Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​Зөвлөмж: Улиралд 1-2 удаа гэдэс, цөсөө цэвэрлэснээр амьсгал цэвэр, нойр сайжирна

​Зөвлөмж: Улиралд 1-2 удаа гэдэс, цөсөө цэвэрлэснээр амьсгал цэвэр, нойр сайжирна
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 11
Улсын хоёрдугаар төв эмнэлгээс бэлтгэсэн ходоод болон цөсөө хэрхэн зөв угаах зөвлөгөөг хүргэж байна.
Дам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдүүлэн, цөс ялгаран гарах хугацааг богиносгон, дээд гэдсэнд цөс түрэн орох үйлдлийг түргэсэн улмаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гүйлгэж эхлэхийг цөс угаах гэж нэрлэдэг байна. Энэ нь цөсний гэрийн цөс бүрэн суллагдах бололцоог бүрдүүлж байгаа хэрэг юм. Цөс угаах эмчилгээг эмнэлгийн болон гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Цөсний гэрийн агшилтыг түр зуур нэмэгдүүлэн, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон үрэвсэхээс сэргийлнэ. Бидний бие махбодь өөрөө өөрийгөө цэвэрлэх олон шаттай сонгомол тогтолцоотой байдаг. Зохисгүй хоол хүнс хэрэглэж, буруу дэглэмтэй хооллох, ургамлын гаралтай хоол хүнс бага хэрэглэх, тунгааж шүүсэн тослог зүйлээр хооллох, хөдөлгөөний идэвх муу, сэтгэл мэдрэлийн хэт ачаалал, стрессээс бие махбодийн өөрөө өөрийгөө хордуулах явц үүсдэг байна. Энэ үйл явц хүн залуу сайхан төрхөө удаан хадгалах, урт наслахад саад болдог аж. Тиймээс та эрүүл байхыг хүсвэл гэрийн нөхцөлд гар доорх материалаар гэдэс, цөсөө хэрхэн угаах талаар зөвлөж байна.
ГЭДЭС УГААХ АРГА
 Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. Гэдэс угаахдаа та өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дараах дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ.
ДАСГАЛ-1. Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ.
ДАСГАЛ-2. Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана.
ДАСГАЛ-3. Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана.
ДАСГАЛ-4. Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна.
ЦӨС УГААХ АРГА
  • Өглөө 7-8 цагийн үед дөнгөж саасан саамыг самбай дээр шүүж 100-250 мл нэг аягыг өлөн байхдаа ууна. Үүний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг.
  • Хөлдөөсөн саамаар цөс угааж болно. Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгүй/ 200-300 млгр-ыг зөвхөн өлөн үедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ. Хуурайшуулсан саамаар цөс угааж болно. Зуны улирлаас бусад үед гүүний саамаар цөс угаавал технологийн дагуу бэлтгэсэн саамнаас /100 гр-аар савласан/ талыг нь буцалгасан бүлээн усанд 100-200 гр усанд найруулан ууж болно. Хэрэв цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал саамны хэмжээг нэмж болно. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй.
  • Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өглөө нь аяганд буцалгасан ус дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн усаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно.
Дээрх хоёр аргыг хослуулан хэрэглэхдээ эхлээд гэдсээ угааснаас хойш 2-3 хоногийн дараа цөсөө угаагаарай. Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн