Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайд Б.Энхтүвшинтэй шатахууны үнийн асуудлаар ярилцлаа.
-Импортлогч компаниуд шатахууны Үнийн зөвлөлийг хуралдуулж, үнэ нэмэх шаардлага тавьсан гэсэн. Үнийн зөвлөл хэзээ хуралдах вэ?
-Иран, Израил, АНУ гурван улсын дайны улмаас дэлхийн эдийн засагт нэлээд том давлагаа үүсэж байна. Энэ давлагааны нэг нь шатахууны асуудал. Ормузын хоолойгоор дэлхийн нийт шатахууны 20 хувь дамжин өнгөрдөг. Үүний 80, 90 хувь нь Зүүн Азийн орнууд руу нийлүүлэгддэг. ОХУ манайд шатахуун нийлүүлэхдээ Сингапурын биржийн үнээр өгдөг. Энэ хил үнийг ОХУ-аас өмнөх сарынхаа 25-ны дотор өгдөг. Тэгэхээр маргааш 15:00 цаг орчимд манайд хил үнийн мэдээлэл ирнэ. Үнэ ирсний дараа шатахууны Үнийн зөвлөлийг хуралдуулаар шийдсэн.
Манай импортлогчид “Үнийн зөвлөлөө хуралдуул, үнийн асуудлаа яръя” гэдэг хүсэлт, шаардлага тавьсан. Бид дөрөвдүгээр сарынхаа хил үнийг авч байгаад хурлаа хийхээр төлөвлөж байна.
Нэг, хоёрдугаар сард хил үнэ харьцангуй тогтвортой байсан бол гуравдугаар сард АИ-95 дээр 30, дизель түлш дээр 54 ам.долларын нэмэгдэлтэй авсан. Нэг, хоёрдугаар сарын нөөц дээр тулгуурлаад үнэ нэмэгдүүлээгүй.
Манай ард иргэд сайн мэдэхгүй байна уу, ямар ч байсан ярихгүй байна. Хоёрдугаар сарын эхээр дизель түлшний үнэ 310 төгрөгөөр буурсан. Одоо бол үнээ нэмье гэдэг асуудал яригдаж байгаа. Тооцоо судалгааг хийж байна. Хил үнээ харж байж асуудлыг шийдэхээс өөр аргагүй болж байна. Нэмэгдэх нь бол тодорхой болж байх шиг байна.
-Импортлогч компаниуд 1200-1500 төгрөгөөр дизель түлшний үнийг нэмэх саналаа яаманд ирүүлсэн юм байна. Ийм ихээр нэмэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөх байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ер нь бол компаниуд өндөр санал ирүүлсэн. 1000-1600 орчим төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг импортлогч компаниуд ирүүлсэн. Бид тооцоо судалгаа хийж үзэж байна. Яг одоогоор тэдээр нэмнэ гэсэн эцсийн шийдвэр гараагүй. Бид дөрөвдүгээр сарынхаа хил үнийг аваад өмнөх саруудынхаа дунджийг тооцож байгаад хэдэн төгрөгөөр нэмэхээ шийднэ.
Миний авсан мэдээллээр Япон, Солонгост шатахуун 1800-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өмнөд хөршид өнөө, маргаашдаа дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай улс ОХУ-тай найрсаг харилцаатай, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харьцдаг. Би ОХУ-ын салбарын сайдад албан тоот явуулсан. ОХУ-ын талаас “Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр ямар ч байсан таслахгүй. Энгийн АИ-92 дээр үнэ тогтворжуулсан. Бусад бүтээгдэхүүн зах зээлийн зарчмаараа явна” гэдэг хариу өгсөн.
-Одоохондоо АИ-95, дизель түлшний үнэ нэмэгдэх юм байна. 2-3 сарын дараа АИ-92-ын үнийг зах зээлийн үнээр борлуулна гэсэн байр суурийг ОХУ-ын талаас илэрхийлсэн гэсэн мэдээлэл байна?
-Бид 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл тогтворжуулсан гэрээ хийсэн. ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ажлын хэсэг гэж байдаг. Энэ гэрээнд гурван сарын хугацаанд үнийн савлагаа дээшээ доошоо 30-аас дээш хувь гарвал аль нэг талын санаачилгаар үнийн асуудлыг ярьж болно гэсэн заалттай. Гэтэл гурван сарын хугацаанд 30 хувийн өсөлт бараг гарчихлаа. Дөрөв, тавдугаар сард үнэ ямар байх вэ гэдгийг бас харна. Үүнээс шалтгаалаад аль нэг талын санаачилгаар ярих боломжтой. Түүнээс бусдаар тогтворжуулсан үнээрээ авна.
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг Засгийн газар өргөн барьсан байсан. Энэ тогтоолыг баталбал таван хувийн л хөнгөлөлт үзүүлэх үү?
-Евразийн хэлэлцээрийн таван улс хамтарсан гэрээг ОХУ, манай улс хоёроос бусад улс нь батлаагүй байна. Үүнээс болоод гаалийн татварын асуудал яригдсан. Тиймээс Засгийн газрын хурлаар гаалийн татвараас чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж дэмжүүлээд УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ баталчихвал 5 хувийн татвараас чөлөөлнө. Гол нь дизель түлш, АИ-92 шатахуун байгаа.
-Хэрвээ ийм өндөр үнээр нэмэгдэл ард иргэдэд хүнд тусна. Гаалийн албан татвараас чөлөөлөхөөс гадна татаас өгөх ч гэдэг юм уу өөр саналыг салбар яамнаас гаргах уу?
-Бид мэдээж ард иргэддээ үнийн шок бага мэдрүүлэхийг бодно. Мөн өртгийг нь сайн тооцож үнээ тогтооно. Хил үнэ дээрээ суурилж үнээ гаргана гэсэн үг. Хамгийн гол нь хангамж тасалдахгүй гэдгийг ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Гол нь үнийн асуудал байна. Гэхдээ үнийг бид шийдэхээс илүү дэлхийн зах зээлийн үнээр авна.
-Хавар дизель түлшний хэрэглээ нэмэгддэг үү. 1000 төгрөгөөр нэмэгдэхээр эдийн засагт их ачаалал үүсэх байх?
-Манай улсын шатахууны хэрэглээний 65 хувь нь дангаараа дизелийн түлш байдаг. АИ-92 27.3 хувь байдаг.
Уг нь дизель түлшний үнэ хоёрдугаар сард 310 төгрөгөөр буухад үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнээ буулгаагүй. Гэтэл одоо нэмэхээр дахиад нэмээд явчихдаг буруу тогтолцоо байна. Салбар яамны хувьд нийлүүлэлтийг тасалдахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.