Жараад оны дунд үе юм. Аав ээжийнхээ дунд хөтлүүлээд хүүхдийн паркийн зүг явж байв. Урт цагаан, их дэлгүүр гээд том том шинэхэн байшинг мэддэг байсан бол алсыг харагч, пуужин гээд аварга том, шинэ шинэ тоглоомон дээр тоглох гэж яваа минь энэ. Аав ээждээ бага ч, сургуульд орчихсон том хүн. Төөрсөн ч гэрээ олохтойгоо гэж дотроо их л маадгар явна. Харин ээж “ олны дунд төөрвөл яана” хэмээн гараас чанга зуураастай явна. Хүүхэд насны ийм зураг сэтгэлд үлджээ.
Хорвоогийн бүх хүн дурсан санаж, дуулан алдаршуулмаар ээж, аавтай ч тэр бүрий бичиж, зурж, ая эгшигт мөнхөлж чаддаггүй аж. Тэдний нэг нь би.
Миний аав өндөр нуруутай, шаравтар царайтай, сахалтай хүн байв. Би аавынхаа 43, ээжийнхээ 33-н насан дээр гарсан айлын тав дахь хүүхэд, дороо нэг дүүтэй. Миний дээд талын ах, эгч үрчлэгдсэн. Аав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, ээж Өвөрхангай аймгийн Бүрд, уул нь энэ хоёр сум Түшээт хан аймгийн Далай гүний хошуу юм. Аавын дээд үе нь Илдэн бэйлийн хошуунаас Далай гүний хошуунд хүргэн орж суусан Орги гэдэг хүн юм гэнэлээ. Манай удмынхныг шинэ Оргийнхон ч гэх нь бий. Харин нагац ах тайж Гаравараа /Бадамгарав/ овоглоцгоосон юм. Аав, ээж маань нутгаа цаг ямагт ярина. Манайхан тэнд нутаглаж байхад…гээд л. Аавынхаа нас руу хоног хоногоор дөхөж яваа өдгөө үедээ ч бас уугуул нутгаа очихгүй удчихвал нутгийн маань овоо тахилга дуудаад байх шиг болдог юм.
Манайх олон бужигнасан айл байв. Ямар сайндаа бүтэн адууны махыг долоо хоногт “шударчихаад”, танайх ямар амархан барчихдаг юм бэ? гэж хүн асуухад ээж маань “бүхэл бүтэн том гуя үлдсэн, их идүүлнээ” гээд жишим ч үгүй сууж байсан юм даг. Зах зээлийн сэтгэлгээгээр бол их л үрэлгэн хэрэг л дээ. Гэхдээ аав, ээж маань бэлэнчлэн идчихээд сууж байгаагүй юм шүү. Ажлыг хар бор гэж ялгалгүй зүтгэж байж намайг өсгөсөн. Манайх хурааж хуримтлуулсан хогшил хөрөнгөсөөд байх юмгүй. Бас айлаас гуйх дутуу зүйлгүй байв.
Намайг ээжийнхээ гэдсэнд долоон сартай байхад аав маань гэрийн хоёр эсгий дээвэр, нэг туурга, ээж маань хоёр туурга давхарлаж үүрээд Энхтайвны гүүрний наахнаас Гандангийн дэнж дээр ирсэн чинь хүүхэд доошоо орчихоод байсан гэж ярьдагсан.
Миний эцэг хөрөнгө хогшлоос илүү ном эрдмийг дээдэлдэг хүн байсан, Чингис хаан, Өндөр гэгээн, Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Жуков гэдэг жанжин, Дандар гэдэг баатрын тухай ааваасаа бас анх сонсож билээ.
Манайх бурхан, номын тусдаа байшинтай айл байв. Олон арван судар тэргүүтнээс аваад аавынхаа нандигнан хадгалдаг Зуун билэг, Шидэт хүүрийн үлгэр, Гучин хоёр модон хүний үлгэр зэрэг 50-иад оны эцсээр монгол бичиг дээр хэвлэгдсэн зузаан номуудыг бушуухан цөмийг нь уншина даа гэж өглөө бүр тоосыг нь арчихдаа боддог байсансан. Харамсалтай нь өнөө хэр УИХ-ын гишүүн сүрхий амьтан харагдавч тэр олон номыг тоослохоос хэтрэхгүй яваадаа сэтгэл ямагт хөндүүрлэдэг юм.
Би аав, ээжийгээ зовоож хүн болсон. Багадаа нүд маань байнга өвдөөстэй ээждээ үүрүүлж явах. Нэгэн удаа мөн л үүрүүлчихсэн дэлгүүрт орж ирээд худалдагчаас “Улаан тамхи байна уу аавдаа авах юмсан, уруулын будаг байгаа юу ээждээ авмаар байна” хэмээн асууж ээжийгээ уйлуулж байсан гэдэг.
Аав маань залуудаа дайн тулаан, хэлмэгдэлд өртсөн нь бие махбодид нь нөлөөлж зүрх, уушиг нь муудаж эхэлснээс “миний өсөхийн жаргал” хумигдаж эхэлсэн билээ. 16 настай байхад аав маань өнгөрсөн. Олон сар сахиж, сургаалыг нь чамгүй сонссон. Хүүхдүүд бид аавынхаа толгойг түшихдээ ясыг нь өндөлзүүлэхгүй, нэрийг нь муугаар дуудуулахгүй гэж дотор дотроо бодоцгоосон.
Миний ээж дунд зэргийн нуруутай, хүрэн бор нүдтэй, бүдүүн урт гэзэгтэй, танан цагаан шүдтэй хүн байв. Ээжийн маань нэр Цэрэннадмид, нэг голынхон нь түүнийг Хөнхөр гэдэг. Яагаад тэгж нэршсэнийг мэдэхгүй юм. Бодвол нүдээр нь нэршээд тогтчихсон юм болов уу. Миний ээж хүний хайлан байсан. Ээж маань өөрөө эхээс олуулаа.
Эмэг эхийг минь нутагтаа гайхагдсан хүн чанартай хүн байсан гэлцдэг. Эмэг эхийн зан чанарыг миний ээжий л хүүхдүүд дотроос нь илүү өвлөсөн нь гэдэг.
Гамингууд цувж, хүмүүс дүрвэж зайлж байх үед өвөг эцэг хэвтрийн өвчтэй учир гэртээ хоцордог, өдөрт нь эмэг эх маань бага хүүхдээ үүрээд хоёр томыг нь хөтлөөд энд тэнд нуугдаж явж. Хүүхдүүд нь мэдээж хэрэг өлслөө, цангалаа гэж уйлаад л… Хүүхэдгүй айлын хүмүүс мориндоо богц тохчихоод, дөрөө харшуулаад дэргэдүүр нь өнгөрдөг байж. Гахай жилийн дуулиант зуднаар малтай, хүнтэйгээ их нүүдэл хийж явахад хөхүүл хүүхэд нь харангадчих гээд үйлээ барьж явсан, гурван хүү нь Халхын голын дайнд явж, том хүү нь дайны талбарт шархдаж ирээд эсэн мэнд амьдарч, харин хортой утаанд хордсон хоёр хүү нь нутагтаа ирээд өнгөрсөн гэдэг. Зөвхөн туулсан зовлонгийн зах зух нь энэ. Эмэг эхийн маань хүний төлөө сэтгэлийн хамгийн наад зах нь гэхэд л гаднаа түлээ, түлш муутай айл байхад шөнө өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр гадна нь аргал аваачаад асгаж орхидог байсан гэлцдэг.
Миний ээж гадаа эр, гэрт эм болж явж намайг өсгөсөн юм. Ээж маань гуталчны үндсэн мэргэжилтэй ч оёдол үйл, дэлгүүрт ачигч, мужаан, будагчин хүртэл хийж байв. Жараад оны эхээр оройгоор гуравдугаар анги төгсөж бичиг үсэгт тайлагдсан. Ээжийн маань энэ боловсрол намайг багш, хуульч, эрдэмтэн хэмээн нэрлэгдэхийн суурь хөрс болж өгсөн. 35 үсгийг би ээжээрээ анх заалгаад ардын багш нартай золгож билээ.
Надаас болоод, намайг санана гээд сүүлдээ ч үнээ мал гээд ээж минь нэг ч удаа амралтанд явж үзээгүй өнгөрснийг бодоход ясаа нэг ч өдөр амраагаагүй байх аа. Том болоод ээжийгээ тэр Улаан Москва, Алтан Прага, Алдарт Берлинийг үзүүлж, Ганга мөрний усыг амсуулна гээд л хичнээн их мөрөөддөг байв даа? Гэтэл хаяанд байгаа Оргилд ч амраачихаж чадаагүй явтал, анагаагдашгүй хүнд өвчин ээжид минь туссан байлаа.
“Мөнхийн рашаан байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Хайртай ээждээ өгөх юмсан” энэ дууг эхлэх бүрд өөрийн эрхгүй сэтгэл үймрээд явчихдаг. Ээжийгээ над шиг өнгөрсөн хойно нь бус, амьдад нь жаахан ч болов баярлуулж, сэтгэлийг нь тайван байлгахыг хичээцгээгээрэй, дүү нар минь.
Миний бага нас гэрэл гэгээтэй байв. Намайг айлын отгон хүүхэд, /миний дүү надаас 11 насаар дүү юм./ эрх золиг гэдэг байв. Гэхдээ би хичнээн эрх ч байсан дүүгээ хоёр гардаж өсгөсөн гэхэд болно. Аль ч айлын хүүхдүүд том нь багыгаа хардаг хойно доо. Ээж маань дүүг төрүүлээд 45 хоноод л ажилдаа орчихсон. Аав, ээж хоёрыг хаалгаар цухуйв уу үгүй юу, би уяанаасаа алдуурсан нохой шиг хар эрчээрээ гарч өгдөгсөн.
Өмнөө тавьсан зорилготой амьдар гэж аав маань надад хар багаас захидагсан. Би ийм юм сурах ёстой, ийм юм хийх ёстой гэж тэмцэж амьдар, юухан ч хийж сурсан тэр чинь хоол болно, хөлсөө урсгаж, биеэ зовоож байж олоогүй юм хоол болдоггүй гэж мөн ч их сургаж байж билээ. Бас урам их хайрлана. Би ааваараа төвд, уйгаржин монгол бичгийн цагаан толгой, цээж тоо, сампин, шатар заалгасан билээ.
Миний хамгийн анхны цалинтай ажил гэвэл тавдугаар анги төгссөн жилээ хөрш айлын шинэ барьсан байшинг ааваараа заалган шавардаж өгч машин өвс, таван боодол хар цаас авсан явдал билээ. Хойтон жилээс нь эхлээд зунд хүнсний дэлгүүрт ачигч, мах цавчигч хийдэг болж намарт нь хоёр үнээнийхээ тэжээлийг бэлдэхээр хадланд гардаг сан.
Би жилд формын /сурагчийн дүрэмт/ хувцас хоёрыг элээдэг байв. Наадам дөхүүлээд нэгийг нь нөгөөг нь шинэ жилийн өмнөхөн авна. Цагаан зах, ханцуйны даавуугаа хадчихаар яг л генералын форм шиг харагддаг сан. Одоо ч заримдаа сурагчийн формтой нөхөдтэйгөө дэрвэж яваа маань зүүдлэгддэг.1968 онд гуравдугаар ангидаа пионерт элсэх гээд гүйж явахад бэргэн маань гоё ромбон хээнүүдтэй хилэн өмд, 1975 онд аравдугаар анги төгсөх сүүлчийн хонхоо хийх гэж байхад хүргэн ах маань надад гадаадын костюм авч өгч билээ. Миний Шарав гэдэг өвөө намайг пионерийн лагерь явахад хар өмд, цагаан цамц, гоё хар гутал тэтгэврийн мөнгөө хуримтлуулж байгаад авч өгч байв.
Энэ бүгд уншигчдад тун сонин биш байж болох юм. Надад бол тийм бус. Намайг сургуульд амжилттай сургах гэж, гайгүй номтой болж магадгүй гэж горьдож, тэр бүү хэл ганц дээд боловсролын үнэмлэх бичгийг ах дүү дотроо аваад ирж магадгүй гэж бодсоных байсан.
Юмыг ганцхан талаас нь битгий бодож бай, олон талаас нь бод гэж аав нухацтай хэлдэг байв. Энэ нь гол төлөв би ангиасаа хамгийн түрүүлж өгүүлбэртэй тоогоо бодох гэж байж нэг хувилбараар нь хариуг нь гаргаад нөгөөгөөр нь гаргаагүй яарч очоод багшаасаа зэмлэл дуулснаас болж аавтайгаа зөвлөлдөхөд анх надад хэлсэн юм. Ээж маань болохоор “Хүний нас гэдэг даанч богинохон, цай чанах төдий галтай адилхан шүү дээ.
Энүүхэн хооронд хүнтэй битгий муудалцаарай” гэж байнга захих. Аав, ээж минь өөр олон сургаал ярина. Гол нь дээрхи хоёр. Аливаа юмыг эргэцүүлэн ултай бодож, шийдэж, эв эетэй явахын буруу яахан байх билээ. Би яаж ч хэлүүлж байлаа гэсэн аав, ээжийнхээ сургаалыг дагаж ирсэн хүн.
Намайг зургаан настай байхад хүүгээ нутагтаа аваачиж, морь унуулж ёсолно гээд явав. Баян-Өндөрийн төвөөс урдхан орших Асар зүлэгтэй гэдэг талын дундах сүрлэг сайхан хадтай ууланд зусч буй авгынд буулаа.
Хадны ёроолд хөөрхөн бондгор чулуунууд байх юм. Нөгөөдөхийг чинь газарт шидсэн чинь хага хага үсрээд байна шүү. Авгын дөрвөн настай хүүхэд “ээж нь хараана даа” гэж билээ. Үнэхээр ч хоёр шувуу далавчаа дэвэн, байж ядан сэр сархийн хажуугаар нисэлдэж, нүд нь бүлтгэнэж байсныг санаж байна. Хүүхэд насны үнэхээр тийм л зураг үлдэж. Шувууны өндөг хагалсан хэргээр аав, ээждээ алгадуулж, жаал орилж, учрыг нь авга ахаараа тайлбарлуулж аваад энэ насан туршдаа өлсөж туйлдаагүй л бол бусад амьтны амийг бусниулж, хагацал учруулж болохгүй юм байна гэдгийг тэр л үед хамгийн хатуу ойлгож авсан санагдаж явдаг юм. Хүн болох гэж яваа нялх балчир үр хүүхдээ өсгөх гэж зүтгэх насанд ч аанай л үе үе багын тэр явдал санагддаг удаа байсаан.
Төв аймаг. Баянхангай сум. 1998. 5.20.