БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад айлчилна гэсэн гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногт гарсан. Манай улсын хувьд БНХАУ болон ОХУ хоёрын дунд орших стратегийн “гүүр” улс учраас их гүрнүүдийн айлчлал онцгой ач холбогдолтой байдаг.
Хөрш орнуудын төрийн тэргүүнүүд тодорхой давтамжтайгаар Монголд айлчилж, харилцаагаа шинэ шатанд гаргах, бүс нутгийн бодлогоо баталгаажуулах хандлага ажиглагддаг. БНХАУ-ын даргын10 орчим жилийн зайтай давтагддаг айлчлалууд нь геополитикийн шинэ нөхцөл байдалтай уялдах элбэг.
Хятадын хувьд энэ давтамжийг тодорхой жишээгээр харж болно. 2003 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао Монгол Улсад айлчилж, хоёр улсын харилцааг идэвхжүүлэх шинэ үеийг эхлүүлж байлаа. Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 2014 онд Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Ийнхүү 2026 онд дахин айлчлах гэж байгаа нь мөн 10 гаруй жилийн мөчлөг давтагдаж байгааг илтгэнэ.
Энэ давтамж нь санамсаргүй зүйл биш юм. Харин бүс нутгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт Хятад улс Монголтой харилцах бодлогоо шинэ шатанд гаргах шаардлагатай болдог. 2003 онд Хятад эдийн засгийн өсөлтөө тэлж байсан үе бол 2014 онд “Бүс ба зам” санаачилга эхэлж, Монголыг энэ хүрээнд татан оролцуулах стратеги боловсруулсан үе байв. Харин 2026 оны айлчлал нь цар тахлын дараах шинэ эдийн засгийн орчин, геополитикийн өрсөлдөөн ширүүссэн нөхцөлд хийгдэх гэж байгаагаараа онцлог юм.
Ши Жиньпиний 2014 оны айлчлал ямар үр дүнтэй байв
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монголд хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан, стратегийн ач холбогдол бүхий үйл явдал болсон. Энэхүү айлчлалаар Монгол, Хятад хоёр зөвхөн улс төрийн итгэлцлээ бэхжүүлээд зогсохгүй эдийн засаг, дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн бөгөөд нийтдээ 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Гэвч эдгээр тохиролцооны бодит хэрэгжилт нь жигд бус, зарим нь амжилттай хэрэгжсэн бол зарим нь хүлээлтэд хүрээгүй хэвээр байна.
Юуны өмнө, айлчлалын хамгийн том улс төрийн үр дүн нь хоёр улсын харилцааг “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн явдал байв. Энэ нь Монгол, Хятадын харилцааг урт хугацаанд тогтвортой, бүх салбарыг хамарсан хамтын ажиллагаанд шилжүүлэх суурь болсон. Улс төрийн хувьд энэ зорилт бүрэн хэрэгжсэн гэж үзэж болно. Өнөөдөр ч хоёр улс өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээг тогтмол хийж, харилцаагаа стратегийн хүрээнд хадгалж байна. Гэвч эдийн засгийн хамаарлыг дагуулсан нь сөрөг тал болж илэрсэн.
Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хоёр тал худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн “гурвалсан” хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон. Энэ бодлогын хүрээнд худалдаа бодитоор өссөн боловч зорилтот түвшинд тогтвортой хүрээгүй. Харин эсрэгээрээ Монгол Улсын экспортын бүтэц Хятадаас хэт хамааралтай болж, экспортын ихэнх буюу ойролцоогоор 90 хувь нь Хятад руу чиглэх болсон нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн гэж судлаачид үздэг. Иймээс эдийн засгийн хамтын ажиллагаа тэлсэн ч тэнцвэргүй бүтэц бий болсон нь энэ бодлогын гол сул тал юм.
Дэд бүтэц, логистикийн салбарт гарсан тохиролцоонууд харьцангуй бодит үр дүнтэй хэрэгжсэн байна. Тухайлбал, Монгол Улс Хятадын хэд хэдэн боомтыг ашиглах, далайд гарцын боломжоо өргөжүүлэх, хил дамнасан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүний үр дүнд Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн төмөр зам зэрэг төслүүд бодит ажил хэрэг болж эхэлсэн бөгөөд хил, боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэж үзэж буй. Энэ нь Монголын нүүрсний экспорт, логистикийн зардалд эерэг нөлөө үзүүлсэн тул айлчлалын хамгийн амжилттай хэрэгжилтийн нэг гэж дүгнэж болно.
Харин уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийн хувьд хэрэгжилт удааширсан байдалтай байна. Айлчлалын үеэр нүүрс боловсруулах, нүүрс-хийн төслүүд болон эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан боловч эдгээр төслүүдийн ихэнх нь санхүүжилт, зах зээлийн нөхцөл, дотоод бодлогын тогтворгүй байдлаас шалтгаалан бүрэн хэрэгжээгүй байна. Үүнийг шинжээчид Монголын эдийн засгийн бодлогын орчны тогтворгүй байдал, хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байсантай холбоотой гэж үздэг.
Мөн айлчлалын хүрээнд Монголыг бүс нутгийн интеграцид татан оролцуулах, тухайлбал АПЕК-д элсэхийг дэмжих, “Торгоны зам”-ын санаачилгад нэгтгэх зорилтууд дэвшүүлсэн. Монгол Улс “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн ч бодит томоохон төслүүдийн хэрэгжилт харьцангуй удаан, хязгаарлагдмал хэвээр байна. Харин АПЕК-д элсэх зорилт өнөөдрийг хүртэл биелээгүй байна.
Ши Жиньпиний 2026 онд хийхээр хүлээгдэж буй айлчлал нь дан ганц дипломат айлчлал биш, харин Монгол–Хятадын харилцааны дараагийн мөчлөг эхлэх дохио гэж ойлгож болно. Өмнөх 2003, 2014 оны айлчлалууд шиг энэ удаагийн айлчлал ч мөн бүс нутгийн шинэ нөхцөлд Монгол Улсын байр суурь, ач холбогдлыг дахин тодорхойлох, их гүрнүүдийн бодлогын шинэ эргэлтийг илэрхийлэх магадлал өндөр байна.