Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ц.Болорчулуун: Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангаж чадна

Ц.Болорчулуун: Энэ жил улаанбуудай, төмсний  хэрэгцээг 100 хувь дотоодоос хангаж чадна
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 24
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас ургац тариалалтын нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн ургац тариалалтын нөхцөл байдал хэр байгаа вэ?
-2020 оны хаврын тариалалтаар нийт 522 мянга га газарт тариалалт хийсэн. Үүнээс үр тариа, улаан буудай, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, тосны ургамал гээд нэр төрлөөрөө хурааж авах хэмжээ өөр, өөр байгаа. Одоогийн байдлаар ургац тариалалт хөгжлийн үе шатандаа хэвийн явагдаж байгаа. Ургамлын нэр төрлөөс хамааран янз бүрийн үе шаттай байгаа. Үр тариа нийтдээ 484 мянган га, улаан буудай 363 мянган га, тэжээлийн ургамал 56 мянган га, тосны ургамал 51 мянган га, төмс 18.3 мянган га, хүнсний ногоо 9 мянган га газарт тус тус тариалсан.
-Тариалангийн бүс нутгуудад хур тунадас хэр орж байгаа вэ. Бороо их орсны улмаас ургацын явцад нөлөөлсөн тохиолдол гарч байна уу?
-Энэ жилийн хаврын тариалалтын дараа тавдугаар сард тодорхой хэмжээнд хур тунадастай байлаа. Хур тунадас харьцангуй гайгүй байна. Үе, үе аадар бороо, мөндөр дайрч өнгөрсөн тохиолдлууд гарсан. Тэгэхдээ үүнээс болоод тариалангийн талбай сүйдсэн, ургацад нөлөөлсөн гэх ноцтой асуудал гараагүй. Тариалалт хэвийн үргэлжилж байна. Цаашдаа цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээрээ хэвийн үргэлжилбэл бид төлөвлөсөн ургацаа авч чадна. Төлөвлөж байгаа ургацаа авч чадвал буудай, төмсөөрөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадна.
Энэ жил цар тахлаас үүдэн дэлхийн олон улс орнууд хүнсний бүтээгдэхүүн дээрээ экспорт, импортын хориг тавьж байна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас дотоодын хангамжийг тогтвортой байлгах нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид төмсийг гурван мянган га,  хүнсний ногоог мянга орчим га-р нэмэгдүүлж тариалсан.

Ургац хураалтын ажилд оюутан, цэргүүдийг хүчтэй дайчлан ажиллана

-Нийт хэдэн тоон ургац авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид мэдээж тодорхой хэмжээний ургац авна гээд төлөвлөсөн байгаа. Тэгэхдээ ирэх наймдугаар сард ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үеэр яг хэдэн тоон ургац хураах нь тодорхой болно.
-Төмс, хүнсний ногоо дотоодыг бүрэн хангах хэмжээнд хураагдвал үнийн хувьд хямдрах уу?
-Хэрвээ бид хангалттай хэмжээнд ургацаа авбал үнэ тодорхой хэмжээнд тогтвортой байх боломжтой.
-Ургац тариалалтыг нэмэгдүүлснээр өмнө жилүүдээс их хэмжээний ургац авна гэсэн үг. Тэгэхээр хадгалалтын асуудал гарч ирнэ. Хадгалалтыг хэрхэн шийдэх вэ?
-Улаанбаатар хотыг тойрсон зоорь буюу агуулахтай аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч хадгалалт, борлуулалтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Ургац хураалтын үед хүн хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Мэдээж ургац хураалтын ажилд ажиллах хүчийг нэмэгдүүлэхийн тулд оюутан, залуучуудын дайчлах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Энэ жил нэг шинэлэг зүйл зохион байгуулж байгаа нь ургац хураалтад ажиллах ажиллах хүчний захиалгыг аймгуудаас авна. Нөгөө талдаа ХААИС-ийн оюутнуудыг бүрэн дайчилж ажиллуулах бөгөөд тэдний сургалтын хөтөлбөртэй уялдуулж арга хэмжээ авна. Ерөнхийдөө энэ жилийн ургац хураалтын ажилд оюутан, цэргүүдийг хүчтэй дайчлан ажиллахаар төлөвлөж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн