Хятадын Гуандун мужид коронавирусийн халдвар нь эдгэж эмнэлгээс гарсан нийт иргэдийн 14 хувьд нь “Covid-19”-ын халдвар дахин илэрсэн талаар тус улсын “Caixin Global” агентлаг мэдээлжээ.
Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга, доктор Сонг Ти энэ талаар товч мэдээлэл өгөхдөө “Одоогоор хэрхэн ийм зүйл болсон болон яагаад өвчтөнүүд халдвартай хэвээр байгаа талаар тодорхой дүгнэлт гараагүй байна. Гэсэн ч шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээс үзэхэд эдгээр өвчтөнүүд нь шинэ төрлийн коронавирусийн халдвар нь бүрэн эдгээгүй байсан гэж үзэж болохоор байна” гэсэн юм.
Харин Гуандун мужийн Гуанжоу хотын Наймдугаар нэгдсэн эмнэлгийн захирал, доктор Ли Юэпин “Коронавирусийн халдвараас эдгэсэн иргэдийн дунд хийсэн давтан шинжилгээгээр манай эмнэлэгт хэвтэж байсан 13 өвчтөнөөс “Covid-19” халдварын эерэг дүн гарсан. Гол нь эдгээр хүмүүсийн хэнд нь ч халдварын шинж тэмдэг дахин илрээгүй. Мөн эдгээр хүмүүстэй ойр харилцаанд байсан хүмүүст хийсэн шинжилгээний дүн сөрөг гарсан” гэж мэдээлсэн байна.
Тус эмнэлгийн өөр нэг мэргэжилтэн доктор Цай Випингийн хэлснээр халдвараас эдгэсэн хүмүүсийн шулуун гэдэснээс арчдас авч шинжлэх үед 14 хувьд нь “Covid-19”-ын халдвар дахин илэрсэн байна. Шулуун гэдэсний арчдас авч шинжлэх арга барил нь “Covid-19” вирусийг оношлох тийм ч түгээмэл техник биш юм. Хятадын Эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн коронавирусийн халдварыг оношлохдоо амьсгалын замын халдвар гэдэг утгаар нь зөвхөн хоолой болон хамрын салстын арчдасаас авсан дээжээр шинжлэх арга барилыг ашиглаж буй. Гэсэн ч зарим судлаачид өвчтөний ялгадсаар халдвар тархах эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа юм.