“Нийслэл хүүхэн” ОАУСК-ны “Сүхболд буюу Сүхээ”-ийн дүрээр олны хайрыг татаад байгаа жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Сүхболдтой ярилцлаа. Тэрээр СУИС-ийг төгссөн бөгөөд эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллан яваа залуусын төлөөлөл юм.
-Сүүлийн үеийн уран бүтээл болон хувь хүний үүднээс юу хийж амжуулж явж байна?
-Саяхан Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглээд дууслаа. Баяраас өмнө “Нийслэл Хүүхэн” киноны тусгай дугаар болох “Очироо, Сүхболд – Өвлийн томилолт” нэг ангит контентыг хийлээ. Контент “Univision, Ddish, Looktv” видео санд байршсан. Сүүлд манай Г.Жанчивын найруулж, зохиолыг нь бичсэн “For You” киноны нээлт боллоо. Тухайн нээлтэнд оролцсон. Одоогоор дуу бичлэг, киноны ажлын хажуугаар “Бар жил”-ийн засал номоо хийлгүүлээд явж байна даа /инээв/.
-Засал номоо хийлгүүлнэ гэснээс та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Бага зэргийн шүтлэг бий шүү. Ямар сайндаа Г.Жанчив, И.Төмөрхуяг бид хэд кино зураг авалтад туслахаар явж байхдаа нэг өдөр л гэнэт бүгд мөнгөтэй болж, үсээ засуулах болсон. Тэгээд үсээ засуулж дуусаад байж байтал санамсаргүй байдлаар би өрнийн зурхай нээгээд уншчихлаа. Гэтэл зурхайн дээр "үс засуулбал өвчин эмгэг ирнэ" гэж бичээстэй байлаа. Манай хэд ч тоохгүй. Харин би дотроо сандарч, ямар балай өдөр засуулчихаваа л гэж бодож байв. Тэгсэн тэр оройдоо халуурч, биеэр юм туурч салхин цэцэг тусчихсан. Эмнэлэгт долоо хоног хэвтсэн. Үүнээс хойш аль болох том, жижиг гэлтгүй анхааралтай байхыг боддог болсон. Үс засуулах, зураг авалт эхлэх, хөдөө замд гарах үедээ байнга өдөр, судраа хардаг болсон доо. Бага зэрэг сүжигтэй байхад гэмгүй л гэж боддог шүү.
-Багадаа ямар хүн больё гэж боддог байв. Аав, ээж нь юу гэж захидаг байсан?
-Манай аав, ээж мэргэжил сонголт дээр хаалт тавьж байгаагүй. Өөрийн дуртай хүссэн мэргэжлээ сонгох боломжийг олгосон. Гэхдээ ямар ч мэргэжилтэй хүн байж болно, хамгийн гол нь хүнтэй зөв харьцдаг, зөв хүн байгаарай. Хүнийг хайрлаж байж, хүнээр хайрлуулна шүү гэх үгийг байнга хэлж захидаг байсан. Би багадаа дуучин болох хүсэлтэй байсан. Арван жилдээ хичээл, сурлагадаа сайн байгаагүй ч урлагийн үзлэгээр бол бусдыгаа манлайлдаг байв. Сурагч байхдаа “Хэцүү анги” кинонд тоглосны дараагаар жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болж, СУИС-д шалгалт өгч орсон.
-Оюутны дөрвөн жил нь хэр өнгөрсөн?
-СУИС-д хоёр удаа шалгалт өгч байж тэнцэж байлаа. Жанчив, Төмөрөө хоёртойгоо нэг үе болоод л орсон доо, бид гурав. Эхний жил шалгалт өгөхөд, Жанчив бид хоёр тэнцээгүй бол дараа жил нь дахин өгч тэнцсэн. Энэ хооронд Төмөрөө эхний хэдэн сар хичээлдээ явж байгаад нэг мөр бид хоёртой хамт нэг үед суралцахаар шийдэж сургуулиасаа чөлөө авч байсан даа. Би багадаа Төмөрөөг сайн мэддэг байсан, харин Жанчивтай бид хоёр “Хэцүү анги” кинонд тоглохдоо анх танилцаж, одоог хүртэл нөхөрлөөд явж байна. Бид гурав гурвуулаа дуулах дуртай, сонирхолтой байсан болохоор нэгдүгээр курсийн төгсөх жил “Мааз" хэмээх хамтлагийг байгуулахаар болсон. Манай хамтлаг 2012 онд байгуулагдаж, нийт арваад дуу хийсэн. Үүний гурав нь тухайн үед гарсан даруйдаа хит болж байж билээ.
-Би дурламаар байна, бүтэлгүйтээд гэдэг дуу байдаг мөн тэ?
-Яг тийм. Бас “Эмзэгхэн хайр" гээд дуу байлаа. Энэ дууг “GUYS” хамтлагийн ах нар зохиож бидэнд дуулах боломжийг олгосон. Тухайн үедээ л хүн бүрийн аманд аялагдсан дуу болсон. “Би дурламаар байна” дуу нь болохоор тухайн үеийн залуу насны эрч хүчээр гарч ирсэн. Найз охингүй, эхнэргүй ч байлаа. Ийм үед залууст нэг гоё дурламаар байдаг үе бий шүү дээ. Тэгтэл Төмөрөө, Жанчив бид гурав харагдах талаасаа намхан, туранхай, царай муутай. Дууны агуулга нь “Ямар хамаатай юм бэ царай төрх чинь, Яагаад дурлаж болдоггүй юм бэ, сэтгэл зүрх чинь” зэргээр бүтэж, дуулж байгаа гурвын ч зүс царай, биеийн хэлэмж инээдтэй болж хүмүүст хүрсэн байх. Мөн дууны хувьд ёстой сайхан аялгуутай дуу шүү.
-Яагаад дуугаа хийхээ больсон бэ. Хамтлаг тарсан уу?
-Бид гурав жүжигчнээр төгссөн учир төгссөн мэргэжлээрээ голдуу ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнчлэн, одоо чинь бид гурав залуу үеийнх шигээ завтай биш болжээ. Бүгд тус тусдаа хувийн амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Иймд чөлөөт зав гарах нь багассан. Гэхдээ “Мааз” хамтлаг бол тараагүй. Уран бүтээл хийх л болно. Мөн ямар ч байсан өөрсдийн гаргасан дуугаа пянз болгож хувилаад дурсгал болгож үлдээх болно.
-Анхны тоглосон кино нь Хэцүү анги уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би олны хэсэгт л тоглосон. Урдуур гол дүрийн жүжигчид гарах бол харин би тэдний дундуур ганц л текст ихэвчлэн хэлнэ. Энэ нь “Тийм шүү дээ” гээд л боллоо. Гэхдээ энэ үгийг хэлэх гэж бас их юм болно оо. Яаж хэлбэл гоё болох сонсогдох вэ гээд л их олон талаар оролддог байлаа. Би тухайн үедээ Хар бүрнээ гэх жижиг дүр дээр ажилласан. Үүнээс хойш яг гол дүр гэвэл 5-6 кинонд тоглосон байна. Харин туслах дүр, олны хэсэгт тоглосон кино нэлээд бий.
-Таны хамгийн сэтгэлд үлдсэн дүр гэвэл юуг нэрлэх вэ?
-Би бүх дүрүүдээ хайрладаг. Гэхдээ хамгийн сэтгэлд ойр гэвэл хамтлагийн маань “Би дурламаар байна” дууны кино юм. Энэ кинондоо маш хайртай. Тухайн үед бид бүх л юмаа ломбарданд тавьж, хамтдаа нийлж сэтгэлээ зориулж хийсэн. Зураг авалтын бүх хэсэгт дурсамж байдаг учир, маш үнэ цэнэтэй болж үлдсэн. Харин үүний дараа гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Сүхээгийн дүр таалагддаг. Миний нэр Сүхболд, энэ киноны дүр ч Сүхбат. Гадуур явахад хүмүүс Сүхээ гээд л дуудна. Жинхэнэ нэрээр дуудаж байгаа шиг л ёстой сайхан. Манай хоёр настай охин бүр аав нь яадаг билээ гэхээр “чихээ” дэлдийлгээд инээчихдэг.
-Дөрвүүлээ. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Гурван гүнжийн дунд л оршиж байна даа.
-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байв?
-Анх 2019 оны аравдугаар сарын 7-нд аав болж байлаа. 2019 онд анх бэр гуйж, хоёрдугаар сард эхнэр жирэмсэн гэдгээ хэлж, таван сард гэрлэлтээ батлуулж, долоон сард байраа зохицуулж, есөн сард хуримаа хийлээ, арван сард охинтой боллоо. Бүтэх зүйлс ар араасаа л маш гоё болдог юм байна гэж бодсон.
Охинтой боллоо гээд төрөх өрөө рүү ороход охиныг эхнэр тэвэрчихсэн угтсан. Би анх хараад шоконд ороод, шууд л хараад уйлчихсан. Төрөхөд нь хажууд нь байсан бол уйлаад л байх байсан юм билээ. Анх харахад надтай их адилхан харагддаг. Тэгээд л гарыг нь харсан яг миний гар шиг жижигхэн үсний сүвтэй байж таарсан, би ч бүр хайр хүрчихсэн. Энэ мэдрэмж бол маш гоё юм билээ. Хүүхэдтэй болоход амьдрал өөрөөр эргэж, улам бүр хариуцлагатай болж байгаа шиг санагдсан. Хүнээс дутахааргүй өсгөнө шүү, хичээнэ шүү гээд л дотроо амласан даа.
-Саяхан СТА цол тэмдгээр шагнуулсан. Шагналыг олгосон нь танд хэр хүндтэй санагдав?
-“Нийслэл хүүхэн” киноны нээлтийн үеэр СТА цол тэмдгийг авсан. Мэдээж баяртай байна. Салбартаа зүтгэж ажиллаж байгаагийн хувьд хэзээ нэгэн цагт авах болов уу гэх бодолтой байсан. Яг гэнэт зарлаад хэлэнгүүт нь гоё юм билээ. Цаашдаа илүү эрч хүчтэй ажиллаж, үзэгч, олондоо олон сайхан дүрийг бүтээх болно. Няцахгүй, шантрахгүйгээр энэ биеэ урлагтаа зориулна гэж бодон явж байна. ‘Хөдлөхгүй бол хүртэхгүй’ гэдэг шиг байнга хөдөлж, хөдөлмөрлөж яваарай хэмээн надад олгосон шагнал юм болов уу гэж ойлгон хүлээн авсан.
-Цаашдын уран бүтээл, зорилго нь юу вэ?
-Бодож санаж байгаа зүйл их байна. Эхнээс нь бодит болгохоор зүтгээд, бүтээгээд явж байна. Нэн түрүүнд гэвэл эрчимтэй биеийн жингээ барьж авахгүй бол болохгүй юм байна. Гадуур явахаар “Хүүе ийм тарган, ийм намхан юм уу” гэж ер нь л хэлээд байна шүү. Тэгэхээр бага зэрэг турахыг хичээнэ ээ. Мөн төлөвлөсөн ажлуудаа жигд хийгээд явах болно.
-Ярилцлага авсан iToim.mn сайтын хамт олондоо баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Мөн энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ сайн сайхан эрүүл энхийг хүсч байна. “Нийслэл хүүхэн”-ий тусгай дугаар болох "Очироо Сүхээ өвлийн томилолт" уран сайхны киног Юнивишн, Лүүк ТВ видео сан болон ДДЭШ-ээр хүлээн авч үзээрэй. Мөн “For You” уран сайхны киног бүх кино театраар хүлээн авч үзээрэй. Бүгдэд нь сайн сайхныг хүсье.