Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бүсээ чангалах тухай яриа улам бүр нэмэгдэж байна. Энэ асуудлаар эдийн засагч Г.Батзоригоос өрх, бизнес, улсын түвшинд ямар өөрчлөлт хийх шаардлагатай талаар тодрууллаа. Тэрээр бүсээ чангална гэдэг зөвхөн зардал танах ойлголт биш, харин бүх түвшинд төлөвлөлт, бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гэдгийг онцолж байна.
-Эдийн засаг хүндрэлтэй энэ үед иргэд, аж ахуй нэгжүүд, улс орны түвшинд юун дээр анхаарч, “хэрхэн бүсээ чангалах” шаардлагатай вэ?
-Ер нь бүсээ чангалах гэдгийг зөвхөн зардал танах гэж ойлгож болохгүй. Ирэх жилүүдэд бүсээ чангалах гэхээс илүү өрхүүд төлөвлөлттэй болох, бизнесүүд экспорт руу чиглэх, улс стратегийн нэгдмэл бодлоготой байх нь хамгийн чухал байна.
-Тэгвэл өрхийн түвшинд хамгийн түрүүнд юуг өөрчлөх ёстой вэ?
-Өрхийн түвшинд, хамгийн чухал нь санхүүгийн төлөвлөлт хийх юм. Өнөөдөр ихэнх өрх, орлого зарлагаа бүрэн хянадаггүй, хуримтлал үүсгэхгүй байна. Санхүүгийн 100 гаруй бүтээгдэхүүн байлаа гэхэд дийлэнхдээ зээл л хэрэглэж, өөрсдийгөө дарамтад оруулж байна. Эдгээр жилүүдэд хүүхдийн боловсрол, тэтгэврийн бэлтгэл зэрэг урт хугацааны зардлуудыг урьдчилан бэлтгэдэггүй. Тухайлбал, хүүхдэдээ багад нь ямар нэгэн байдлаар бодит хөрөнгө оруулахгүй байж байгаад 18 нас хүрэхэд нь цалингийн зээл авч төлбөрийг төлдөг. Цаашид үүнийг давтахгүйгээр төлөвлөж сурмаар байна. Ингэхдээ
тогтмол хуримтлал үүсгэдэг байх
орлогоо нэмэгдүүлэх дээр анхаарах
хөдөлмөрийн зах зээл дээр орлуулшгүй ур чадвартай болох нь чухал.
Өөрөөр хэлбэл, орлого-зарлага-хуримтлал-хөрөнгө оруулалт гэсэн суурь ойлголтоо зөв удирдах хэрэгтэй. Ингэж чадвал нийгмийн бусад суурь асуудал ч цэгцрэх юм. Өнгөрсөн 10 гаруй жил банк хүмүүст хадгаламж, зээл гэдэг бүтээгдэхүүн зарлаа. Гэхдээ нэг ч байгууллага санхүүгийн боловсрол, төлөвлөлт гэж юу байдаг талаар зааж өгөөгүй. Бид одооноос үүнийг хийж эхлэхгүй бол оройтно.
-Бизнесүүдийн хамгийн том алдаа юу байна, үүнийг хэрхэн яаж шийдэх ёстой юм бэ?
-Монголын ихэнх бизнес дотоодын зах зээл дээр өрсөлдөж байгаа ч гадагшаа чиглэсэн, валютын орлого авчрах бүтээгдэхүүн цөөн байна. Уг нь гадагшаа бүтээгдэхүүнээ гаргах нь чухал юм. Урт хугацааны тогтвортой орчин алдагдаж, долоо хоногийн дараа юу болохыг мэдэхгүй нөхцөл байдал бий болсон энэ үед бизнесийн төлөвлөгөөг 3-5 жил гэж тооцож гаргахаас илүү богино хугацаанд уян хатан байдлаар төлөвлөх хэрэгтэй. Түүнчлэн бизнесдээ дижитал шилжилт, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Ирээдүйд уламжлалт бүтцээрээ яваад байвал оршин тогтноход хэцүү болж байна. Геополитикийн орчин маш тогтворгүй байгаа энэ үед эрсдэлийн менежмент гэдэг зүйл хамгийн чухал. Машинаар илүү хурдтай явъя гэвэл тоормос баттай байх нь чухал байдаг. Үүнтэй ижил бизнесээ илүү хурдлуулмаар байвал тоормосоо буюу эрсдэлийн удирдлагаа сайжруулах нь зайлшгүй болж байна. Ирээдүйд хурдтай өөрчлөгдөж, дасан зохицож чадсан бизнесүүд л оршин тогтнож чадна.
-Улс ямар бодлого дээр гацаж байна вэ, цаашид ямар бодлого баримталж байж эдийн засгийн хүнд байдалд орохгүй байх вэ?
-Монгол Улс өмнөх жилүүд шиг хэт улс төржсөн, популист бодлогоор явбал хөрш орнуудын гадаад бодлогын нөлөөнд орох, цаашлаад золиос болох эрсдэлтэй. Иймээс олон улсын түвшинд нэгдмэл байр суурь, тодорхой стратегитай байх нь чухал. Ялангуяа Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөрштэйгөө ямар бодлогоор, ямар түвшинд харилцах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Саяхны жишээг харахад нүүрсний экспорт түр саатах үед Харбины гэрээг хийж гарцаа нэмсэн. Гэтэл одоо Харбины гэрээг шалга гэж ярьж байна. Улс төртэй холбоотой иймэрхүү асуудлыг дотооддоо шуурхай шийдэж, гадаад талд нэг байр суурьтай байх шаардлага бий. Бид цаашид түүхий эд экспортлогч хэвээр байх уу эсвэл Apple, Huawei, Samsung зэрэг компани шиг эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж дэлхийн зах зээлээс орлого олдог эдийн засаг руу шилжих үү гэдгээ шийдэх цаг болсон. Засгийн газраас эдийн засгийг солонгоруулна гэсэн зорилгын доор олон салбарын хөгжлийг зэрэг ярьж байна. Гэхдээ энд нэг суурь алдаа бий. Бид салбар зарах гээд байна уу эсвэл үүн доторх бүтээгдэхүүнийг зарах гээд байна уу. Төрийн байгууллага, гүйцэтгэх засаглал үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Эдийн засгийг солонгоруулна гэхээр уул уурхайн салбараас хамааралгүй болж аялал жуулчал, IT-ийн салбарыг хөгжүүлнэ. Ингэхийн тулд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно гэдэг. Өнгөрсөн жилүүдийн жишээнээс харахад салбарын хөгжил гэдэг зүйлийг ярихаар худлаа болоод байна. Ерөнхий ойлголтоос илүү тухайн салбарт яг ямар бүтээгдэхүүн бий болгож, дэлхийн зах зээлд гарах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Ингээд бүтээгдэхүүнээрээ валютын орлого олж чадсан компаниудаа бодлогоор тууштай дэмжье.
-Таны үзэж буйгаар корпорацыг тултал нь дэмжих нь хөгжлийн нэг гарц байх нээ?
-БНСУ-ын Самсунг компанийн жишээг авч үзье. Энэхүү компанийг үүсгэн байгуулагчийн гэр бүл хувьцааныхаа 10 хүрэхгүй хувийг эзэмшдэг. Харин 90 гаруй хувь нь олон нийт буюу тэтгэврийн сан нь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг гэр бүлийн бизнес биш Солонгосын ард иргэдийн компани. Иймээс улс орон даяараа бүтээгдэхүүнээ дэмжиж дэлхийд сурталчилдаг. Манайд үүнтэй ижил дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгээ эхлээд тодорхой болгоё. Монгол Улс үүнийг тодорхойлоогүй учраас ЖДҮ-г дэмжинэ гэж явж байгаа. Гэтэл бизнес том корпорацуудтай холбогдож байж өсөж, оршин тогтнодог. Оюутолгой дээр жишээ авахад, анх бэлтгэн нийлүүлэгч байсан жижиг компаниуд одоо монголын том групп болсон байна. Жижиг дунд бизнесийг бойжуулахын тулд экосистем бүрдүүлж, өөрөөр нь амьсгалах боломжийг олгох ёстой. Үүнийг төр биш корпорац хийнэ.Манайд өрнөж буй бодит процесс бол төрөөс хөнгөлөлттэй зээл өгч, төрөл бүрийн дэмжлэг үзүүлэхэд эрх мэдэлтэй хүмүүс төрлүүдийнхээ компаниар дамжуулан авдаг. Үүний нөлөөгөөр монголд том корпорацыг үзэн ядах сэтгэлгээ хэдийнэ гараад байна. Уг нь тэднийг дэмжих замаар жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ёстой юм. Үүнийг ажил хэрэг болгосныхоо дараа тухайн корпорацад хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж олон нийтийн статустай бол гэсэн шаардлагыг тавих нь зөв. Ингэж байж байгууллага томроход ард иргэд ноогдол ашиг, хувьцааны үнийн өсөлтийн өгөөжийг авна. Ердөө л ийм тогтолцоо хэрэгтэй.