Сансар судлалын НАСА агентлаг даваа гаригт Ангараг гараг дээр нисдэг тэрэг амжилттай хөөргөлөө. Энэ нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гараг дээр нисэх төхөөрөмж хөөргөсөн анхны тохиолдол гэж түүхэнд үлдэх юм.
НАСА агентлаг 2020 оны зургадугаар сард Ангараг гарагийг судлах “Mars Rover” даалгаврын хүрээнд автомашины хэмжээтэй “Perseverance” дөрвөн дугуйт роботыг “Ingenuity” гэх жижиг нисдэг тэрэгний хамт илгээсэн. Улмаар өөрөө явагч робот 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Ангараг гараг дээр амжилттай газардсан юм. Өөрөө явагч “Perseverance” робот нь Ангараг гарагийн астробиологийн орчин, гадаргын геологийн процесс болон өнгөрсөн түүхийг судлахад шаардлагатай хөрсний дээжүүдийг цуглуулах үүрэгтэй. Ингэснээр хүн төрөлхтөн Ангараг гарагийг колоничилж тэнд амьдрал үүсгэх боломжтой эсэхийг тогтоох юм.
Мөн “Perseverance” нь “Mars Rover” даалгаврын хоёр дахь гол зорилго болох 1.2 метр урт, 48.2 сантиметр өндөр, 1.8 килограмм жинтэй “Ingenuity” нисдэг тэргийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ангараг гарагт амжилттай байршуулснаар хүн төрөлхтөн анх удаа өөр гариг дээр нисдэг төхөөрөмж турших боломж бүрдсэн. НАСА-гийн “Mars Rover” ажиллагааны ахлагч Тим Канхэм дөрөвдүгээр сарын 9-нд “Ingenuity” нисдэг тэргийг хөөргөх эхний туршилтаар агаарт ойролцоогоор 40 секундын турш 3 метр орчим өндөр нисгэх ба ингэхдээ “Perseverance”-ийн зургийг авна гэж мэдэгдэж байв.

Тэгвэл даваа гаригт төлөвлөгөөний дагуу “Ingenuity” нисдэг тэрэг Ангараг гарагийн агаар мандалд 40 орчим секунд гурван метрийн өндөрт амжилттай хөөрсөн юм. “Mars Rover” даалгаврын хүрээнд “Ingenuity” нисдэг тэргийг нийт таван удаа хөөргөх туршилт хийж, анх байршуулсан цэгээс нь 100 гаруй метр хөдөлгөхөөр төлөвлөсөн. Энэ нь хүн төрөлхтөн ойрын ирээдүйд Ангараг гарагийг колоничлох үед ямар хүчин чадалтай нисэх төхөөрөмж ашиглах шаардлагатай гэдгийг тодорхойлох маш чухал зорилготой даалгавар юм.
НАСА-гийн эрдэмтэд хүн төрөлхтөн өөр гариг дээр анхны нислэгээ хийх түүхэн мөчийг билэгдэн “Ingenuity” нисдэг тэргэнд хүний гараар бүтээгдэж, 1903 онд анх удаа нисэх туршилт амжилттай хийсэн “Wright Flyer” онгоцны далавчны хэсгийг өгч явуулсан. Ах, дүү Райтын онгоцны хэсгийг 1969 оны долдугаар сард анх удаа Саран дээр газардаж, хүний мөр үлдээсэн НАСА-гийн “Appolo 11” хөлөг онгоцонд мөн авч явж байв.
НАСА-ын Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн “Ingenuity”-г зохион бүтээх төслийн ахлагч МиМи Аунг энэ талаар “Одоо бид хүн төрөлхтөн өөр гариг дээр моторт нисэх төхөөрөмжөөр нисэж чадсан гэж хэлж болохоор боллоо. Бид Ангараг гараг дээр анхны нислэгээ хийх өөрсдийн мөчөө Райтын ах дүүс анх удаа онгоц туршсан мөч шиг догдлон хүлээсэн. Эцэст нь бид удирдлагын өрөөнд манай бяцхан нисдэг тэрэг Ангараг гараг дээр хөөрч байгаа дүрс бичлэгийг “Perseverance”-ээс хүлээн авлаа” гэсэн байна.
Эх сурвалж: NASA.gov, NASA Jet Propulsion Laboratory, BBC