Ирэх жилийн төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Ирэх жил хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг таван тэрбумаар хассан. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг хүмүүс үүнийг эсэргүүцэж өнөөдөр Төрийн ордны гадна лоозон барин жагссан юм. Тус үйлчилгээний санхүүжилтийг яагаад хассан болон цаг үеийн зарим асуултад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хариулт авлаа.
-Ирэх жилийн төсөвт Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг таван тэрбумаар хассан. Ямар шалтгаанаар хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг хассан юм бэ?
-Монгол Улсын хэмжээнд 2018 оны төсөвт 7.2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн. Энэ хичээлийн жил дуусах хүртэл хүүхэд харах үйлчилгээг ажиллуулах боломжтой. Харин 2019 оны төсөвт 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Яагаад таван тэрбум төгрөг хассан бэ гэхээр ирэх хичээлийн жилээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох хөтөлбөр хэрэгжээд, хүүхэд бүхэн цэцэрлэгт орох боломж бүрдэнэ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний шаардлага багасна гэсэн үг. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа учраас л тав, зургаан хүүхдийг түрээсийн байранд хараад байгаа шүү дээ. Харин ирэх хичээлийн жилд бүх хүүхэд цэцэрлэгтэй болох учраас хүүхэд харах үйлчилгээний шаардлага буурна. БСШУС-ын яам хүүхэд харах үйлчилгээ эрхлэдэг иргэдийн шаардлагыг хүлээж авсан. Ширээний ард суугаад хүүхэд харах үйлчилгээнийхэндээ ойлгуулна. 2.6 тэрбум төгрөгөөрөө ирэх хичээлийн жил хүртэл үйлчилгээгээ явуулах боломж байгаа. Ирэх хичээлийн жилд 142 цэцэрлэг ашиглалтад оруулаад 20 гаруй мянган хүүхдийн цэцэрлэг нэмэгдэнэ.
-Ирэх жилийн төсөвт тойрог бүрд найман тэрбум төгрөг суулгаж байгаа юм байна. Гишүүн бүхэн сургууль, цэцэрлэг барина гээд байгаа?
-Гишүүдийн хамгийн их санаа зовоосон асуудал бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудал. Тиймээс улсын төсөвт цэцэрлэггүй байгаа хороодоо цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудаа хоёр ээлжид оруулах, захын гэр хороололд сургуульгүй хороолол ч олон байна. Тиймээс энэ бүхнийг шийдэж өгөөч гэсэн гишүүдийн саналын дагуу явж байгаа.
-142 цэцэрлэг ирэх жил ашиглалтад оруулна гэж байна. Газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Улаанбаатар хотод газар олдохгүй гэдэг асуудал үүсэх магадлал бий. Гэхдээ аль болохоор газартай байгаа газруудыг сонгож, сургууль, цэцэрлэгээ барина.
-Гэхдээ Ирээдүй өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад 550 тэрбум төгрөгийн хуримтлалаас 187 сургууль, цэцэрлэг барих санхүүжилтийг гаргах нь зөв үү?
-Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа энэ үед иргэдийнхээ буюу нийгмийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх хуримтлалтай болж байгаа сайн зүйл. Хуваарилалтыг хийхдээ Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аас гаргасан ажлын хэсэг энэ шийдвэрийг гаргасан. Би энэ ажилд оролцоогүй учраас байр суурь илэрхийлэх боломжгүй.
-Танай танхимын хоёр ч сайд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болж, энэ санг хариуцаж байсан сайд нь хариуцлага хүлээлээ. Та ЖДҮХС-аас зээл авсан сайд, гишүүдийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Хуулийнхаа хүрээнд л шийдэгдэх байх. Үүн дээр би хувийн байр суурь илэрхийлэхгүй.
-Таны нөхрийг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар өчигдөр томилсон. Мөн охин тань БОАЖЯ-ны газрын даргаар томилогдоод удаагүй байгаа гэсэн мэдээлэл байна. Ёс зүйн хувьд Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд албан тушаалд томилогдох нь хэр зохимжтой вэ. Та үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?
-Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа.