Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ Ираны ачааны хөлгийг саатуулж, Тегеран хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв

АНУ Ираны ачааны хөлгийг саатуулж, Тегеран хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв
Нийтэлсэн 2 минутын өмнө
АНУ ням гарагт Ираны ачааны хөлөг тэнгисийн хориог зөрчин нэвтрэхийг оролдсон учир саатуулсан гэж мэдэгдсэн бол Иран хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулж, хоёр улсын хооронд тохиролцсон түр гал зогсоох хэлэлцээр хоёрхон хоног ч үргэлжлэхгүй байх эрсдэлийг нэмэгдүүллээ.
Бүс нутагт илүү тогтвортой энх тайван тогтоох оролдлого ч мөн тодорхойгүй байдалд оржээ. Учир нь Иран гал зогсоох хугацаа мягмар гарагт дуусахаас өмнө эхлүүлэх гэж байсан энхийн хэлэлцээний дараагийн шатанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дэлхийн газрын тосны үнийг өсгөсөн олон долоо хоногийн тэнгисийн хорио үргэлжлэх магадлалтай хэвээр байгаа юм.
АНУ Ираны боомтуудад хориг тавьсаар байгаа бол Иран дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор зорчих хөлөг онгоцонд тавьсан хориогоо ээлжлэн сулруулж, дахин сэргээж байна.
АНУ-ын зэвсэгт хүчин ням гарагт Ираны далбаатай ачааны хөлөг Ираны Бандар-Аббас боомт руу чиглэн явах үед гал нээсэн гэж мэдэгдэв. “Бид тэдний хөлгийг бүрэн хяналтдаа авсан, дотор нь юу байгааг шалгаж байна!” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд бичжээ.
Ираны зэвсэгт хүчин уг хөлөг Хятадаас ирж явсан гэж мэдэгдсэн бөгөөд “АНУ-ын зэвсэгт хүчний энэ зэвсэгт далайн дээрэмд удахгүй хариу барина” гэж төрийн хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна. Мөн Ираны төрийн хэвлэлүүд Тегеран шинэ энхийн хэлэлцээг татгалзсан тухай мэдээлэхдээ үргэлжилж буй хориг, сүрдүүлсэн мэдэгдлүүд болон Вашингтоны байр суурийн өөрчлөлт, хэт их шаардлагыг шалтгаан болгожээ.
“Ираны газрын тосны экспортыг хязгаарлачхаад бусдад аюулгүй байдлыг чөлөөтэй хангана гэж хүлээж болохгүй. Сонголт тодорхой. Бүх хүнд нээлттэй газрын тосны зах зээл, эсвэл хүн бүрт өндөр өртөгтэй эрсдэл” хэмээн Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммадреза Ареф бичжээ.
Үүнээс өмнө Трамп Иран түүний нөхцөлийг хүлээж авахгүй бол тус улсын бүх гүүр, цахилгаан станцыг устгана гэж анхааруулж байсан бөгөөд энэ нь дайны туршид давтагдсан сүрдүүлгийн нэг хэсэг юм. Харин Иран АНУ иргэний дэд бүтцэд нь халдвал Персийн булангийн бүс дэх АНУ-ын баазууд байрладаг Арабын орнуудын цахилгаан станц болон давсгүйжүүлэх байгууламжийг онилно гэж мэдэгджээ.
Азийн арилжааны эхний үеэр Брент төрлийн газрын тосны үнэ 7 орчим хувиар өсөж, нэг баррель нь 96.85 ам.долларт хүрсэн бол S&P 500 индексийн фьючерс 0.9 орчим хувиар буурчээ. Хөрөнгө оруулагчид дайны талаарх зөрчилтэй мэдээллүүдтэй тулгарч байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн