Open iToim app
Нийгэм | 14 мин уншина

С.Асрал: Эцэг эх хүүхдэдээ өгөх хамгийн том бэлэг бол өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг эрүүлээр зохицуулах юм

С.Асрал: Эцэг эх хүүхдэдээ өгөх хамгийн том бэлэг бол өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг эрүүлээр зохицуулах юм
Нийтэлсэн 2 минутын өмнө
Хүүхдийн хүмүүжил, тархины хөгжил, эцэг эхийн оролцооны талаар шинжлэх ухаанд суурилсан ойлголтууд сүүлийн жилүүдэд илүү өргөн хүрээнд яригдах болсон. Ялангуяа хүүхдийн амьдралын эхний жилүүдэд эцэг эхийн харилцаа, гэр бүлийн орчин, өдөр тутмын дадал зуршил нь тэдний сэтгэл зүй, зан төлөв, цаашдын хөгжилд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаанууд харуулсаар байна. Энэ сэдвийн хүрээнд хүүхдийн насны онцлог, дэлгэцийн хэрэглээний нөлөө мөн эцэг эхийн хөгжлийн ач холбогдлын талаар АНУ-д боловсрол эзэмшсэн мэдрэл судлаач, “Positive-Parenting” мэдрэл судлал дээр суурилсан хүүхдийн хүмүүжлийн сургалтын багш С.Асралтай ярилцлаа.
-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Намайг С.Асрал гэдэг. Одоогоор АНУ-ын Аризона мужид гэр бүлийнхний хамт, ажиллаж амьдарч байна. Анх 2018 онд АНУ-ын Хавай мужид байрлах "Brigham Young University Hawaii" их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар явж байсан. Маркетингийн чиглэлээр суралцаж, 2021 онд төгссөн. Төгсөх жилдээ том хүүгээ төрүүлсэн бөгөөд түүнээс хойш хүүхдүүдээ харан хэсэг хугацаанд гэртээ байсан.
Хүүхдүүдээ өсгөх явцдаа нэг зүйлийг их бодсон. Миний багадаа өссөн орчин, хүмүүжлийн арга барил 1990-ээд оныхоос одоогийн нөхцөл байдал тэс өөр болсон. Тиймээс хүүхдүүдээ яг өөрийнхөө өссөн шиг биш, арай өөр, илүү боловсролд суурилсан арга барилаар өсгөхийг хүссэн юм. Тэгээд гэртээ байх хугацаандаа 6 сарын турш хүүхдийн тархины хөгжил, мэдрэл судлалд суурилсан сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ цааш нь заах эрх бүхий сертификат авсан. Энэ сургалтаа 2025 онд амжилттай төгссөн. Үүний дараа өөрийн сургалтыг боловсруулж, монгол аав ээж нарт сурсан зүйлээ хуваалцаж эхэлсэн. Биднийг бага байхад хүүхэд хүмүүжүүлэх тодорхой арга барил, сургалт, ном мэдээлэл харьцангуй хомс байсан. Харин одоо бол хүүхдийн тархины хөгжил, бие физиологи, нас насандаа ямар зан авир хэвийнд тооцогддог, аль нь анхаарах шаардлагатай вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгох боломжтой болсон.
Хүүхэд бүр сониуч, суралцах хүсэлтэй төрдөг. Тиймээс юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг тайлбарлаж, чиглүүлж өгөх нь эцэг эхийн үүрэг гэж үздэг. Ялангуяа хүүхдэд сэтгэлзүйн дарамт өгөхгүйгээр хэрхэн зөв өсгөх вэ гэдэг дээр миний сургалт төвлөрдөг юм. Мөн зөвхөн хүүхдийн хүмүүжил яриад зогсохгүй, эцэг эхчүүдэд өөрсдийгөө ойлгох, уураа хэрхэн зохицуулах, бухимдсан үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулах, өөрийн доторх траумаг таньж, эдгээх талаар давхар заадаг. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхийн дотоод байдалтай шууд холбоотой. Одоогоор гэрээсээ онлайн сургалтаа явуулж байна. Үүний зэрэгцээ хагас цагаар төрийн байгууллагад ажиллаж, дундаас доош орлоготой гэр бүлүүдэд хүүхдийн хүмүүжлийн талаар сургалт орж, зөвлөгөө өгдөг.
Мэдрэл судлалын үүднээс харахад хүүхдийн гаргадаг аливаа зан авир, үйлдэл бүр цаанаа тодорхой шалтгаантай байдаг. Хүүхдийн асуудалтай гэж харагддаг зан авир нь үнэндээ асуудал биш харин хангагдаагүй хэрэгцээ шаардлагын илрэл байдаг. Тэр хэрэгцээг нь ойлгож чадвал хүүхдийг харах өнцөг өөрчлөгдөж, хүмүүжилд нь хандах хандлага илүү зөв болдог. Миний ажигласнаар монголчуудын ихэнх нь тодорхой хэмжээнд трауматай байдаг бөгөөд ихэвчлэн хүүхэд насандаа авсан байдаг. Траумаг заавал эцэг эхээсээ авсан байх албагүй багш, танихгүй хүн, найз нөхөд гээд хэнээс ч үүсэж болно.
-Та бидэнд карьерынхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Би сургуулиа төгсөхдөө жирэмсэн байсан. Хүүхдээ төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ асраад гэртээ байгаа. Энэ хугацаанд бүрэн зогссон биш, хагас цагаар ажиллаж явж байна. Цаашдаа хүүхдүүдээ сургуульд орсных нь дараа одоо хийж байгаа хагас цагийн ажлаа үргэлжлүүлээд, ашгийн бус байгууллагад бүтэн цагаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүний зэрэгцээ хүүхдийн хүмүүжилтэй холбоотой өөрийн сургалт, зөвлөгөөний ажлаа ч бүтэн цагийн түвшинд хүргэж, илүү өргөжүүлэн хийх зорилготой.
-Хүүхдийн зан төлөв, сэтгэл хөдлөлийн зохицуулалт тархины аль хэсэгтэй илүү холбоотой вэ. Түүнийг гэр бүлийн орчинд хэрхэн дэмжих боломжтой вэ?
-Хүүхдийн зан төлөвийн суурь эхний 7 жилийн хугацаанд бүрэлддэг гэж үздэг. Ялангуяа тухайн хүүхдийн төрөлх зан авир болон сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах чадвар энэ үед төлөвшдөг. Энэ чадварт хамгийн их нөлөөлдөг хүн бол ихэнх тохиолдолд ээж байдаг. Учир нь хүүхэд амьдралынхаа эхний жилүүдэд ээжтэйгээ хамгийн их цагийг өнгөрүүлдэг. Тиймээс ээж нь баярласан үедээ, уурласан үедээ, стресстсэн үедээ сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж, яаж зохицуулж байгааг хүүхэд ажиглаж, дуурайж, өөртөө шингээж авдаг. Иймээс хүүхдийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварт ээжийн зан төлөв ааваас илүү нөлөө үзүүлэх нь элбэг. Харин 7 нас хүрэх үед хүүхэд өөрийн гэсэн зан чанартай болж сэтгэл хөдлөлөө зохицуулах анхны чадваруудаа эцэг эхээсээ сурсан байдаг. Цаашдын амьдралдаа хэрэглэх суурь чадваруудынхаа ойролцоогоор 70 хувийг энэ насанд эзэмшсэн байдаг гэж ойлгож болно.
Тархины хөгжлийн хувьд авч үзвэл тархины ар хэсэг буюу дагзны орчим хүзүүтэй холбогддог хэсэг нь хүний биеийн автомат үйл ажиллагааг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, бидний амьсгалах, унтах, зүрх цохилох, бие махбодь өөрийгөө нөхөн сэргээх зэрэг биднээс хамааралгүй автоматаар явагддаг үйлдлүүдийг энэ хэсэг зохицуулж байдаг. Харин тархины гадна талын үрчгэр бүтэцтэй хэсэг нь бидний сэтгэн бодох, шийдвэр гаргах, ойлгох чадварыг хариуцдаг. Энэ хэсэг идэвхтэй хөгжсөн байх тусам илүү сайн ажилладаг. Сэтгэл хөдлөлийг зохицуулдаг хэсэг нь энэ үрчгэр давхаргын доод талд байрлах бөгөөд хүний баярлах, уурлах, айх зэрэг мэдрэмжүүдийг хариуцдаг.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ өгч болох хамгийн том бэлэг бол өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг зөв, эрүүлээр зохицуулж сурах нь юм.
Учир нь, хүүхэд амьдралынхаа эхний 5-7 жилд сэтгэл хөдлөлөө бүрэн зохицуулах чадваргүй байдаг. Тиймээс эцэг эхийнхээ сэтгэл хөдлөлийг "зээлж" хэрэглэдэг гэж хэлж болно. Хэрэв эцэг эх тайван, тогтвортой байвал хүүхэд мөн адил тайван байдлаар өөрийгөө зохицуулж сурна. Харин эсрэгээрээ байвал тэрийг ч мөн дуурайдаг. Тиймээс эцэг эх хүн өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, зөвөөр илэрхийлж, эрүүлээр зохицуулж сурах нь хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөөтэй зүйл юм.
-Дижитал хэрэглээ нь бага насны хүүхдийн хөгжилд ямар нөлөө үзүүлдэг вэ. Нас насанд нь ямар хязгаар зөвлөх вэ?
-Одоогийн байдлаар АНУ-д мэдрэл судлаачид хүүхдийг дор хаяж хоёр нас хүртэл нь телевиз, гар утас зэрэг ямар ч дэлгэц үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. Үнэндээ америк эцэг эхчүүдийн ихэнх нь энэ зөвлөмжийг дагаж, хүүхдээ хоёр нас хүртэл дэлгэцээс хол байлгахыг хичээдэг. Ер нь хөгжлөө дагаад эцэг эхчүүдийн боловсрол, мэдээлэлд хандах хандлага ч илүү өндөр түвшинд хүрсэн байдаг. Харин манай улсын нөхцөлд ихэнх эцэг эхчүүд хүүхдээ хоёр нас хүрэхээс нь өмнө гар утас, дэлгэц үзүүлчихсэн байдаг. Нийтлэг хандлага нь ийм болсон учраас үүнийг бүрэн зогсоох амаргүй. Гэхдээ хамгийн чухал нь огт хяналтгүй байлгах биш, тодорхой хэмжээнд хязгаарлаж сурах юм. Жишээлбэл, 3–4 настай хүүхдэд өдөрт нэг цагаас илүү телевиз, дэлгэц үзүүлэхгүй байхыг зөвлөдөг.
Дэлгэц яагаад сөрөг нөлөөтэй вэ гэвэл хүүхэд хурц тод өнгө, хурдан солигдох дүрс бүхий контент үзэх үед тархинд нь допамин буюу “аз жаргалын гормон” ялгардаг. Энэ мэдрэмжийг дахин авахын тулд хүүхэд дэлгэц рүү дахин дахин татагдаж, улмаар донтох хандлагатай болдог.
Хэрвээ бага наснаас нь дэлгэцэнд хэт дасгавал хүүхэд цэцэрлэг, сургуульд орох үед анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болж амархан сарнидаг. Мөн уйдаж, өөрөө тоглож, юм сонирхож туршиж үзэх чадвар нь сул болдог. Уг нь хүүхэд бага насандаа орчноо судалж, сониуч зангаа хөгжүүлж байх ёстой үе дээрээ дэлгэцэнд хэт автах нь сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ухаалаг гар утсыг хүүхдэд аль болох 11–12 наснаас нь хэрэглүүлэх нь зөв гэж үздэг. Ер нь дэлгэцтэй харьцах насыг аль болох хойшлуулах тусам хүүхдийн тархины хөгжилд эерэг нөлөөтэй бөгөөд нийгмийн харилцаанд илүү идэвхтэй, зөв оролцох суурь нь болдог.
-Шийтгэлд суурилсан хүмүүжил ба харилцан ойлголцолд суурилсан хүмүүжлийн тархинд үзүүлэх ялгаа юу вэ?
-Одоогийн байдлаар мэдрэл судлал болон сэтгэл судлалын шинжлэх ухаанд шийтгэл нь хүүхдэд бодит үр дүн өгдөггүй, ямар нэгэн чадвар заадаггүй гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Хүүхдийг айлган сүрдүүлж шийтгэх нь тухайн мөчид л нөлөөлдөг болохоос амьдралд хэрэгтэй ур чадвар суулгаж өгдөггүй. Хүүхэд шийтгүүлсэн үедээ ээж ааваасаа айсандаа, эсвэл гарах үр дагавраас эмээснээсээ болж түр хугацаанд үгэнд ордог. Гэхдээ энэ арга нь зөвхөн бага насанд л тодорхой хэмжээнд ажилладаг. Харин хүүхэд өсөж томрох тусам, ялангуяа өсвөр насанд хүрэх үед шийтгэл эсрэг нөлөө үзүүлж эхэлдэг. Илүү ууртай, зөрүүд болж өмнөх шигээ айж дагахаа больдог.
Тиймээс урт хугацаанд үр дүнтэй арга нь айдас дээр тулгуурлах биш харин ойлгуулж, тайлбарлах нь юм. Яагаад тухайн зүйлийг хийх ёстой вэ, яагаад эцэг эхийн үгэнд орох шаардлагатай вэ, энэ нь өөрт нь ямар ашигтай вэ гэдгийг хүүхдийн насанд тохирсон, ойлгох хэлээр нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд зөвхөн айсандаа биш, өөрөө ойлгосондоо үндэслэн дагах хүсэлтэй болдог. Ер нь хүүхэд өөрөө ойлгож, ухамсарлах нь хамгийн чухал.
-Хүүхдийн анхаарал төвлөрөл, өөрийгөө удирдах чадварыг багаас нь хэрхэн хөгжүүлэх вэ?
-Хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг хамгийн сайн хөгжүүлэх боломж нь төрснөөс нь эхлээд гурван нас хүртэлх эхний гурван жилд байдаг. Энэ үе маш чухал учраас эцэг эхчүүд анхааралтай хандах хэрэгтэй. Юуны түрүүнд хүүхэд уйдсан үед нь шууд утас өгч аргацаахгүй байх нь чухал. Харин оронд нь цэцэрлэгээс тараад ирсний дараа аль болох хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, гадаа гарах, тархийг нь хөгжүүлэх тоглоом тоглох, ном уншиж өгөх, усанд оруулах зэрэг энгийн үйлдлүүд хүүхдийн хөгжилд маш их нөлөөтэй.
Мөн хүүхдийг уйдах боломжийг нь зориуд хаахгүй, харин ч зөвшөөрөх хэрэгтэй. Уйдах нь муу зүйл биш харин ч хүүхэд уйдсан үедээ өөрийгөө хэрхэн завгүй байлгах вэ гэдгээ бодож эхэлдэг. Энэ нь сэтгэн бодох, төсөөлөх, өөрөө өөртөө тоглоом зохиох чадварыг хөгжүүлдэг. Хүүхэд ямар нэг зүйлд төвлөрөөд тоглож байвал анхаарлыг нь сарниулахгүй байх нь маш чухал. Тэр мөчид хүүхэд өөрийн төвлөрөх чадварыг хөгжүүлж байдаг учраас дунд нь тасалдуулах нь сөрөг нөлөө үзүүлдэг. Товчхондоо, хүүхдийг байнга завгүй байлгах гэж яарах хэрэггүй. Харин ч уйдах, өөрөө тоглох, төвлөрөх боломжийг нь олгосноор анхаарал төвлөрөх чадвар нь илүү сайн хөгждөг.
-Та энэ чиглэлийг сонгох болсон шалтгаан юу байсан бэ? 
-Би өөрөө ээж болоод хүүхдээ яаж хамгийн зөв, хамгийн сайнаар өсгөх вэ гэж их боддог болсон. Монголд улсын эмнэлэгт төрж байсан. Тэр үед анх удаа ээж, аав болж байгаа хүмүүст зориулсан ямар нэгэн системтэй мэдлэг, мэдээлэл, гарын авлага байгаагүй. Эмнэлгээс ч, өрхийн эмнэлгээс ч хүүхдийг хэрхэн асрах, хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгдөггүй, зөвхөн хүүхдээ яаж хөхүүлэх тухай л зааж өгч байсан.
Тэгээд яг хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байсан. Хүүхэд уйлвал яах вэ гэх мэт зөвхөн өнгөн талын, энгийн хариулт биш илүү сууриас нь ойлгомоор санагдсан. Яагаад уйлж байна вэ энэ зан авирын цаана юу явагдаж байна вэ гэдгийг ойлгож байж зөв хариу үйлдэл үзүүлнэ гэж бодсон. Тиймээс энэ сэдвийг илүү гүнзгий судлах хэрэгтэй юм байна гэж үзээд мэдрэл судлал буюу тархи судлалын чиглэл рүү орсон юм.
-Эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа юу вэ?
-Өнөөдөр ихэнх ээж, аавууд хүүхдүүдтэйгээ хангалттай цагийг өнгөрүүлж чаддаггүй. Амьдралын төлөө зүтгэж, завгүй ажиллаж, гэр бүлийнхээ анхан шатны хэрэгцээг хангахын тулд бүх цагаа зориулж байна. Хүүхдээ бусдаас дутаахгүй өсгөхийг хичээдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс гадна хүүхдэд сэтгэл санааны хэрэгцээ гэж маш чухал зүйл байдаг.
Харамсалтай нь хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, манай хүүхэд хаана, хэнтэй, юу хийж явна вэ, ямар зан авир гаргаж байна вэ гэдгийг ажиглаж, сонирхдог эцэг эх харьцангуй цөөн байна. Хүүхдийнхээ амьдрал руу өнгийж, ярилцаж, хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэхгүй байх нь хамгийн том алдаа гэж хардаг.
Зарим үед хүүхэд ямар нэгэн буруу зан авир гаргах үед би чиний төлөө ингэж их хичээж байхад чи... гэж зэмлэх нь бий. Гэвч энэ нь зөв хандлага биш. Хүүхэд өөрөө төрье гэж гуйгаагүй шүү дээ. Тиймээс эцэг эхийн үүрэг бол зөвхөн материаллаг хэрэгцээг хангах биш, сэтгэл санааны дэмжлэг, хайр, анхаарлыг ч мөн адил өгөх явдал юм.
Хүүхдэд хувцас, хоол, эд зүйлс хэрэгтэй нь үнэн. Гэхдээ үүнээс дутахааргүй чухал зүйл бол ээж аавтайгаа хамт байх, ярилцах, ойлголцох тэр цаг хугацаа юм. Тэр л хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
-Таны мэргэжлийн туршлагад хамгийн сэтгэл хөдөлгөсөн тохиолдол юу байв?
-Сурагчдаасаа маш сайхан, урам өгсөн мессежүүдийг хүлээж авах нь юм. Манай сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь ээжүүд байдаг. Тэд сургалтаас сурсан зүйлээ хэрэгжүүлээд, ингэж үзсэн чинь үр дүн гарлаа гээд ахиц дэвшлээ хуваалцсан сэтгэл шингэсэн зурвас явуулахад нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг.
Харин Америк дахь ажлын хувьд, өөр төрлийн сорилтуудтай тулгардаг. Удаан хугацаанд ажилгүй байсан эсвэл архи, тамхины хамааралтай болсон эцэг эхчүүдтэй уулзах үе бий. Санхүүгийн боломжгүйгээс сургалтад хамрагдаж чаддаггүй хүмүүстэй очиж уулзаад, хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаар зөвлөгөө өгөхөд тэдний хүлээж авч байгаа хандлага, өөрчлөгдөхийг хүсэж байгааг нь харах үнэхээр урам өгдөг.
-Хүүхдийн хүмүүжилд аав, ээжийн үүргийн ялгаа бий юу?
-Өмнө нь хэлсэнчлэн хүүхдийн амьдралын эхний 0–7 насанд ээжийн үүрэг хамгийн чухал байдаг. Энэ үед ээж хүүхдэд хайр халамж, ойр дотно харилцааг өгч, чи аюулгүй, чи хайрлагдсан гэсэн мэдрэмжийг бий болгодог. Мөн хүүхэд сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах, уураа барих, бусдыг өрөвдөж энэрэх зэрэг чухал чадваруудыг ихэвчлэн ээжээсээ сурч авдаг. Харин 7–14 насанд аавын үүрэг илүү чухал болж эхэлдэг. Энэ насанд хүүхдийг өөрийнх нь тухтай бүсээс бага багаар гаргаж, шинэ зүйл туршиж үзэхэд уриалах нь аавын үүрэг гэж ойлгож болно. Жишээлбэл, спорт, урлагийн дугуйланд хамруулах, шинэ чадвар эзэмшүүлэх, сорилтод уриалах зэрэгт аавын оролцоо их нөлөөтэй байдаг.
Хүйсийн хувьд авч үзвэл, охин хүүхэд аавыгаа харж өсөхдөө эрэгтэй хүн гэж ямар байдаг вэ гэсэн анхны ойлголтоо бүрдүүлдэг. Тиймээс аав нь охиндоо эерэг үг хэлж чи хөөрхөн, чи авьяастай, чи үнэ цэнтэй гэх мэтээр өөртөө итгэх итгэлийг нь дэмжих нь маш чухал. Харин хөвгүүдийн хувьд аав нь үлгэр дуурайл болдог. Тэд аавынхаа үйлдэл, зан байдлыг ажиглаж, дуурайж өсдөг учраас аавын өдөр тутмын хандлага, зан төлөв маш их нөлөө үзүүлдэг. Хүүхэд 14–18 насанд хүрэх үед аав, ээжээсээ бага зэрэг хөндийрч, найз нөхдийн нөлөө илүү нэмэгдэж эхэлдэг. Тиймээс хүүхдийн 0–14 нас хүртэлх хугацааг хамгийн чухал үе гэж үзэж, энэ хугацаанд нь хайрлаж, ойлгож, зөв чиглүүлж, суурь хүмүүжил, чадваруудыг нь төлөвшүүлэхэд анхаарах нь чухал юм.
-Орчин үеийн нийгэмд хүүхдийн хүмүүжилд тулгарч буй хамгийн том сорилт юу вэ?
-14–18 насны хооронд хүүхэд ихэвчлэн нийгмээ дагаж, өөрийгөө олох үе рүү ордог. Энэ үед найз нөхдийн нөлөө маш хүчтэй болдог. Тиймээс эцэг эхчүүд 14 нас хүртэлх хугацаанд нь суурь хүмүүжил, үнэт зүйл дээр нь сайн анхаарвал хүүхэд дараа нь буруу хүмүүсийг дагаж, буруу зам руу амархан хазайх эрсдэл багасдаг.
Зарим улс орон энэ асуудалд аль хэдийнэ анхаарч эхэлсэн байдаг. Жишээлбэл, Австралид 16 нас хүртэл сошиал медиаг ашиглахыг хязгаарласан бодлого хэрэгжиж байгаа. Ер нь сошиал орчин өөрөө хүүхдийн хувьд маш их нөлөөтэй зарим талаараа хортой орчин болж байгаа нь үнэн. Тиймээс хэзээ Монголд ийм төрлийн зохицуулалт орж ирэхийг хэлж мэдэхгүй ч эцэг эхийн хувьд одооноос л анхаарах шаардлагатай.
Наад зах нь хүүхдэд дор хаяж 13 нас хүрснийх нь дараа сошиал аккаунт нээж өгөх талаар бодож болох юм. Мөн хамгийн чухал нь хүүхэд цахим орчинд юу харж, хэнтэй харьцаж байгааг бүрэн хянах боломж эцэг эхэд байдаггүй. Тиймээс фэйсбүүк зэрэг платформ дээр "хүүхдийн тохиргоог" хийж, сөрөг контент, тохиромжгүй мэдээллүүд гарч ирэхгүй байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Учир нь хүн юу үзэж, юу сонсож байгаагаараа хандлага нь өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийн цахим орчны хэрэглээнд анхаарах нь өнөө үед маш чухал зүйл болсон.
-Хүүхдийг багаас нь бие даалгах ба хамгаалах хоёрын тэнцвэрийг яаж олох вэ?
-Хүүхдийн өмнүүр орж бүх зүйлийг нь хийж өгөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүүхэд 3–4 настай байсан ч ялгаагүй, өөрийнх нь нас, чадварт тохирсон зүйлсийг өөрөөр нь хийлгэж сурах нь маш чухал. Ингэснээр хүүхэд багаасаа бие даах чадвартай болж эхэлдэг. Мөн хүүхдийг байнга урамшуулах хэрэгтэй. Чи чадна шүү, чи чаддаг шүү дээ, хамт хийе, би туслая гэх мэтээр дэмжиж, өөрөө хийх боломжийг нь өгч байх нь хүүхдэд амьдралд хэрэгтэй чадваруудыг суулгадаг.
Үүний зэрэгцээ хүүхдэд өөрийгөө хамгаалах талаар ч бас зааж өгч болно. Ялангуяа цэцэрлэг, сургуульд явж эхэлснээс хойш хүүхдүүдийн дунд дээрэлхэл, гадуурхалт гэх асуудал гардаг учраас өөрийгөө хамгаалах, үгүй гэж хэлж сурах, өөрийнхөө хил хязгаарыг мэддэг байх нь чухал. Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох үндэс нь бие даасан байдал байдаг. Хүүхэд өөрөө юм хийж сурч, бага багаар бие даах тусам өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, чадварлаг, тогтвортой зан чанартай болж хөгждөг.
-Сэтгэл гутрал, түгшүүртэй хүүхдүүд нэмэгдэж байгаа тухай яригдаж байна. Үүний шалтгаан юу вэ?
-Хүүхдийн сэтгэл түгших байдал зарим тохиолдолд эцэг эхийн харилцаатай холбоотой байж болдог. Тиймээс хүүхдийн гаргаж байгаа тодорхой нэг үйлдэлд хэт их санаа зовохоос илүүтэйгээр, хүүхэд гэртээ ямар орчинд өсөж байна вэ гэдэгт хамгийн их анхаарах хэрэгтэй. Хүүхэд таны хэлсэн үгийг бүрэн санахгүй байж болно. Харин таны өдөр тутам хийж байгаа үйлдэл, хандлагыг ажиглаж, түүнийг л дуурайж сурдаг. Тиймээс хэлэхээс илүү үлгэрлэх нь хүүхдийн хүмүүжилд илүү нөлөөтэй байдаг.
Хэрвээ хүүхэд эрүүл бус, стресс ихтэй, хортой орчинд өсвөл сэтгэл түгшилттэй болох эрсдэл нэмэгддэг. Энэ нь цаашдаа насанд хүрсэн үедээ сэтгэл түгшлийн эмгэг болон тогтох магадлалтай. Мөн сэтгэл гутрал нь хүүхдийн өөртөө итгэх итгэлтэй шууд холбоотой байдаг. Тиймээс хүүхдийг аль болох идэвхтэй байлгах нь чухал. Спортоор хичээллэх, хөдөлгөөнтэй байх үед биеэс стрессийн даавар гадагшилж, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ хангалттай хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл хөгжилд чухал үүрэгтэй.
-Ирээдүйн эцэг эхчүүдэд өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ?
-Хүүхдийн оюуны мэдлэгт анхаараасай гэж их хүсдэг. Гэхдээ үүнийг зөвхөн математик, хэл сурах, компьютер эзэмших гэх мэт уламжлалт ойлголтоор хязгаарлаж ойлгох нь өрөөсгөл юм. Үүнээс илүү чухал зүйл бол сэтгэлийн боловсрол байдаг. Мөн эцэг эх өөрсдийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт өсөж, хамт суралцах нь маш чухал. Зөвхөн хүүхдийг сургах биш, өөрөө ч бас шинэ зүйлсийг сурч, ойлгож, өөрийгөө хөгжүүлж байх нь хүүхдэд хамгийн том үлгэрлэл болдог. Хүүхэдтэйгээ адил хурдаар шинэ зүйлсийг хамтдаа сурч, хамтдаа туршиж, хамтдаа өсөж байж л гэр бүлийн орчин илүү эрүүл, ойлголцолтой болдог. Ингэснээр хүүхэд зөвхөн мэдлэгтэй биш, сэтгэл зүйн хувьд ч илүү тогтвортой, зөв хандлагатай хүн болж төлөвшдөг.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн