“Засаглал ба зах зээл-Аналаз шоу” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх асуудлыг хөндсөн. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс зарим бараа бүтээгдэхүүнийг татваргүй болон татварын хөнгөлөлттэй экспортлох, импортлох боломж нээгдэнэ гэж харж байгаа. Тэгвэл татварын хөнгөлөлт эдлэх бараанд янжуур тамхи багтсан бөгөөд энэ асуудлыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тэрээр Анализ шоу-нд оролцон уг асуудалтай холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг санаачилж байгаагаа мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины ажлын хэсэг нь зөвхөн янжуур тамхины асуудлаар биш бүхэлдээ манай хууль хэр зэрэг хэрэгжиж байна гэх асуудлыг хэлэлцдэг юм. Хүүхэд залуучуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зүйл нь тамхи мөн эсэхийг судалж байгаа. Энэ тал дээр олон сар ажиллаж байна. Миний гаргасан хамгийн том дүгнэлт бол манай улс санаатай юм уу, санаагүйгээр тамхины онцгой албан татварыг 2017 оноос хойш огт нэмээгүй байгаа юм. Энэ тал дээр олон улсын тамхины хяналтын суурь конвенцоор, манай улсыг тамхины татварын бодлогоо хэрэгжүүлэхгүй байгааг сануулсан.
Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүний онцгой албан татварыг дахин тооцоолж нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай. Энэ тал дээр Сангийн яамд үүрэг даалгавар өгсөн боловч ямар ч шийдэл байхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн байна.