Оюу толгой ордыг цахилгааны эх үүсвэрээр хангах Тавантолгой дулааны цахилгаан станцын ажил гацаад олон жил болж байна. 2023 онд ажил нь эрчимжиж байсан ч зарласан тендер нь бүтэлгүйтээд таг зогсож байсан удаатай. Тухайн үед Митайм Интернэйшнл ХХК хэмээх Камбожийн компани гүйцэтгэгчээр шалгарч байсан ч цаасан дээрх компани байж болзошгүй гээд тендер нь бүтэлгүйтсэн. Гэтэл өдгөө Митайм Интернэйшнл ХХК нийслэлийн 24 мега төслийн нэг болох ТЭЦ-5 төслийн гүйцэтгэгчээр шалгарч, аль хэдийнэ гэрээ байгуулжээ.
Камбожийн улсын бүртгэлийн мэдээллээс харвал тус компани нь 2018 онд байгуулагдсан. Бүртгэлд барилга байгууламж барих, нураах /орон сууцны бус/, төрөлжсөн бөөний худалдаа, зураг төсөл боловсруулах, инженерийн үйлчилгээ үзүүлэх, далан байгуулах, авто зам болон төмөр зам барих, тоног төхөөрөмж түрээслүүлэх, үйлдвэрийн машин тоног төхөөрөмж суурилуулах чиглэлд үйл ажиллагаа явуулах эрхтэйг дурдсан байна. 2018-2022 онд Mitime (Cambodia) Co хэмээх нэртэй байсан бол 2023 оноос Mitime International болгон өөрчилжээ. Тус компани Камбож улсын нийслэл Пномпень хотод бүртгэлтэй байна. Митайм интернэйшнл ХХК нь Монгол Улсад Митайм Монголиа ГХОХХК нэрээр ажилладаг, манай улсад үйл ажиллагаа явуулахаар 2022 оны зургадугаар сард бүртгүүлсэн. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд авто машинаар ачаа тээвэрлэх, эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх, бөөний худалдаа эрхлэх зэрэг байгаа юм.
Тэд 2023 онд Тавантолгой ДЦС-ын тендерт оролцож байхад
450 МВт-аас дээш хүчин чадалтай станц барьсан туршлагагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон.
Мөнгө угааж, залилан хийдэг, цаасан дээрх компани байж болзошгүй.
Тендерт оролцохдоо хөрөнгөө хэрхэн босгох талаар бүрэн судлаагүй.
Тендерийн бичиг баримт нь үндсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлүүдээр тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй болж байжээ.
Тухайн үед гарч байсан нийтлэлийг ЭНД дарж уншина уу. Нийслэлд нийтдээ 24 мега төсөл хэрэгжинэ. Үүний 6-ынх нь гүйцэтгэгчээр Франц, Хятад, Камбож зэрэг гадаадын улсуудаас шалгарсан байна. Гэтэл нэг төслийг нь л бариад судлаад үзэхэд цаасан дээрх компани байж болзошгүй байгаа юм. Цаасан дээрх компани гэдэг бол мөнгө угаах нэг хэрэгсэл болж, төслийг гацаадаг гэмтэй. Ингээд үлдсэн 5 гүйцэтгэгчийг мөн судалж үзье.
Уг төслийг Францын Засгийн газар батлан дааж, Пома групп гүйцэтгэж байна. Засгийн газар батлан даасан гэдэг утгаараа цаасан дээрх компани байх эрсдэлгүй байгаа юм.
Улаанбаатар метроны нэгдүгээр шугамыг барих ТЭЗҮ батлагдсан. Төсөл нь хоёр гүйцэтгэгч шалгаруулах бөгөөд нэг нь шалгарсан. Үүнд,
Dohwa Engineering Co.Ltd бол Монголд анх удаа төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа биш. 2021 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн хүрээнд "FIDIC Engineering Supervision" буюу инженерийн хяналтын зөвлөхөөр сонгогдож байжээ. Dohwa Engineering нь энэхүү замын ажлыг өөрөө бариагүй, харин захиалагч тал буюу Зам тээврийн яамыг төлөөлж, барилгын компаниудын ажилд хяналт тавьж, стандарт мөрдүүлдэг зөвлөхийн үүргийг гүйцэтгэсэн. БНСУ-ын Сөүл хотноо байршдаг, нийт 2500 гаруй инженер, техникийн ажилтантай. Солонгосын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн ХаоЮань групп шалгарч, өнгөрсөн гуравдугаар сард барилгын ажил албан ёсоор эхэлсэн. Тус компани нь Хятад, Малайз, Серби, Ангол зэрэг улсад дэд бүтэц, хурдны замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай гэж төслийн танилцуулгад дурдсан байна. Үүнээс Сербийн хурдны замын 253 км үргэлжлэх 4 төслийг амжилттай гүйцэтгэсэн мэдээлэл байгаа юм.
Гэтэл тус компанийн талаарх мэдээлэл эрэн сурвалжлах ergelt.mn сайтад нийтлэгдсэн байна. Нийтлэлд ХаоЮань групп өмнө нь China Hyway Group Limited нэртэй компани байсан бөгөөд 17 жилийн өмнө Монголд орж ирсэн талаар дурджээ. Тодруулбал, тус компани нь 10-аад жилийн өмнө Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км зам засах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ч төдийлөн сайн гүйцэтгээгүй. 3.4 км зам олигтой засаж чадаагүй компани 32 км Туулын хурдны замыг барина гэхээр эргэлзээ төрөх учир нэрээ ийн сольсон гэж нийтлэлд дурдсан байна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлнэ. Нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулсан. Таван багц ажлын I, II багц ажлын тендерийг зарлаж, Хятадын хоёр компани шалгарсан.
Тус компанийг судалж үзэхэд, компанийн хөрөнгө оруулагч нь China Second Metallurgy Group Co., Ltd байна. 1956 онд байгуулагдсан бөгөөд инженерийн төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг. Мөн дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтдаг Хятадын Металлургийн Групп Корпорацийн (MCC) охин компани юм.
Тус групп нь 2012 оны эцэс гэхэд 616 сая юань буюу 99.24 сая ам.долларын дүрмийн сантай, 61 тэрбум юанийн хөрөнгөтэй бөгөөд 6373 ажилтантай, 300 үндэсний мэргэшсэн архитектор, 2604 мэргэжилтэн, 1467 техникийн ажилтан, 5105 тоног төхөөрөмж, төхөөрөмжтэй юм байна.
Тус компанийг шалгаж үзэхэд, China Construction Sixth Engineering Bureau Corp., Ltd. (товчлолоор CSCEC Sixth Engineering Bureau) нь Fortune Global 500 жагсаалтад багтдаг China State Construction Engineering Corporation-ийн харьяа гол тулгуур гишүүн аж ахуйн нэгж ажээ. Компанийн төв байр нь Тяньжин Бинхай шинэ бүсийн Ханжоу замын 72 тоотод байрладаг. Энэ нь 1987 оны 4-р сарын 27-нд байгуулагдсан. Төрийн өмчит томоохон барилгын аж ахуйн нэгж энэхүү компани нь 6,277,946,464.3 юанийн бүртгэлтэй хөрөнгөтэй. 2025 оны байдлаар 15 охин компани, 12 мянга гаруй ээлжийн ажилтан, 1700 гаруй бүртгэлтэй барилгын инженертэй гэж мэдээлэлдээ дурджээ.
Гүйцэтгэгч компаниуд 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд эхний 4400 орчим айлын орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний барилгуудыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц
2025 оны наймдугаар сард Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц буюу 24 МВт чадалтай дулааны станц, бохир ус цэвэрлэх байгууламжийг ажлыг Хятадын Хуа Зи технологи ХХК, Хуа Ши Энержи Индастри ХХК компаниудын түншлэл гүйцэтгэхээр гэрээлсэн байна.
Хуа Зи технологи компани нь эрчим хүч, усны нөөцийн менежмент, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг. 1993 онд байгуулагдсан, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Жижиг дунд хэмжээний усан цахилгаан станцын автоматжуулалтаар мэргэшсэн байгууллага аж. Дэлхийн 70 гаруй улсад 10 мянга гаруй хэрэглэгчтэй.
Хуа Ши Энержи Индастри компани нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний салбарт 30 гаруй жилийн туршлагатай, Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани байна.
Эдгээрээс харахад, одоогийн байдлаар гүйцэтгэгч нь шалгараад байгаа зургаан мега төслөөс хоёрынх нь гүйцэтгэгч цаасан дээрх компани байж болзошгүй, тус хоёр төсөл гацах эрсдэл өндөр байна. Энэ бол Туулын хурдны зам, ТЭЦ-5 гэсэн хоёр төсөл юм.
Туулын хурдны зам төслийн хувьд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажлыг нь түр зогсоон шалгаж байгаа. Харин ТЭЦ-5 төслийн ажил үргэлжилж байна.