“Засаглал ба зах зээл-Аналаз шоу” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудлыг хөндсөн. Худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр бизнесийн орчинд ямар нөлөөлөл орох вэ гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн судлаачид судалсан байна. Энэ талаарх мэдээллийг МУИС-ийн багш, доктор Н.Отгонсайхан Анализ шоу-нд оролцож мэдээлэл өглөө. Тэрээр “Евразийн эдийн засгийн холбооны хувьд ямар учиртай хэлэлцээр болж байна гэвэл Орос, Казахстан, Беларус, Киргиз, Армен гээд таван улс Гаалийн холбоо байгуулсан юм.
Манай улсын хувьд өмнө нь Япон улстай хоёр талт хэлэлцээр байгуулж байсан. Одоо бол бид энэ таван улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай ярьж байгаа юм. Энэ таван улс нь хоорондоо гаалийн татвар байхгүй гуравдагч улс орнуудтай гадаад худалдааны бодлого болон гаалийн бодлогоо нэгтгэсэн. Бид энэ таван улсын аль ч улс руу нь бараагаа нийлүүлсэн бүгд ижил татвартай байх юм. Бидний өмнө хийж байсан хэлэлцээрүүдээс илүү онцлог хэлэлцээр гэж хэлж болно.
Евразийн эдийн засгийн холбоотой хийх гэж буй хэлэлцээрийн хувьд түр хугацааны хэлэлцээр юм. Эхний ээлжид хоёр талаас тохирсон тодорхой тооны бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэх, зарим талаараа тоо хэмжээний хязгаарлалттай бараа бүтээгдэхүүнийг цуцлах гэсэн нөхцөлтэйгөөр хэлэлцээр хийх гэж байгаа.