Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн бага ангийн багш М.Туул сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн хичээл зааж, сургаж байгаа туршлагаасаа хуваалцлаа.
...Бага ангийн сурагчид гэдэг бол юу ч бичигдээгүй цагаан цаас л гэсэн үг. Тэрхүү ариун цагаан цаасан дээр анхлан бичих хувьтай бага ангийн багшийн мэргэжил бол юутай ч зүйрлэшгүй ариун нандин үйл хэрэг гэж би боддог.
Үзгээ ч барьж чадахгүй балчирхан шавь нараа хараад баярлахгүй ардын багш нэг ч үгүй биз ээ.Тэгвэл давчуухан энэ хорвоод хүмүүн заяанд төрөөд харж, сонсож, ярьж, дуулж, бүжиглэж чадахгүй тэр л бяцхан үрст бидний тусламж хэрэг болсон үед бидэнд “үгүй “ гэж хэлэх эрх байхгүй гэдгийг залуу багш нартаа сануулж хэлэхийг хүсч байна.
Ингээд та нарт сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы үлдэцгүй бидний хэлж заншсанаар хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцъя.
Юуны өмнө хүүхдийн эцэг эхэд маш их сэтгэл санааны дэмжлэг, урам өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдээ бусдаас өөр гэдгийг мэдээд сэтгэл санааны хувьд их дарамтанд орсон, сэтгэл гутралтай, айдастай байдаг. Харин багшийн тухайд эцэг эхийнх нь дэмжлэг тусламжийг авч байж л тухайн хүүхдийг амжилттай сургах учраас та ээж аавыг нь хамгийн сайн туслагчаа болгох хэрэгтэй.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг сургахын тулд багш өөрөө хурууны үсэг, хуруу цифр сурсан байхаас гадна гэр бүлийн орчинд нь хэрэглэдэг энгийн дохио зангааг ч мөн тогтоосон байх хэрэгтэй. Хурууны үсгийг тогтоохдоо эхлээд эгшиг, дараа нь гийгүүлэгч үсгийг тогтоогоорой. Мөн урт эгшгийг дохихдоо богино эгшгийн дохиог сунгах байдлаар дохидог тул үүнийг зөв хийж байгаа эсэхийг сайн хянаарай. Чөлөөт цагаараа ангидаа заах шүлэг, дууны үгийг дохиж байвал дохионы хэлийг амархан сурдаг юм шүү.
Цагаан толгой заах үедээ бусад хүүхэдтэй адилхан үзсэн үсэг, үе, үгийг хуруугаар нь сайн дохиулж байхаас гадна бүх хурууны үсгийг зөв дохиж байгааг ойр ойрхон шалгаж байх нь чухал байдаг. Мөн ээж, аав, ах, эгч, дүү нарыг ч бас стандарт дохионы хэлд сургах нь түүний цаашдын ирээдүйн амьдралд нь маш их эерэг нөлөөтэй байдаг.
Зургаан настай сургуульд орж буй хүүхэд аль хэдийн үгийн утга, мөн чанарыг ойлгосон байдаг бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд аливаа юмсын оноосон нэрийг мэдэхгүй, үгийн утгыг ч ойлгохгүй сургуульд орж ирдэг. Жишээлбэл: харандааг хараад таньдаг, хэрхэн хэрэглэдэгийг нь мэддэг ч “харандаа” гэж нэртэй болохыг огт мэддэггүй. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд дохионы хэлээр ярихаас гадна эх хэл дээрээ уншиж сурах, боловсрол эзэмших нь туйлын чухал зүйл юм.
Тиймээс үзсэн бүх нэр үгийг цээжлүүлэхийн тулд нь зурагтай нь нийлүүлж наагаад шинэ үгийн толь буюу дактил хэлний дэвтэр гаргаж ашиглах нь бичих, зурах чадварыг нь маш сайн хөгжүүлдэг тул бусад хүүхдийн адил хандахад л болно.Үг нүдлүүлсний дараа яриа бичгийн дэвтэр гаргаж хүүхдийг асуултад хариулт өгөх дасгал хийлгэх хэрэгтэй. Жишээлбэл:
Миний нэрийг.................. гэдэг.
Танай гэр хаана байдаг вэ?
Манай гэр Жаргалант сумын Рашаант багийн 16-15 тоот гэх мэтээр бага багаар яриа бичгийн дасгал хичээл хийлгэж байх хэрэгтэй.Асуулт хариултыг хоёр өөр өнгөөр тодруулж будаж өгвөл хүүхэд будилахгүй амар байдаг.
Яриа бичгийн хичээлийн дараа дохионы хэлний хичээл орох хэрэгтэй ба тухайн хүүхдийн амьдралын хамгийн чухал зүйл нь дохионы хэл юм.Учир нь хэрэглэхэд хялбар бөгөөд бусад сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй ярилцах, хөтөч хэлмэрч хүмүүсийн туслалцааг авах үед хэрэгтэй болдог ба үгийг хурууны үсгээр нэг бүрчлэн дохиж байхын оронд дохиог хэрэглэвэл хурдан, ахицтай байдаг.
Мөн дохионы хэлний хичээлийн хамт хэл заслын хичээлийг орох нь зарим авиаг хэлүүлэх боломжит аргуудад сургадаг давуу талтай. Та үүнийг мэдэж авахын тулд мэргэжлийн багш нараас асууж, сайн багшийн туршлагаас судлахаас гадна дохионы хэл, хэл заслын ном сурах бичгийг ч мөн ашиглаж болно.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг сургахад тусгайлсан зарим нэг ур чадвар эзэмшдэг тул ихэнх багш нар халширдаг. Тэгвэл та халшрах хэрэггүй хүүхдээ сургах явцдаа хамтдаа суралцах нь хамгийн зөв, үр дүнтэй шийдэл байдаг шүү. Хүнд сэтгэл дутахаас мэдлэг дутдаггүй. Тиймээс таныг зорин, итгэж найдан ирж буй бяцхан хүүхдүүдтэй хамтдаа хөгжиж, амьдралынхаа түүхийг шинээр бичиж эхлэхээс бүү татгалзаарай. Энэ нь таны амьдралаа хийж буй сайн үйлсийн нэг байх болно шүү.