Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээж, тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох талаар иргэдийн саналыг авах, хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. Цаазын ялыг сэргээх, эсэх асуудлаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө Хууль зүйн, дотоод хэргийн сайдад саналаа хүргүүлсэн ч албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдлээ. Ер нь салбарын яамны зүгээс Ерөнхийлөгчийн саналд ямар байр, суурь баримталж байгаа вэ?
-Аливаа хуулийн төсөл санаалчлах нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх. Энэ хүрээндээ асуудлыг тавих эрх нь нээлттэй. Гэхдээ одоогоор Ерөнхийлөгчөөс энэ талаар хуульд заасны дагуу хуулийн төсөл хэлбэрээр Засгийн газарт албан ёсны санал ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр суурьтайгаар илэрхийлэгддэг. Гэхдээ Ерөнхийлөгч “энэ асуудлыг судалж үзнэ үү” гэсэн саналаа Засгийн газрын нэг гишүүнд хүргүүлсэн байсан. Уг саналын дагуу манай яаманд сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж санал дүгнэлтээ гаргасан.
-Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсгээс манай улс цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг үед ямар эрх зүйн зохицуулалттай байсан, цаазаар авах ялыг халсан асуудал нь хууль эрх зүйн хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, олон улсын гэрээ эрх зүйн талаасаа хэрхэх ёстой зэргийг авч үзсэн. Цаашлаад манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос гарах эрх зүйн боломж байгаа юу, гарч болдог гэрээ юу, үгүй юү, гарах тохиолдолд ямар зохицуулалт хийх шаардлага байна вэ гэдэг асуудлыг ярилцсан.