Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Жагсаалт 2: Хоригт орсон ОХУ-ын төрийн өмчит компаниуд

Жагсаалт 2: Хоригт орсон ОХУ-ын төрийн өмчит компаниуд
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 2
ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний хариуд АНУ, Их Британи, Япон, Канад, Австрали, Өмнөд Солонгос болон Европын холбоо тэргүүтэй барууны холбоотнууд Москвагийн эсрэг цогц хориг арга хэмжээ зарласан.
Уг хориг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, хүнд хоригт тооцогдож байна. Олон улсын хориг орсон хувь хүн болон компаниудад дэмжлэг үзүүлэх нь тухайн улс орон, аж ахуй нэгж, иргэний эсрэг хориг тавих үндэслэл болох эрсдэлтэй. Тухайлбал, ОХУ-ын цэрэг, улс төрийн үйл ажиллагааг дэмжсэн гэх шалтгаанаар Беларусийн эрх баригчид болон төрийн өмчит компаниудын эсрэг барууны орнууд хориг тогтоосон. Тиймээс ОХУ-ын эсрэг авсан барууны хоригийг цувралаар хүргэж байгаа билээ.
№2: Хоригт орсон ОХУ-ын төрийн өмчит компаниуд
“Aeroflot”
ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч “Aeroflot” компанийн 51 хувь төрийн эзэмшилд байдаг. Нийт 30 мянган ажилтантай тус компани нь 2022 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийн 52 улсын 146 чиглэлд нислэг үйлдэж байв.
Гэвч ОХУ цэргийн хүчээр Украинд халдан түрэмгийллийн улмаас Европын холбооны гишүүн 27 улс, Их Британи болон Канад тэргүүтэй орнууд Оросын онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглосон. Мөн Английн хөлбөмбөгийн алдарт Манчестер Юнайтед клуб “Aeroflot”-той хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. “Aeroflot” нь 2013 оноос хойш Манчестер Юнайтед клубийн албан ёсны агаарын тээвэрлэгч болсон бөгөөд гол ивээн тэтгэгчдийн нэг байсан юм.
“Russian Railways”
ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн өмчит төмөр замын компани нь нийт 85 мянга гаруй километр төмөр замын сүлжээг эзэмшдэг бөгөөд 740 мянга гаруй ажилтантай. Тус компани нь ОХУ-ын нийт зорчигч тээврийн 33 хувь, ачаа тээврийн 42 хувь, төмөр замын тээврийн 90 хувийг дангаараа тээвэрлэдэг. Мөн Монголын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг.
Украины асуудлаас болж “Russia Railways”-ын Европын холбооны орнуудад бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
“Gazprom”
Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч тус компани нь 466 мянга гаруй ажилтантай. Тус компани нь дэлхийн нийт байгалийн хийн үйлдвэрлэлийн 12 хувь, Европын холбооны нийт импортын 25 хувийг дангаараа эзэлдэг. “Gazprom”-ын нийт орлогын 40 хувийг Европын холбооны зэх зээлд нийлүүлсэн экспорт бүрдүүлдэг.
Гэвч барууны орнууд “Gazprom”-ын гол төсөл болох Балтын тэнгисээр дамжуулан Германд байгалийн хий нийлүүлэх “Nord Stream 2” төсөлд хориг тогтоосон. Ингэснээр жилд 55 тэрбум куб байгалийн хий дамжуулах хүчин чадалтай, 10 тэрбум гаруй еврогийн өртөгтэй төсөл зогсонги байдалд орсон.
Түүнчлэн, эрчим хүчний томоохон экспортлогчид болох “BP”, “Shell”, “Centrica” тэргүүтэй барууны компаниуд “Gazprom”-той харилцаагаа тасалж, хамтран эзэмшдэг төслүүдээсээ гарахаа мэдэгдсэн. Улмаар 2022 оны эхний хоёр сарын байдлаар “Gazprom”-ын байгалийн хий олборлолт өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа ч экспортын хэмжээ нь 32.6 хувиар буурсан байна.
“Gazprom Neft”
ОХУ-ын гурав дахь том газрын тос боловсруулагч бөгөөд 56 мянган ажилтантай. ОХУ-аас гадна Украин, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг орнуудад нийт 1600 гаруй шатахуун түгээгүүрийн станцтай. АНУ-ын хоригт орсон.
“RusHydro”
ОХУ-ын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч тус компани нь дэлхийд хоёрт орох усан цахилгаан станцыг эзэмшдэг. Нийт 70 мянган ажилтантай бөгөөд АНУ-ын хоригт орсон.
“Transneft”
Дэлхийн хамгийн том газрын тосны хоолойн компани бөгөөд 106 мянган ажилтантай. Тус компани нь 70 мянга гаруй километр урт газрын тосны хоолойн эзэмшдэг. ОХУ-ын газрын тосны 80 хувь, газрын тосны бүтээгдэхүүний 30 хувийг тээвэрлэдэг. АНУ-ын хоригт орсон.
“Rostec”
Зэвсэг, цэргийн технологи үйлдвэрлэгч “Rostec” компани нь нийт 453 мянга гаруй ажилтантай бөгөөд хүнд оврын автомашин үйлдвэрлэгч “Kamaz”, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч “Sukhoi” болон “United Aircraft Corporation”, байлдааны хуягт машин үйлдвэрлэгч “Uralvagonzavod” зэрэг Оросын томоохон компаниудыг эзэмшдэг. “Rostec” нь Европын холбоо, Их Британи болон АНУ-ын хоригт орсон.
“United Shipbuilding Corporation”
ОХУ-ын хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч тус компани нь Оросын армийн бахархал болсон тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцнуудыг үйлдвэрлэдэг. “United Shipbuilding Corporation” нь 80 мянга гаруй ажилтантай бөгөөд Их Британийн хоригт орсон.
“Kalashnikov Concern”
Оросын зэвсэгт хүчний гол зэвсэглэл болох “AK-47” бууг үйлдвэрлэгч тус компанийн 26 хувь нь “Rostec”-ын мэдэлд байдаг. Европын холбооны орнууд “Kalashnikov Concern”-ын зэвсгийн экспортод хориг тогтоосон.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн