Манай www.iToim.mn сайт дунд сургуулийн хичээлийн цагаар интернэт сүлжээг унагах, сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах санал дэвшүүлсэн цуврал нийтлэлүүдээ хүргэж эхлээд байгаа билээ. Бид өмнө нь ухаалаг гар утсыг хичээлийн цагаар хориглох шалтгаанууд, олон улсын туршлага, сайтын санаачилгын талаар, мөн мэргэжлийн эмчийн "Дэлгэцийн дон" гэгч бие даасан өвчин, ухаалаг гар утсанд донтох нь бусад донтолтуудын эхлэл үе нь болдог тухай яриа, хичээлийн цагаар сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хориглосон сургуулиуд тэдгээрийн үр дүнгийн тухай зэрэг цуврал нийтлэл хүргэсэн билээ.
Энэ удаад бид УИХ-ын зарим гишүүн болон БСШУ-ны сайд Л.Гантөмөр бидний дэвшүүлсэн саналыг хэрхэн хүлээж авч байгаа талаар байр суурийг хүргэхээс гадна, ухаалаг утаснаас болж хүүхдүүд гэмт хэрэгт хэр зэрэг холбогдод талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад Д.Оюунтай ярилцсанаа хүргэж байна.
Зарим сургуулийн эцэг эхийн зөвлөл, сургуулийн удирдлагууд хэлэлцээд ухаалаг утас хүүхдэд бариулахгүй гэдэг шийдвэр гаргасан сайн жишээнүүд байна. Энэ жишгээр сургууль бүрийн удирдлагууд санаачилгатай ажиллавал эцэг эхчүүдээс гадна хүүхдүүд өөрсдөө дэмжинэ гэж би бодож байгаа. Ялангуяа ухаалаг утасны хор хөнөөлийг хэлж өгөөд холбоо барих хэрэгслээ зөв сонгох хэрэгтэй гэж хэлэхэд хүүхдүүд дуртай байгаа нь анзаарагддаг. Сургуулийн удирдлагуудын зүгээс гарах санаачилга болох ёстой. Зарим зүйл дээрээсээ доошоо биш доороосоо дээшээ явдаг аргууд бий. Яам, сайд хорьсон гэхээр ойлгохгүй. Тиймээс өөрсдөө хэлэлцүүлэг хийгээд компьютер тоглоом, гар утаснаас холдъё гэсэн Монген сургуулийн сайн жишээ байна. PC тоглоом хэр хортой вэ гэдэгт ангиараа судалгаа хийгээд хор хөнөөлийг нь өөрсдөө тогтоогоод, үүнээс хэрхэн холдох вэ гэдэг хэлэлцүүлэг хийсэн байдаг. Энэ ажлын үр дүнд хүүхдүүдийн 80 гаруй хувь нь PC тоглохоо байсан. Тэгэхээр хүүхэд, эцэг эхчүүд, сургууль удирдаж байгаа хүмүүст асуудлаа шийдэх боломж бий. Танай агентлагийн нийтлэлийн үр дүнд сургуулиудад хэлэлцүүлэг явуулбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь хэрэглээг нь хумих шаардлага бол байгаа. Ингэхдээ анхан шатнаасаа асуудлаа шийдээд явбал илүү үр дүнтэй гэж би харж байна. Утсыг сургуулийн орчинд хэрэглэх нь буруу гэж бодож байгаа. Харин сургалтын зорулалтаар "tablet"-уудыг өргөн ашиглавал зүгээр. Түүнээс гар утас заавал ухаалаг, гоё байх шаардлагагүй шүү дээ. Холбоо барьдаг байхад л дунд сургуулийн сурагчдад хангалттай.
Хичээлийн үеэр хүүхдэд утсыг нь хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авах нь зөв. Сингапурт хичээл эхлэхэд сурагчдын утсыг хурааж аваад тарахад нь өгдөг. Ухаалаг утас нэгдүгээрт хүүхдийн эрүүл мэндэд хортой, хоёрдугаарт хүүхэд хичээл дээрээ төвлөрдөггүй. Хичээл орж байхад мессэжинд хариу өгөөд, фэйсбүүк хэсээд байвал хүүхдийн сурлагад ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Энэ талаар намайг байр сууриа илэрхийлэхээр хууль гаргах гэж байна гэж зарим хүн ойлгож болохгүй. Үүнийг бол хуулиар зохицуулах асуудал биш. Сургалтын орчин дээр нь багш нарт нь үүрэг даалгавар өгөөд зохицуулах асуудал.
Ухаалаг гар утас бол хүн төрөлхтөний оюун санааны дэвшил. Биднийг бага бага байхад аав ээж нар маань үлгэр уншиж өгч, өөрсдөө ч номонд дурладаг байсан. Бүх зүйл цахим болсон энэ цаг үед уламжлалт зүйлээ хадгалаад явах ёстой гэж бодож байна. Нөгөө талаараа ухаалаг гар утас цахим ертөнцөд шууд нэвтэрнэ. Хүүхэд цахим ертөнцөд орсноор хүчирхийлэл, садар самуун, буруу мэдээлэл авах боломжтой болно. Тиймээс хичээл сургууль дээр утас ашиглахыг хориглох нь зөв гэж бодож байна. Би эмч хүн. Утаснаас гарч байгаа долгион хорт хавдар үүсгэдэг. Тиймээс хүүхэд утаснаас салахгүй байх нь эрүүл мэндэд нь маш их хортой. Хүүхэд аль болох оюун ухаанаараа хичээлдээ шамдан суралцах хэрэгтэй. Баруунд ямар нэгэн уулзалт, хичээлийн үеэр утас ашигладаггүй соёл бий.
Ухаалаг гар утсыг ухаалгаар хэрэглэхийг томчууд нь үлгэрлэх ёстой. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд л утсаа бариад суучихдаг болсон. Ажил дээрээ ч гэсэн утаснаасаа салахгүй. Тиймээс ядаж сургуулийн орчинд хүүхдийн утасны хэрэглээг хязгаарлах нь зөв. Техникийн боломж байдаг бол завсарлагааны цагаар утас нь ажилладаг байдлаар зохицуулбал зүгээр.
-Та хүүхэдтэй юу. Хүүхэдтэй бол гар утсаараа тоглуулдаг уу?
-Би дөрвөн настай хүүхэдтэй. Хүүхдийн эмч биш ч гэсэн хүүхдийн байцаагч байсан учраас тодорхой хэмжээний мэдээллийг авдаг. Гар утас хүүхдийн тархи, зүрхний үйл ажиллагаанд маш хортойгоос гадна хүүхдийн дархлааг сулруулж, стресст оруулдаг гэж танай сайтад гарсан мэдээллийг уншсан. Энэ талаар би найзууддаа хэлдэг. Ийм учраас гар утсаа хүүхдэдээ бариулдаггүй. Өөрийн утсандаа хүүхэд тоглох боломжтой тоглоом суулгадаггүй. Гар утсаа ч харилцаа холбооны хэрэгсэл гэдэг утгаар нь ашигладаг. Гэрийн нөхцөлд гар утсаараа интернэт ашиглахгүй байхыг боддог.
-Хүүхдийн байцаагчаар хэдэн жил ажилласан бэ. Компьютер тоглоом болон гар утасны тоглоомонд донтсон хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан гэж сонссон?
-Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 2008-2011 онд хүүхдийн байцаагчаар ажиллалаа. Хүүхдийн хүмүүжилд интернэт, цахим орчин сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Хэдий техник, технологи хөгжсөний хэрээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зөв боловч сургуулийн насанд нь, суралцах хугацаанд нь ухаалаг утас, цахим тоглоом сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд суугаа байдалд олон цаг тоглосноор донтдог. Би хүүхдийн байцаагч байхдаа судалгаа хийж үзсэн. Ямар хүүхэд, яагаад тоглож, донтдогийг судалсан. Ар гэртээ асуудалтай, ангийн хүүхдүүдээ сурлагаар болон бусад төрлөөр ялан дийлдэггүй буюу өөрийнхөө дийлж чаддаггүй зүйлээ интернэт болон цахим орчинд тоглож, ялж байж сэтгэл ханамжийг 100 хувь авдаг гэж хүүхдүүд тайлбарладаг байсан. Тэгэхээр энэ нь аливаа зүйлийг хүч хэрэглэн дийлэх, давамгайлах хүслийг төрүүлж эхэлдэг. Ингээд хүүхдүүд эцэг, эхээсээ зөвшөөрөл авч, өгсөн мөнгөнд нь тааруулж цагаар тоглодог байсан бол сүүлдээ эцэг, эх нь зөвшөөрөхгүй бол хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Ноцтой хохирол учруулахгүй ч гэсэн аав, ээж, эмээ, өвөөгийнхөө халааснаас бага багаар мөнгө хулгайлж эхлээд сүүлдээ худлаа ярьдаг болдог. Гэрийнхээ үнэтэй цайтай зүйлсийг бага мөнгөнд тавьж тоглодог болдог. PC тоглоомын газар насанд хүрэгчидтэй нэг танхимд тоглодог учраас тэднээс хараалын үг болон бусад буруу үйлдлийг сурдаг. Мөн том тэдний гар хөл болох, тэдэнд үйлчилж эхлэх, бусад мөнгөтэй хүүхдийг зааж өгч булаалт, дээрмийн гэмт хэрэг үйлдлүүлээд өөрсдөө урамшуулал авдаг. Гэмт хэргийн орчин талаас ийм асуудлууд гардаг. Нөгөө талаас хүүхдүүд сургуулийн хичээлдээ удаан сууж чадахаа больж PC тоглоомын газар луу гүйх гээд байдаг.
