Европ тив өөрийн гэсэн баллистик пуужингаас хамгаалах системтэй болох ёстой бөгөөд Украин улс энэ чиглэлд хэд хэдэн улстай аль хэдийнэ хэлэлцээ хийж эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт мэдэгдлээ.Оросын эсрэг дайнд Украинд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг нь баллистик пуужингаас хамгаалах асуудал юм. Учир нь Оросын ашиглаж буй баллистик пуужингуудыг зөвхөн АНУ-ын “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн тодорхой төрлийн пуужингууд л устгах чадвартай байна.ОХУ улс баллистик пуужин ашиглан Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч, дулааны цахилгаан станц болон цахилгаан дамжуулах системийг сүйтгэж буй. “Бид Европын хэмжээнд баллистик пуужингийн эсрэг хамгаалалтын системтэй болох ёстой гэж үзэж байна. Энэ чиглэлд бид хэд хэдэн улстай хэлэлцээ хийж, ажиллаж байна” хэмээн Зеленський “Марафон” үндэсний телевизэд ярьжээ.“Бид нэг жилийн дотор өөрсдийн баллистик пуужингийн эсрэг хамгаалалтын системийг байгуулах шаардлагатай” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Тэрээр энэ зорилт маш хүнд боловч хэрэгжих боломжтой гэж онцолж, Европын гол орнуудтай энэ асуудлыг аль хэдийн хэлэлцсэн ч нэрийг нь дурдаагүй байна.Харин Украины “Файр Пойнт” компани энэ сард Reuters агентлагт мэдээлэхдээ Европын компаниудтай хамтран ирэх жил шинэ агаарын довтолгооноос хамгаалах систем нэвтрүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь улам ховордож буй “Пэтриот” системийн хямд өртөгтэй хувилбар болох боломжтой гэжээ.Ойрх Дорнодын бүс нутагт Ираны довтолгооноос хамгаалахад өргөнөөр ашиглагдаж буй тул “Пэтриот” системийн нөөц багассаар байна. Мөн Европын цорын ганц баллистик пуужингийн эсрэг систем болох Итали-Францын хамтарсан “САМП/Т” систем нь харьцангуй бага хэмжээгээр үйлдвэрлэгддэг.