Open iToim app
Анализ | 4 мин уншина

Магадлалаар бол тэдний хоёр нь шалгагдаж, нэг нь шоронд орно

Магадлалаар бол тэдний хоёр нь шалгагдаж, нэг нь шоронд орно
iToim
+ Дагах
Нийтэлсэн 3 минутын өмнө
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үг бий. Улс төрд өрнөсөн үйл явдал, түүх сөхвөл энэ зүгээр ч нэг үг биш гэдэг нь батлагдана. Тухайлбал, 1992 оноос буюу анхны ардчилсан парламент бий болсон цагаас хойш Г.Занданшатарыг оролцуулаад 15 Ерөнхий сайд томилогдсон. Тэдний 9 нь буусныхаа дараа хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шорон оронд орж явжээ. 
  1. М.Энхсайхан
Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж түүнийг шүүхээс 2020 онд ялласан. Тодруулбал, 75 сая төгрөгийг үнэлгээ бүхий машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авч, төрийг хохироосон гэж үзсэн юм. Ингээд 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучилснаар суллагдсан. Тэрээр 1996-1998 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Ерөнхий сайд болсноос нь хойш 12 жилийн дараа гэсэн үг. 
  1. Ц.Элбэгдорж
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэсэн гэх үйлдэлд хэрэг үүсгэж 2020 онд яллагдагчаар татсан. Ингээд прокуророос хэрэг нотлогдсон гэж үзэж шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг шийдэгдээгүй явж байна. Тэрээр 1998 онд 230 хоног Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Ерөнхий сайд болсноос нь хойш 12 жилийн дараа гэсэн үг. 
  1. Н.Энхбаяр
Өргөө зочид буудлыг хувьчилж, Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан, Улаанбаатар таймс сонины байрыг завшсан, Эрдэнэт үйлдвэрээс 930 сая төгрөг завшсан гэх хэргүүдэд 2012 онд хорих ял оноосон. Түүнийг хожим Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлж суллагдсан билээ. Тэрээр 2000-2004 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 8 жилийн дараа ял сонссон гэсэн үг юм. 
  1. М.Энхболд
Түүнийг УИХ-ын даргаас унагасан 60 тэрбумын гэх хэрэг үнэндээ зохиомол хэрэг байсан юм биш үү гэх хардлагыг төрүүлдэг. Учир нь, тус хэргээр М.Энхболдыг яллагдагчаар татаагүй, хэрэг шүүх рүү шилжээгүй юм байна. Харин түүнд прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад цааш яасан нь тодорхойгүй замхарчээ. Тэрээр 2006-2007 онд Ерөнхий сайд хийж байсан бөгөөд 11 жилийн дараа уг хэрэгт холбогдсон юм. 
  1. С.Баяр
Оюу толгой ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад олж авсан мэдээллээ ашиглан найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн компанид давуу байдал олгосон, үүнээс үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж 4 үл хөдлөх худалдан авч мөнгө угаасан үйлдэлд буруутгагдсан юм. Тэрээр 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 11 жилийн дараа яллагдсан. 
  1. С.Батболд
Оффшор бүсэд хууль бус хөрөнгөө байршуулсан гэх хэрэгт прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Харин яллагдагчаар татаагүй. Тэрээр 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 9 жилийн дараа шалгуулсан. 
  1. Н.Алтанхуяг
Хөгжлийн банкны гэх хэрэгт түүнийг Анхан шатны шүүхээс цагаатгасан. Гэвч Давж заалдах шатны шүүхээс цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээр эргээд яллагдагч болсон. Тэрээр 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 8 жилийн дараа шалгуулж эхэлсэн байна.
  1. Ч.Сайханбилэг
Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан. Харин Ч.Сайханбилэг АНУ-д байгаа учир хэрэг нь эцэслэгдээгүй байгаа. Тэрээр 2014-2016 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 3 жилийн дараа яллагдагчаар татагдсан. 
  1. Ж.Эрдэнэбат
Тэрээр Тост, тосонбумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох зөвшөөрлийг өгсөн. Энэхүү “Улаан сайр-2 ” талбайгаа гурван сарын дараа 5 сая төгрөгөөр худалдан авч, өөрийн сайн найз “Алтай констракш ” -ны Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан гэх хэрэгт яллагдагчаар татаж, зургаан жил хорих ялыг олгосон билээ. Тэрээр 2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 3 жилийн дараа ял авсан. 
Эдгээр кэйсүүдийг харвал, нийт 15 Ерөнхий сайдаас ес нь шалгагдаж, шоронд орсон. Шалгуулсан есөн Ерөнхий сайдын дөрөв нь шоронд орсон, гурвынх нь хэрэг шийдэгдээгүй, хоёр нь ямар нэг ял аваагүй байна. 
Энэ статистикаас дүгнээд харвал, 
  • Гурван Ерөнхий сайд тутмын хоёр нь буусныхаа дараа шалгуулдаг, 
  • Шалгуулсан хоёр Ерөнхий сайд тутмын нэг нь шоронд ордог, нийт дүнгээр бол дөрвөн Ерөнхий сайд тутмын нэг нь шоронд ордог,
  • Ерөнхий сайд нар бууснаасаа хойш дунджаар 8 жилийн дараа шалгуулдаг гэх магадлалыг анзаарч болно.
Тэгвэл буусныхаа дараа шалгуулаагүй Ерөнхий сайд нарыг авч үзье. Тэд бол П.Жасрай, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар. Мөн одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар. Дээрх магадлалаар авч үзвэл, П.Жасрай, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын шалгуулах хугацаа аль хэдийнэ өнгөрсөн. Харин У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ болон одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг ирээдүйд шалгах магадлал бий. 
Тэгвэл улам лавшруулаад шалгуулах магадлалтай гурван Ерөнхий сайдыг дээрх магадлалаар шалгаж үзвэл ийм үр дүн гарна.
  • У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурвын хоёр нь бууснаасаа хойш 8 жилийн дараа шалгуулах эрсдэлтэй.
  • Шалгуулсан хоёрынх нь нэг нь муухайгаар хэлэхэд, шоронд орох эрсдэлтэй байгаа юм. 
Энэ бол бодит амьдрал дээр яг таг болно гэсэн тооцоо биш. Гэхдээ түүхийг бид сургамж авах гэж судалдагтай адил Ерөнхий сайд нарын өмнөх туршлагуудаас бий болсон магадлалыг тооцвол ийм үр дүн гарч байна. 
Н.Дөлгөөн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн