Open iToim app
Анализ | 3 мин уншина

Н.Энхболд: Сайд болж амжаагүй 11 хүн юу бодож байгааг таашгүй

Н.Энхболд: Сайд болж амжаагүй 11 хүн юу бодож байгааг таашгүй
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 10
Уламжлал ёсоор жил бүр болдог ч, үр дүн нь төдийлөн мэдрэгддэггүй Монголд хөрөнгө оруулагчдын чуулган өчигдөр дууслаа. Хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн хямралаас гадна хүлээлгийн горимд оруулж байгаа гурван хүчин зүйл байгааг энэ үеэр онцлов.
Эхнийх нь, өнөөгийн Засгийн газрын тогтвортой байдал, хоёр дахь нь 2016, 2017 онд болох улс төрийн сонгуулиас үүдэлтэй улс төрийн орчин, гуравт 2017 оноос бондын мөнгөө хаанаас хэрхэн төлөх нь чуулганд оролцогчдын хамгийн их сонирхсон асуулт байлаа.
Эхний асуултын хувьд Ерөнхий сайд гадаад томилолттой, зургаан сайд нь ажлаа аваад дөнгөж нэг хонож байгаа учир Засгийн газрыг төлөөлж баттай хариулах хүн байсангүй. Олонхийг буюу АН-ыг төлөөлж очсон Л.Болд гишүүн “тогтвортой ажиллуулахын төлөө байгаа” гэв. Сөрөг хүчнийг төлөөлж гишүүн Н.Энхболд “Засгийн газраа тогтвортой ажиллуулах, үгүй нь АН ба түүний хамтрагч МАХН-ын л асуудал. МАН бол тогтвортой ажиллаасай л гэж хүсч байна. Гэхдээ сая сайд нарыг томилох чуулганы хуралдаан дээр нэг гишүүн, олонхийг бүрдүүлж байгаа АН, МАХН-аас одоо сайд болж амжаагүй 11 хүн л үлдлээ гэж байна лээ. Энэ их сэжигтэй үг, сайд болж амжаагүй 11 нь юу бодож байгааг таашгүй” гэв.
Хоёр дахь асуулт буюу Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хуулийн өрчлөлтийг энэ УИХ хийж амжихгүй байх гэж МАН-ын төлөөлөл хэлсэн бол Л.Болд гишүүн “ядаж Үндсэн хуулиа өөрчилмөөр байна. Хэрвээ чадахгүй бол бүх бэлтгэлийг нь хангаад дараагийн УИХ-д өөрчлөх эрхийг нь үлдээх хэрэгтэй” гэсэн юм. Энэ асуултад ноён Баабар, манай Үндсэн хуулийн нөөц зуун хувь шавхагдаагүй. Хийх өөрчлөлт байгаа юу гэвэл байгаа. Ажлын хэсэгт хэн ажиллаж, ямар бүтэцтэй парламент өөрчлөх нь бас чухал шүү. Одоо явж байгаа төслөөр бол Үндсэн хуулийн өөрчлөх ажлын хэсгийн ахлагч нь Фортуна /гишүүн Н.Батбаяр/ шүү гэсэн юм. Эдгээр хүмүүсийн хариултаас харвал энэ УИХ цаг хугацааны хувьд Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж бараг чадахгүй бололтой. Учир нь эдгээр хуулийг өөрчлөх сүүлийн боломжит хугацаа 2016 оны нэгдүгээр сарын эхээр дуусах юм. Үндсэн хуульд зааснаар дээрх хуулиудыг УИХ-ын ээлжит сонгуулиас зургаан сараас өмнө өөрчилж болдоггүй юм. УИХ-ын дарга нэгэнтээ “есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийг өөрчилнө” гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Тэр нь “наадмын өмнө Сонгуулийн хуулийг батална” гэж хэлж байсантай адил худал болж таарав. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл, УИХ хажуугаар нь өөр асуудал хэлэлцдэггүй дэгтэй. Одоо есдүгээр сар дундаа орж, удахгүй намрын чуулган эхэлнэ. Намрын чуулган бол ерөнхийдөө улсын төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого зэрэг бас л цаг хугацаанд шахагдсан хуулиудыг батлахад зориулагдсан байдаг юм. Иймд кнопны олонхиор гэхээсээ бараг бүх заалт нь зөвшилцлөөр явах Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хуулийг өөрчилж суух цаг бараг л гарахгүй бололтой.
Харин гурав дахь асуулт буюу бондын өрийг хаанаас хэрхэн төлөх тухайд янз бүрийн санаа гарав. Хамгийн муу хувилбар нь хэрвээ хөрөнгө оруулалт орж ирэхгүй, Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол бондын өрөө ахин бонд босгож төлөх тухай байлаа. Өөрөөр хэлбэл, өрөө ахин өр тавьж төлнө гэсэн үг. Энэ муу хувилбар нь бас муу мэдээтэй. Бондын өрөө төлөхийн тулд бонд босгох гэж байна гэхээр итгэж мөнгөө өгөх хүн олдох уу, үгүй юү гэдэгт хариулах хүн харин олдсонгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн