Бээжин хотод болсон хагас марафоны үеэр Хятадад үйлдвэрлэсэн олон арван хүн төрхтэй роботууд хүмүүсийг гүйцэж түрүүлэн, тэдний биеийн чадвар болон өөрийгөө удирдан чиглүүлэх технологи эрчимтэй сайжирч буйг харууллаа.
Энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн анхны зохион байгуулалт олон саатал, доголдлоор дүүрэн байсан бөгөөд ихэнх роботууд барианд орж чадалгүй үлдсэн юм. Тухайн жилийн аварга робот 2 цаг 40 минутын амжилт үзүүлсэн нь хүний ангиллын ялагчийн хугацаанаас хоёр дахин удаан байжээ.
Харин энэ жил байдал эрс өөрчлөгдсөн байна. Оролцогч багийн тоо 20-оос 100 гаруй болж нэмэгдсэнээс гадна зарим тэргүүлэгч роботууд мэргэжлийн тамирчдаас илүү хурдтай гүйж, хамгийн эхэнд барианд орсон хүнээс 10 гаруй минутаар илүүрхжээ.
Өнгөрсөн жилээс ялгаатай нь энэ удаа 21 км-ийн зайд оролцсон роботуудын бараг тал нь алсын удирдлагагүйгээр, өөрсдөө маршрутаа тодорхойлон гүйсэн байна. Роботууд болон 12 мянган гүйгчид мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд тусдаа замаар зэрэгцэн гүйжээ.
Ялагч роботыг Хятадын ухаалаг гар утасны “Honor” компани бүтээсэн бөгөөд 50 минут 26 секундэд барианд орсон нь өнгөрсөн сард Португалын Лиссабон хотод Угандагийн гүйгч Жейкоб Киплимогийн тогтоосон хагас марафоны дэлхийн дээд амжилтаас хэдэн минутаар хурдан байжээ.
Honor компанийн хувьд Huawei-ийн салбар компани бөгөөд тэдний баг эхний гурван байрыг эзэлжээ. Ялагч багийн инженер Ду Шяодигийн хэлснээр тэд роботоо нэг жилийн турш хөгжүүлсэн бөгөөд 90–95 см урт хөлөөр тоноглож, шилдэг гүйгчдийн хөдөлгөөнийг дуурайлган, ухаалаг утсанд ашигладаг шингэн хөргөлтийн технологийг нэвтрүүлсэн байна.
Тэрээр энэ салбар одоогоор хөгжлийн эхэн шатандаа байгаа ч ирээдүйд үйлдвэрлэл зэрэг олон салбарыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Хурдан гүйх нь анх харахад ач холбогдол багатай мэт санагдаж болох ч энэ нь бүтцийн найдвартай байдал, хөргөлтийн технологи зэрэгт шилжих боломжийг бүрдүүлж, улмаар үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрэх суурь болно” гэж Ду хэлсэн байна.