-Тоглоомонд донтсон хүүхдүүд хичээл таслахаас гадна хичээлдээ суусан үедээ гар утсаараа оролдож, сургалтын чанар муудаж байна гэж хүмүүс хэлж байна лээ?
-Ухаалаг гар утас нэвтэрснээр хүүхдүүдийн хичээлийн идэвхийг бууруулж байна. Бүх хариултыг интернэт орчноос google-ээс хайж олдог болчихлоо. Биднийг дунд сургуульд байхад хичээл дээр тооны машин хэрэглэхийг хориглодог байлаа шүү дээ. Гэтэл одоо гар утас, интернэт дээр бүх төрлийн хичээлийн зөв хариулт байж байна. Иймээс хүүхдүүд толгойгоо ажиллуулж, бичиж, уншихаас илүүтэйгээр интернэтээс шууд зөв хариултыг олж оюун ухааны хөгжүүлэхгүй байгаа нь харамсалтай байна.Ерөнхий боловсролын сургуулийн багш нар маань сурах бичиг хангалтгүй гэсэн шалтгаанаар хүүхдүүдийг номноос гар утсаараа зураг дарчих гэдэг болсон байна лээ. Хүүхдүүд тасалсан, хоцорсон хичээлээ хүний дэвтэрнээс гар утсаараа зургийг нь аваад хуулчихдаг болсон байна. Нэг нь гэрийн даалгавраа бүрэн хийсэн байлаа гэхэд фейсбүүкт тавьж бүтэн ангиараа хуулдаг болсон байна. Энэ бол хүүхдийн хөгжих боломжийг үнэхээр их хааж байна. Үүнд сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд маань дуу нэгтэйгээр анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүүхдэд суурин сууж унших, бичих, цээжлэх даалгаврыг сайн өгөхгүй бол болохгүй байна. Дунд сургуульдаа ийм аргаар үлгэн салган явсан хүүхэд их, дээд сургууль, ажил мэргэжилд гарахад хэцүү. Бүх юмыг бэлэнчилснээр адаглаад зөв бичгийн дүрэм, сэтгэн бодох чадвар хоцрогдсон байдаг. Гараар бичсэн, ном эргүүлж уншсан зүйлс хүний ой тоонд илүү удаан хадгалагддаг. Гар утсаараа дараад тэрийгээ хуулж бичих нь авсан зургаа утаснаасаа устгаж байгаа шиг оргүй мартагдана.
-Эцэг эхчүүд ч хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэндээ хүссэн хувцас, үнэтэй утсыг нь авч өгдөг. Гэтэл үнэтэй зүйл хэрэглэдэг хүүхдүүд дээрэм халдлагад их өртдөг гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ талаар тодорхой мэдээлэл цугларсан байдаг уу?
-Бидний багад дунд сургуулийн сурагчид формоор жигдэрдэг байсан. Ингэж баян, ядуугийн ялгааг далдалдаг байсан. Гэтэл одоо хүүхдүүдийн эдэлж хэрэглэж байгаа зүйлс эд хөрөнгийн ялгааг нэмэгдүүлж байна. Эцэг эхчүүд хүүдээ бусдаас дутаахгүй гэсэндээ үнэтэй утас авч өгч байгаа нь гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг нь бүрдүүлдэг. Одоо хичээлийн улирал эхэлчихсэн эрт гэгээ тасарч байна. Өвөл 5, 6 цаг гээд л бүрэнхий болчихно. Хүүхдүүд гэртээ харих замдаа хулгай, булаалт, дээрмийн гэмт хэргийн хохирогч болох нөхцөл ихээр нэмэгддэг. Судлаад үзэхээр, нэг сургуулийн хүүхдүүд нэгийгээ “тэр ийм утастай, энэ ийм утастай” гэж мэдээлэл өгсөн байдаг. Нөгөө талаасаа “Энэ сургуулийн хүүхдүүд ийм төвшний гар утас хэрэглэдэг” гэдгийг хулгай, дээрмийн хэрэгтнүүд судалчихсан байдаг. Хүүхдүүд хичээлээ тараад заавал аав, ээж рүүгээ ярьдаг. Энэ үед нь отож байгаад нөгөө хүмүүс хүүхдийг дээрэмддэг. Гар утсыг нь авах далимдаа нөгөө хүүхдийг зодох, гэмтээх тохиолдол их. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхэддээ аль болох хямдхан, хүний анхаарал татахааргүй утас авч өгч байх хэрэгтэй байна. Нэг талаас хүүхэд хичээл дээрээ утсаар оролдохгүй. Нөгөө талаар хүүхдийн чинь утсыг хулгайч, дээрэмчид сонирхохгүй.
Манай санаачилгын талаар "жиргээ хэлэлцүүлэг" болон фэйсбүүкээр санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн сэтгэгдлээс тоймлон хүргэж байна