Энэ оны төсвийг шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй байхаар баталсан. Харин он дамжин хийгдэж байгаа 80-иас дээш хувийн гүйцэтгэл бүхий төслийн санхүүжилтийг дахин вексель бичиж санхүүжүүлэхээр тусгасан юм. Ингэхдээ төсөвлөсөн хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй бол 2017 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр вексель бичих хэлбэрээр санхүүжүүлэхээр тооцсон. Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.
Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2017 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болорт даалгаж, төсөл арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
2015 онд улсын төслийн орлого 1.1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан дүнтэй гарсан. Засгийн газар төсвийн орлогын тасалдлыг нөхөх үүднээс Засгийн газрын үнэт цаас ихээр арилжаалсан ч төсөв хүндэрч Засгийн газар төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэгчдийн өр төлбөрийг барагдуулахын тулд бага өгөөжтэй вексель бичиж , санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ойролцоогоор 170 гаруй тэрбум төгрөгийн вексель бичиж, арилжааны банкуудаас бага хүүтэй зээлсэн. Энэ оны төсвөөс 170 тэрбум төгрөгийн векселийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. Бондын өрийг шинэ бондоор орлуулж болдог бол векселийг векселиэр санхүүжүүлдэггүй. Тиймээс тодорхой заасан хугацаанд эргэн төлөх үүргийг Сангийн яам хүлээж байгаа. Тиймээс л энэ оны төсөвт шинээр хөрөнгө оруулалт санхүүжилтийг хуваарилаагүй юм.
2008-2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан ч тухайн жилдээ төсвөөс бүрэн санхүүжилтээ авч чадаагүй, давхардсан тоогоор 230 гаруй төсөл, арга хэмжээ байгааг мэдээлж байсан. Нийт 440 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт юм билээ. Үүнээс өнгөрсөн онд 100 гаруй төсөлд 170 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн гэж тооцвол энэ онд 200 гаруй тэрбум төгрөгийн вексель буюу өрийн бичгийг Сангын яамнаас гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Маш олон компани, тэр дундаа барилгын компаниуд улсаас хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүйгээсээ болж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, банкны зээлээ төлж чадахгүй шинээр бүтээн байгуулалтын ажил эхлүүлж чадахгүй зогсонги байдалд ороод байгаа. Тиймээс вексель бичиж санхүүжилтийг шийдвэрлэх ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж буй.
Гэхдээ 2017 оноос Чингис бондын эргэн төлөлтийг хийх учраас төсөвт маш их ачаалал ирнэ . Дээр нь нэмж вексель гаргаснаараа бондын төлөлтөөс өмнө илүү ачааллыг үүрэх болно гэсэн үг. Ирэх жил эдийн засаг сайжрахгүй бол векселийн өр төлбөр эргээд улсын төсвийг улам л хүнд байдалд оруулах эрсдэл байгаа юм.