Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр өнөөдөр улс орон бүр тогтвортой хөгжлийн эх сурвалж, хөдөлгөгч хүчийг хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан оюун санааны үнэт зүйлс, их өвтэй холбон үзэж байна.
УИХ-аас “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн онд хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсон бөгөөд багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эхэллээ.
23 жилийн дараа хуралдаж байгаа энэ их хурлын индэр дээрээс Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд бүгд чин сэтгэлээсээ багш нарыг хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцжуулах шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй хэмээн ярьж байгаад туйлын баяртай байна. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх улс төрийн шийдвэр гаргахад НББСШУ-ны байнгын хороо манлайлан ажиллана гэдгээ та бүхэндээ энэхүү эрхэм хүндтэй индэр дээрээс амлаж байна.
Өнөөдөр монголын боловсролын салбар дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл бол олон мянган оюунлаг залуус маань дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, бахдам сайхан амжилт гарган ажиллаж амьдарч байна. Эдгээр залуус бүгдээрээ багш та бүхний хөдөлмөрийн үр шимээс соёолон гарсан үр дүн юм аа.
УИХ-д 2019 оны улсын төсвийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллах завшаан тохиож гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд улсын төсвийн санхүүжилтийг 231.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2019 оны төсөвт ерөнхий боловсролын сургууль 123, цэцэрлэг 176,сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7-г шинээр барихаар суулгаснаас 58 сургууль, 134 цэцэрлэг, 5 цогцолборыг 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.
Боловсролын үйлчилгээнд иргэдийг жигд хамруулах, тэгш боломж олгох, чанартай боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих талаар тус Байнгын хорооноос Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд онцгой анхаарч илүү идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллах болно.
Хүмүүний дотоод үнэт зүйл болсон эцэг эх, ачит багш, ахмад настан, ах дүү, бусад хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг, хүн чанартай, энэрэнгүй нинжин сэтгэлтэй, өөрийн алдаа эндлийг олж харж чаддаг, бусдыг уучилдаг, амьдралын үнэ цэнийг мэддэг, амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлдог, түүнд хүрэх зөв арга замыг мэддэг, эв эеийг эрхэмлэдэг, зөв сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй монгол иргэнийг бэлтгэх нь манай нийгмийн захиалга, хувь хүний эрэлт хэрэгцээ төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага болоод байна.
Цахим хэрэгслээр урсан орж байгаа олон төрлийн мэдээллүүдэд задлан шинжилгээ хийж хэрэгтэйг нь авч, ач холбогдол багатай хэрэгцээ шаардлагагүйг нь орхидог сэтгэлгээний боловсрол, хүмүүжил, чадвар, арга зүйд өсвөр үе, хүүхэд залуучуудыг сурган бэлтгэхэд манай багш нар шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой билээ.
Багш нар хамтарч багаар ажилладаг, бие биедээ итгэдэг, дэмждэг, бусдад үлгэрлэдэг, бусдыг хүндэлдэг, бусдад хүндлэгддэг, сайн сайхан бүхнийг манлайлагчид байхыг цаг үе биднээс шаардаж байна.
Багш нарын хувьд ажлын ачаалал ихтэй, цалин хөлс багатайгаас гадна илүү цагаар хөдөлмөрлөдөг, ажлын орчин нөхцөл хангалтгүй, нийгмийн хамгааллын асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжгүй явж ирснийг бид бүхэн сайн мэднэ.
Хувь хүний мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, хандлага, хувь хүний зан үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын идэвхтэй хэлбэрт шилжих, өнөөдөр бидэнд хамгийн тулгамдаад байгаа нийгмийн гаж үзэгдэл болох бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс салах, цаашлаад залхуурал, ядуурал, стресс дарамтын тойргоос иргэдийг гаргахад багш та бүхнийг манлайлан ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Монголын багш нарын VII их хурал багш нарын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, багш-шавийн нандин холбоос, манай багш нар цогц чадамжтай, ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчин болж хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.