Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны үүсгэн байгуулсан мэдээллийн iToim.mn сайтын 10 жилийн ой тохиож байна. Манай баг 10 мэргэжлийн шинжээчдийн байр суурийг эх сурвалжаас нь тоймлож, мэргэжлийн, зарчимтай ажиллаж ирлээ. iToim.mn сайтын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан iToim.mn-ын улстөрчид уншигчдын сэтгэгдлийг хүргэж байна. Х.Булгантуяа: iToim.mn-ыг маш мэргэжлийн байгууллага гэж боддог
УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа: iToim.mn-ыг одоо бол олон хүн уншдаг болсон. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд редакцтай байх, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэдэг байх нь нэн чухал байдаг. Ард түмэн Төрийн ордонд орж ирээд сайд нараас, УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл авах боломжгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хийж, холбодог. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд Төрийн ордноос иргэдэд мэдээлэл түгээж, ажиллаж ирсэн iToim.mn сайтын 10 жилийн ой тохиож байна.
Миний хувьд олон удаа iToim-д ярилцлага өгсөн. Дэд сайд, сайд, хувь гишүүний хувиар олон ярилцлага өгсөн байна. iToim-ыг маш мэргэжлийн байгууллага гэж боддог. Миний хувьд ярилцлага өгч байгаа сэдэв, мэдээлэлдээ хариуцлагатай хандахыг байнга хичээдэг. Цалин тэтгэврийг хэрхэн яаж тогтоох гэж байна гэдэг мэдээлэлд нэг үг үсэг, таслал, тоо алдахад асар том алдаа гардаг учраас ярилцлага өгч байгаа албан тушаалтан ч, сэтгүүлч ч маш хариуцлагатай хандах ёстой. Энэ ажлаа iToim маш мэргэжлийн хариуцлагатай хийдэг гэж боддог. Өнгөрсөн хугацаанд өгсөн ярилцлагуудаа харахад олон нийтэд хүргэе гэсэн өнцгийг ял л мэргэжлийн, нийтийн мэдэх эрхийн төлөө хүргэж ажилласан байна. iToim-ын хамт олонд маш их баярлалаа.
Би улстөрд орсныхоо дараа iToim.mn-ийн үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч Г.Отгонбаяр агсныг мэддэг, маш их хүндэлдэг болсон. Сүүлийн үеийн сэтгүүлчдийн хувьд бичиж чадахгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Мөн хүний бичсэн материалыг редакторлана, бичсэн зүйлээ олон нийтэд хүргэнэ гэдэг дор бүрнээ маш том ажил. Энэ ажлаа iToim.mn нэр төртэй гүйцэтгэж байгаа гэж боддог.
iToim.mn шарлачхаагүй, хөнгөн болчихоогүй нь Г.Отгонбаяр сэтгүүлчийн үлдээсэн өв
О.Алтангэрэл
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Би анх Отгоо ахтай 2009 оны үед танилцаж байсан. Тэр үед Отгоо ах Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг шинэчилье гээд явж байсан. Тухайн үед Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн талаар олон шүүмжлэл гардаг байхад сэтгүүлчид өөрсдөө хөдөлдөггүй байсан. Эвлэлээ шинэчилье гээд манлайлаад хэдэн хүн явж байсны дунд Отгоо ах байсан. Бидний тэмцэл үр дүнд хүрч эвлэлийн удирдлага өөрчлөгдөж, тогтоосон хугацаандаа сонгуулиа явуулдаг болсон юм. Түүнээс хойш хэд хэдэн удирдлага өөрчлөгдчихлөө.
Хожим нь Отгоо ахад асуудал тохиолдсон үед хамт явж, эрх ашгийг нь өмгөөлж, шүүх хуралд орж байсан. Энэ үеэс Г.Отгонбаяр гэдэг эрхэм хүнийг мэддэг болсон юм.
Дараа нь би улс төр рүү орсон. Улс төрд өрнөж байгаа үйл явдал, болж байгаа процесс, улс төрд хамгийн их сүлэлдэж байдаг олон хүний эрх ашиг, тэнцвэр нь хаана байна, хаана баланс нь алдагдаж байна, хэн юуг зориод байна, хэн юу хийгээд байна гэдгийг хөндлөнгөөс харж ажиглаж чаддаг хүн Г.Отгонбаяр ахаас хойш ховорхон байна гэж бодож байгаа. Түүний анализ онодог. Энэ бол өөрийнх нь сэтгүүлзүйд олон жил ажилласнаас гадна Засгийн газрын хэвлэлийн албыг толгойлон ажиллаж байсан, үе үеийн лидер нөлөө бүхий олон улстөрчтэй нөхөрлөж, шүүмжлэхээ шүүмжилж, хэлэхээ хэлж явсантай холбоотой гэж боддог. Энэ авьяас чадвар цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү орох нь ойлгомжтой байсан. Ингээд Отгоо ах iToim.mn гэдэг сайтыг үүсгэн байгуулаад дандаа шижигнэсэн залуучуудтай эхэлж байсан. Тухайн үед “Ах нь ийм сайт нээсэн. Санаа оноогоо хэлээрэй” гэж байсан. Мань мэтийн санаа оноо хэлнэ гэж юу байх вэ. iToim.mn мэргэжлийн байдал, бичлэгийн даац, чадвараараа эхнээсээ л ялгарч байсан. Өнөөг хүртэл iToim.mn шарлачхаагүй, хөнгөн болчихоогүй нь Отгоо ахын үлдээсэн өв гэж бодож байна. Одоо бол хүн юу унших вэ гэдэг сонголт нь байна. Хэн нэгний салсан, сарнисан юм уу, эсвэл эдэлж хэрэглэж байгаа зүйл нь ямар үнэтэй, юу өмссөн тухай үзэх, унших сонголт ч байна. Эсвэл байгаа нийгмийнхээ мөн чанарыг, цаанаа юу болж байна вэ гэдгийг харах эрмэлзэлд хөтлөгдөж унших сонголт байна. iToim.mn-ийн уншигчид хоёрдох хэсэг нь буюу өөрсдийнхөө мэдээлэл авах хэрэгцээ, улс төр нийгэмд болж байгаа үйл явдлын учир шалтгааныг ойлгох хүсэл байдаг гэж боддог. Яг ийм уншигчдын үр нөлөө Монголын улс төр нийгмийн амьдралд их бий. Ч.Лодойсамбуу: Судалгаа шинжилгээ, ёс зүйн дүрэм, хүлээсэн үүргээ баримталж ажилладаг редакцуудын нэг iToim.mn
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Манай сэтгүүлзүйд нэг зүйл дутдаг. Байнга дутагдсаар ирсэн. Энэ бол судалгаа шинжилгээ, ёс зүйн дүрэм, бусад хууль эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ хэрхэн хангаж байгаа вэ гэдэг зүйл. Дутагдаж байгаа хэрэгцээ дээр цөөхөн хэдэн редакц ажиллаж байна гэж боддог. Тэдний тод төлөөлөл бол iToim. Хэрэглэгчид нь тогтсон уншигчид.
Бид хуулиар худал мэдээллүүдтэй тэмцэнэ гэж байна. Дэлхий даяараа худалд мэдээллийг алга болгож чадаагүй, чадах ч үгүй. Хүн байгаа цагт худал мэдээлэл байсар байна. Худал мэдээллийг хэн амилуулдаг вэ гэхээр худал мэдээлэлд итгэж байгаа хэсэг. Харин мэргэжлийн редакцаа сонгож уншдаг хүмүүс л худал мэдээллийг зогсоодог. Эцсийн мэдээлэл түгээгч нь өөрөө маш хариуцлагатай редакц байх ёстой. Хариуцлагатай редакцуудын тоо өсөж байж дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө хатуу чанга бат зогсоно. Үүний суурь нь хэрсүү, редакцаа сонгож уншдаг хэрэглэгчид. iToim.mn-ийн хэрэглэгчид бол яг ийм хэрсүү хүмүүс байдаг. Яг л сонгож, хайж, хүлээж уншдаг хэрэглэгчид.
Мэдээж хэрэглэгч, уншигчийнхаа тоог нэмэх шаардлага хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий. Гэхдээ нэмэхийн тулд хийж байгаа үйлдэл нь сэтгүүлзүйн үүргийнхээ эсрэг байж болохгүй. Энэ зарчмаа хатуу чанга баримталж ажилладаг редакц бол iToim.mn. iToim-ынхон маань 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Халуун баяр хүргэе. Улам олон уншигчтай болох болтугай. Энэ зөвхөн танай сайт олон уншигчтай болох тухай асуудал биш. Монгол Улс улам олон хэрсүү уншигчтай байх асуудал юм. Энэ ажилд нь амжилт хүсье.
Ж.Галбадрах: Г.Отгонбаяр сэтгүүлч чанартай боловсролоор дамжуулж нийгэмд гэрэл гэгээ авчирна гэдгийг бичиж байсан
УИХ-ын гишүүн Ж.Галдбадрах: Та бүхэнд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. iToim-ын үүсгэн байгуулагч Г.Отгонбаяр эрхлэгчтэй 2006 оны үед танилцаад, хамтран ажиллаж эхэлсэн. Ялангуяа боловсролын салбар, миний үүсгэн байгуулсан сургуультай холбоотой, манай шилдэг төгсөгч хүүхдүүдийн тухай ярилцлага хийж хамтран ажиллаж эхэлсэн юм. Тууштай, зарчимч, редакцынхаа бодлогыг барьдаг нь надад их таалагддаг. Өнгөрсөн хавар Г.Отгонбаяр эрхлэгчийн бүтээлүүдээр гурван боть ном гарахад нь танилцсан түүхээ бичиж, хувцаалцсан юм. Би одоо ч гурван боть номыг нь уншиж байгаа. Миний ширээний ном болсон. Яагаад гэвэл улстөрчид, Ерөнхий сайд нартай хийсэн ярилцлагууд, улс төрд ямар халуун сэдвүүд өрнөж байсан, яагаад үүнийг гаргаж ирж байсныг маш төв үзлээр бичсэн байгаа юм. Отгоо эрхлэгчийн номыг уншаад тухайн цаг үед хүмүүс ийм шийдвэр гаргаж байсан байна гэдгийг мэдэж, суралцаж байна. Жанжин шугамаасаа хазайгаагүй нийтлэлүүд бичсэн байна гэж харж байгаа. Отгоо эрхлэгч их алсын хараатай, сайхан зөв явсан.
Би одоо ч iToim-ынхонтой хамтран ажиллаж байгаа. Миний боловсролын салбарт хийж байгаа бодлогыг дэмжээд явж байгаад маш их баяртай байдаг.
Чанартай боловсролоор дамжуулж нийгэмд гэрэл гэгээ авчирна гэдгийг Отогоо эрхлэгч бичиж байсан. Намайг бичихээс илүү боловсрол ямар чухал үүрэгтэй гэдгийг олон нийтэд хүргэж байсан. Анх би боловсролын талаар бичдэг хүн байна гэж ойлгодог байсан. Одоо өөрөө байхгүй ч бүтээлээрээ, гурван боть номоороо дамжуулаад залуу улстөрчдөд үлгэр жишээ, мэдлэг түгээж байна. Мөн тэдний гарын авлага болж байна бодож байна.
10 жилийн өмнө үүсгэн байгуулсан iToim.mn яг л төв, нухацтай хэвээр ажиллаж байна. Хэчнээн үүсгэн байгуулагч нь бидний дунд байхгүй байгаа гэсэн бодлогоосоо огт хазайхгүй явж байна. Мөн миний нийтлэл гарахад дор нь бусад сайтууд шиг янз бүрийн гүжирдэж, гүтгэсэн сэтгэгдэл байдаггүй. Энэ бол iToim-ын уншигчдын түвшин гэдэг юм уу, хандлага гэж би дүгнэдэг.
Г.Отгонбаяр сэтгүүлч iToim-д үнэтэй өв үлдээж
Д.Энхтүвшин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: iToim.mn жинтэй нийтлэлүүд бичдэг болохоор би уншдаг. Ялангуяа эдийн засагтай холбоотой асуудлаар судалгаатай, шинжээч, экспертүүдийн эх сурвалжаар баталгаажуулсан анхаарал төвлөрч уншихаар нийтлэлүүд бичдэг учраас үнэнч уншигч нь. Манайд хүн дээр суурилсан байгууллага, бүтцүүд их байдаг. Харин iToim-ын тухайд Г.Отгонбаяр эрхлэгч маш том өв үлдээж ээ гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд дээр ч гэсэн нэг хүн байж байгаад явахад тухайн байгууллагын үйл ажиллагаа улам дэвжээд үргэлжилж байна гэдэг бол маш том өв юм билээ. Компаниуд хүртэл ярьдаг. Зөвхөн мөнгө, хөрөнгө үлдээгээд хол явдаггүй. Харин өв, зарчмыг үлдээж байж олон жил үргэлжлээд явдаг гэж ярьдаг.
Г.Отгонбаяр эрхлэгч бурхан болоод хоёр жил гаруй болсон ч iToim.mn нийтлэлийн бодлого өөрчлөгдөөгүй, тулхтай, зарчимч бүтээлүүдээ уншигчидад хүрээд явж байгаа нь энэ эрхэм хүний үлдээсэн маш том өв гэж бодож байна. Бизнес нь төр засгаас хараат бус, зарчмаа баримталж ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болоосой гэж боддог. Энэ эрчээрээ, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээд, хэн нэгэн хүний эрх ашиг гэхээсээ илүү ард түмнийг нүдийг нь нээлттэй, чихийг нь онгорхой байлгахын төлөө ажиллаасай үргэлжүүлэн ажиллаарай.