Open iToim app
Зочин | 4 мин уншина

Монголынхоо 10 аймгийн 5700 км газар мото аялал хийсэн дайчин бүсгүйчүүд

Монголынхоо 10 аймгийн 5700 км газар мото аялал хийсэн дайчин бүсгүйчүүд
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 13
Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар 18 хоногийн турш арван аймгийн 5700 км газарт мото аялал хийгээд ирсэн Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нартай ярилцлаа. Н.Оргилмаа 13 жил мото спортоор хичээллэсэн туршлагатай. Мөн тэрээр айл гэрийн сайн эзэгтэй төдийгүй  13 настай, найман сартай хоёр ихэр охинтой юм.
Э.Эрдэнэчимэг усан спортоор хичээллэдэг бөгөөд Улаанбаатар хотын сонирхогчийн усан спортын тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан амжилттай нэгэн. Тэрээр мото спортоор хичээллээд хагас жил ч болоогүй байгаа бөгөөд аялалд зориулж долоо хоног бэлтгэл хийгээд олон хоногийн, бартаат замын мото аяллаар явсан юм.
-Юун түрүүнд төлөвлөсөн аяллаа амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе. Олон хоногийн мото аялал хийх талаар хэр удаан ярилцаж, төлөвлөсөн тухайгаас яриагаа эхэлье?
-Э.Э:Баярлалаа. Миний хувьд энэ жил мото сонирхлоо хөгжүүлэх зорилгоор хавраас эхлэн “Motor &Mongolia” төвөөс зохион байгуулдаг богино хугацааны аяллуудад хамрагддаг болсон юм. Тэгээд найз Н.Оргилмаатайгаа танилцаж, нөхөрлөөд зуны мото аялал хийхээр төлөвлөсөн болохыг сонсоод хамт явахаар болсон.
-Уг нь 5000 километр явах ёстой байсан гэсэн. Яагаад 5700 километрийн аялал болгон үргэлжлэв?
-Н.О: Бид вансэмбэрүү цэцэг,  хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг очиж үзэлгүй өнгөрөөж чадаагүй юм. 
undefined
-Н.Оргилмаагийн хувьд олон жил мото спортоор хичээллэж байгаа юм билээ. Энэ спортыг сонгох болсон шалтгаанаа юу байв. Нөхөр тань мото спортоор хичээллэдэг гэсэн үү?
-Н.О: Би 13 жилийн турш мото спортоор хичээллэж байна. Анх хотын түгжрэлээс болж, мопит унаж эхэлсэн. Тэгээд бага багаар мотороо ахиулсаар байгаад кроосын төрөл рүү орсон юм. Харин нөхөр маань мото спортын дэд мастер. Бид хоёрын сонирхол нэг учраас өөрсдийн чаддаг мэддэг зүйлсийг хүмүүст зааж, мото спортын давуу талыг мэдрэхэд туслах үүднээс  “Мотор айнд Монголиа” хэмээх мотоциклын аялал зохион байгуулдаг клубийнхээ нээлтийг  2019 онд  хийсэн. Гэхдээ 3-4 жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Мөн мотоциклын засвар үйлчилгээ хийдэг.
-Харин Э.Эрдэнэчимэг долоохон хоног бэлтгэл хийгээд ийм олон километрийн аяллаар явжээ. Аялалд зориулж яг ямар бэлтгэл хийсэн юм бэ?
-Э.Э: Би 2008 онд мотоциклын дамжаанд сууж үнэмлэхтэй болсон юм. Гэвч тогтмол мотоцикл унахгүй байсан учраас төсөөрчихсөн. Гэхдээ найзыгаа аялахаар болсныг сонсоод бэлтгэл хийж байгаад явахаар шийдсэн юм.  Би өөрөө өндөрт гарахаараа айдаг хүн. Аяллын үед малын жимээр явж, нэг л эвгүй хазайвал унах аюултай өгсүүр замаар явахад өндрийн айдсаа даван туулж чадсан.
-Н.О: Ер нь долоон хоногийн хугацаанд сайн бэлтгэж амжихгүй л дээ. Аялалд явахаас өмнө шороон зам дээр кроосын мотоцикл унуулж, мотоциклоор гол туулж, хааз, тоормосоо хэрхэн тохируулах, сэтгэл санаагаа бэлдэхэд зэрэг ерөнхий бэлтгэл хийсэн. Ер нь мотоцикл, машиныг жолоодож байж л сурдаг шүү дээ. Тийм болохоор явж байх үедээ сурчих байх гэж бодоод л аваад явсан юм. Чимгээ маань тэсвэр тэвчээртэй хүн болохоор асуудал гарсан ч даван туулж чадсан.
undefined
-Та урт хэмжээний, олон өдрийн аялалд уг спортоор хичээллээд удаагүй байгаа хүнтэй хамт явахад их хариуцлага ногдсон байх. Э.Эрдэнэчимэгтэй хамт явах болсон шалтгаанаа тайлбарлана уу?
-Н.О: Миний хувьд монгол орноороо 20 мянган километр аялах төлөвлөгөөтэй бөгөөд энэ  аялалд туршлагатай хүн дагуулж явбал, миний аялал утгагүй болно. Уг аяллаараа өөрөө асуудлаа зохицуулж явах чадварыг суулгаж өгөхийг хүссэн юм. Мөн Чимгээ “А” ангиллын жолооны үнэмлэхтэй,  өөрөө аялалд явах чин хүсэл сонирхолтой байсан учраас хамт явсан.
-Мотоциклоо түрж, намаг, шалбааганд суух зэрэг асуудал цөөнгүй байсан байх. Эмэгтэй хүнээс хүч, бяр их шаардсан уу?
-Н.О: Мото спорт засмал замаар явахаас харьцангуй өөр. Гарны хүч шаарддаг учраас Чимгээ маань баяртай болоод ирсэн байх гэж бодож байна. Ер нь мото спортоор хичээллэвэл өөрийгөө ялан дийлэх, тэсвэр тэвчээртэй, зоригтой болно. Харин гоо сайхан талаасаа байнга нар, салхид явж, арьсны өнгө өөрчлөгдөж, бяр, хүч шаарддаг учраас гар “эвдрэх” зэрэг асуудал байдаг. Гэхдээ төлөвлөсөн маршрутынхаа дагуу аялахад дахин давтагдашгүй сайхан мэдрэмж авдаг юм. Өдөр болгон  өөр газарт очиж байсан болохоор сонирхолтой байсан шүү.
-Э.Э: Ширүүн урсгалтай голоор гарах, элсэн дээр явах, шавар намаг дундуур явах зэрэг бартаат замаар мотоцикл унаад явахаар эмэгтэй хүний бяр дутах үе цөөнгүй. Аяллаа дуусгаад гэртээ ирэхэд нөхөр маань гар чинь чанга болчхож гэсэн. 
undefined
-Тэгвэл аяллын үед ямар бэрхшээлүүд тохиолдсон бэ?
-Э.Э: Миний хувьд шинэхэн унаач учраас хатуужил, тэсвэр тэвчээрийг маань шалгасан аялал болсон. Ховдын шумуул, Алтай таван богдын зам, Хүйсийн найман нуур руу “69” фургоноор л явдаг замаар мотогоор явсан. Мөн GPS маань буруу зам руу хөтөлж хоёр километр орчим намгаар явсан. Тэр үед нар шингэх дөхөж байсан юм. Мотоцикл болон гутал маань намагт сорогдож, шумууланд хазуулах гээд хэцүү байсан үе бий. Гэхдээ нэгэнт л төв талбайгаасаа  аяллынхаа гарааг эхэлж, маршрут гарган төлөвлөсөн учир шантрах эрхгүй санагдсан.  Ер нь тав тухтай аялал байгаагүй ээ.
-Н.О:  Бид байнгын чийгтэй нойтон гуталтай явсан. Бүр гутлынхаа гадуур уут углаж явсан. Энэ нь эмэгтэй хүний хувьд хэцүү байсан. Мөн Баян-Өлгий аймгийн өндөрлөг газраар явах тусам үүрээр даарч хонодог байлаа.  
-Та хоёр цахилгаан бороохой авч явсан гэв үү?
-Э.Э: Тийм. Хүмүүс нийгмийн сүлжээгээр араасаа сервисийн машин дагуулсан уу, гал тогоогоо тусад нь ачуулсан уу, хань болгож, машин дагуулж явав уу гэж асууж байсан. Гэхдээ бид хоёр гал тогоо, хувцас, мишокоо мотоцикл дээрээ тавиад л явсан. Бид хоёрын холын аялалд “хань” болсон ганц зүйл нь цахилгаан бороохой. Гэхдээ тайван амгалан нутагт төрсөн болохоор цахилгаан бороохойгоо гар чийдэнгийн зориулалтаар ашиглаж ирсэн.
-Дараагийн аяллынхаа төлөвлөгөөг гаргасан уу?
-Э.Э: Ярилцаж амжаагүй л байна. Аялал хүний дотоод зан чанарыг нээж өгдөг учраас бие биенээ сайн ойлгодог болсон. Тиймээс дараа дараагийн аялал болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор төлөвлөгөөгүй л байна. 
undefined
undefined
undefined
undefined
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн