Хаврын чуулганы эхний 7 хоногт л УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй өнгөрсөн 7 хоногт хуралдаж чадаагүй.УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг парламентын спикер байж болохгүй, ажлаа өгтөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд суухгүй гэдэг шийдвэрийг даваа гарагийн бүлгийн хурлаараа гаргасан. Үүн дээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан талын МАН-ын гишүүд нэмэгдэж чуулганы ирцийг бүрдүүлээгүй. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд МАН-ын дарга нар гацаанаас гарах талаар уулзалтууд хийж, шийдвэр гаргана гэж байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын бүлэг болон гомдогсдоос үл шалтгаалан УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар талынхан ирцээ бүрдүүлэх гэж хичээхээр ярьжээ. Өөрсдийн талын гишүүддээ ч хөдөө, гадаад томилолтод явахгүй ирцээ бүрдүүлэх чиглэл өгсөн байна. Гэсэн ч өнөөдрийн бүлгийн хурлынх нь ирц ч бүрдэхгүй байх магадлалтай болжээ. УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар талынхан ирцээ бүрдүүлэх гэж хичээсэн ч 64 гишүүн хүрэхгүй бол энэ 7 хоногт ч УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байна.