүй болсон хоёр бөхийн цолыг мөн нэмэгдүүлэхээр болсон байна.
  • Түүнчлэн өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтоход улсын арслан цолыг нөхөн олгохоор тусгажээ. Харин улсын аварга Д.Сумъяабазар нь дүйцүүлэн цол олгох боломжтой хүмүүсийн тоонд багтаж байгаа ч одоогоор хүсэлт гаргаагүй байна.
  • 2021 оны Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол олгохоор болсон бөгөөд Э.Ууганбаяр, Ч.Батчулуун, Т.Довчинсэмбэ, Э.ЭнхАмгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар зэрэг нийт 17 бөхийн цолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн