Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

А.Амартүвшин: Нийслэл, дүүргүүд үйлчилгээний байгууллага учраас нэг өдөр цахимаар ажиллахад хүндрэл учирч болзошгүй

А.Амартүвшин:  Нийслэл, дүүргүүд үйлчилгээний байгууллага учраас нэг өдөр цахимаар ажиллахад хүндрэл учирч болзошгүй
Нийтэлсэн 1 минутын өмнө
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шуурхай зөвлөгөөний хурал дээр Засгийн газрын төрийн албан хаагчдыг нэг өдөр зайнаас ажиллуулах тогтоолын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн хоногт шилжих үүрэг даалгавар өгсөн. Тус шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрээр “Шуурхай зөвлөгөөний хурлаар төрийн албан хаагчдын ажлын долоо хоногийг дөрөв болгох асуудлыг ярьсан. Одоогоор хоёр үндсэн хувилбар яригдаж байна.
Нэгдүгээрт, долоо хоногийн тодорхой нэг өдрийг бүхэлд нь цахим болгох зохицуулалт. Жишээлбэл, нэг, хоёр дахь өдөр оффист ажиллаад, гурав дахь өдөр Засгийн газрын хуралтай давхцуулах байдлаар нийслэл, дүүргүүд бүгд цахимаар ажиллана. Харин дөрөв, тав дахь өдөр оффисдоо ажиллах.
Хоёрдугаарт, ажилтнуудыг ээлжлэн буюу сөөлжилж ажиллуулах. Тухайлбал, 10 ажилтантай байгууллагын тав нь оффист, тав нь цахимаар ажиллах, эсвэл өдөр өдөрт нь хуваарилан зарим нь цахим, зарим нь танхимаар ажиллах байдлаар зохион байгуулж болно.
Гэхдээ хамгийн чухал нь иргэдэд үзүүлэх үйлчилгээ. Хэрэв иргэн үйлчилгээ авахаар ирэхэд тухайн мэргэжилтэн цахимаар ажиллаж байвал маргааш ирээрэй, нөгөөдөр ирээрэй гэх хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тиймээс аль хувилбар нь иргэдэд хамгийн бага төвөг учруулах вэ гэдгийг судалж байна.
Ажлын дөрвөн өдрийн горимыг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Тиймээс дээрх хоёр хувилбараас аль нь илүү оновчтой вэ гэдгийг нягталж шийдэх юм. Жишээлбэл, долоо хоног бүрийн нэг өдрийг бүхэлд нь цахим болговол иргэдэд ойлгомжтой байна. Тэр өдөр заавал очих шаардлагагүй. Харин сөөлжилсөн хувилбарын хувьд иргэд аль мэргэжилтэн өнөөдөр оффист байгаа, хэзээ цахимд шилжих гэх тодорхойгүй байдал үүсэх магадлалтай.
Нийслэлийн хувьд бүх байгууллагыг нэг өдөр цахимд шилжүүлэхэд зарим онцлог бий. Яамд бол бодлогын байгууллага учраас цахимд шилжих боломжтой. Харин нийслэл, дүүргүүд бол үйлчилгээний байгууллага. Иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой. Хог цэвэрлэгээ, нийтийн үйлчилгээ зэрэг нь долоо хоногийн 7 өдөр тасралтгүй үргэлжилдэг. Улаанбаатар хотод амралтын өдөр гэж байхгүй. Мөн зарим салбарт цахим хэлбэр тохирохгүй юм. Жишээлбэл, эмнэлэг, сургууль, ТҮК, нэг цэгийн үйлчилгээ, нийтийн тээвэр зэрэгт зайлшгүй биечлэн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Одоогоор ч өрхийн эмнэлгүүдэд эмчийн дутагдал байгаа нөхцөлд цахимаар үзлэг хий гэх боломжгүй.
Тиймээс дөрвөн өдрийн ажлын горимд шилжсэн ч менежмент, зохион байгуулалтыг маш сайн хийх шаардлагатай байгаа. Ялангуяа ойрын хугацаанд зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Сургууль, цэцэрлэгийн засвар сарын дараа эхлэнэ. Энэ цаг үед ажлын цагийн зохицуулалт маш чухал асуудал болж байна. Бид аль хувилбарыг сонгох нь иргэдэд хамгийн бага хүндрэл учруулахаар байна тэгэж л шийднэ” гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн