Open iToim app
Ерөнхийлөгч | 5 мин уншина

​Л.Пүрэвсүрэн: Францын тал Монголыг Ази дахь онцгой түнш гэж үздэг

​Л.Пүрэвсүрэн: Францын тал Монголыг Ази дахь онцгой түнш гэж үздэг
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Айлчлалтай холбоотой асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Саяхан халдлага болсон Франц улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны бусад хүмүүстэй айлчиллаа. Хэдийгээр хүнд цаг үе байсан ч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй айлчлал ихээхэн ач холбогдолтой боллоо гэж Францын тал дүгнэж байна. Айлчлалын хүрээнд ямар хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-19-нд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал амжилттай өндөрлөж байна. Энэ өдрүүдэд Парис хотод алан хядах ажиллагаа явагдсан боловч төлөвлөж байсан айлчлал учраас хоёр тал ярилцаад хэрэгжүүлсэн нь дээр гэж шийдсэн. Үүн дээр Францын тал талархлаа илэрхийлж байна. Хүнд үед нь гаднын улсын Ерөнхийлөгч ирсэн нь халдлага гарсан ч төрийн ажил зогсолтгүй явж байна гэсэн мессэжийг олон улсын төвшинд харуулж байгаа нь энэ айлчлал чухал гэдгийг хэлсэн. Айлчлал бол олон хүний олон сар бэлдсэн хөдөлмөр байдаг. Өнөөдөр хоёр талын Ерөнхийлөгч хэлэлцээ хийгээд харилцааны долоон баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд гол гол сайдууд нь байлцаж, Монгол Улстай тогтоосон харилцаанд ач холбогдол өгч байгааг харууллаа. 50 жилийн өмнө манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон. Гэхдээ зөвхөн энэ 50 жилээр хоёр орны харилцаа хязгаарлагдахгүй. Аль Өгөөдэй хаан гэхэд Францын хаанд захиадал бичиж, хоёр улсын хооронд холбоо тогтооё гэсэн байдаг. Дээрээс нь Францын анхны дипломатууд, Геондо Рубрук гэдэг хүн Хархориумд очсон нь Европоос Монголд очсон анхны аялагч гэж эдний түүхийн баримт бичигт бичсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол-Францын хооронд өргөн харилцаа тогтсон байна. Францын талаас Монголыг Ази дахь онцгой түнш гэж гадаад бодлогынхоо үзэл баримтлалд тодруулсан байгаа юм. Өнөөдөр үүнийгээ Францын талаас нотлож байна. Францын Сенаторын дарга нь, гадаад хэргийн сайд нь, парламент дахь Монголын бүлэг гээд маш олон хүн уулзлаа. Улаанбаатарт сууж байгаа Францын Элчин сайд яам бол Европын холбооны улсуудаас сууж байгаа Элчин сайдын яамдуудаас хамгийн олон дипломаттай нь. Үүгээрээ ч Монгол Улстай тогтоосон харилцаандаа ямар их ач холбогдол өгч байгаагаа харуулж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Үүгээрээ улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, олон улсын төвшинд хамтран ажиллах олон зүйлийг багтаасан. Энэ бол хоёр улсын олон жилийн харилцааг баталгаажуулж явах суурь баримт бичиг болно гэсэн үг. Мөн соёлын хэлэлцээрүүд, оюутан сургах тухай Францын тэтгэлгээр, хөдөө аж ахуйн асуудлаар гээд олон чухал баримт бичигт баримт зурлаа.
-Мал аж ахуй, соёлын харилцааны асуудлаар шийдсэн ажлууд юу байна вэ?
-Франц улс бол дэлхийн том улсуудын нэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын холбооны гол орнуудын нэг, НАТО-гийн гишүүн гэх мэт. Бид саяхан зарласан байнгын төвийг сахих бодлогоо ярьж ойлгууллаа. Мөн улс төрийн харилцаагаа хэрхэн өргөжүүлэх тухайгаа нэлээд нухацтай ярилцлаа. Мөн Европт байгаа дүрвэгсэд болон алан хядлагатай холбоотой асуудлаар, Монгол Улсын оршиж байгаа бүс нутгийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Айлчлалыг ерөнхийд нь хоёр чиглэл рүү чиглүүлсэн гэж болно. Нэгдүгээрт, эдийн засгийн чиглэл. Эдийн засгийн чиглэлд Монгол Францын хооронд 63 сая ам.долларын эргэлттэй байгаа. Манай экспортын хэмжээ харамсалтай нь маш бага буюу 9.3 сая. Бусад нь Францынх. Энэ байдал цаашид өргөжих боломжтой гэж хоёр тал үзлээ. Франц бол Европын хөдөө аж ахуйг тодорхойлогч улс. Энэ утгаар нь Францаас сурах, хамтарч ажиллах зүйл олон. Ерөнхийлөгч өчигдөр мал эмнэлгийн сургууль дээр нь очсон. Малын хээлтүүлэг, генетикийн нөөц зэргээр сонин танилцуулга үзсэн. Өнөөдөр бас Олон улсын мал эмнэлгийн байгууллага дээр очлоо. Бид 70 сая гаруй малынхаа ашиг шимийг үзэх ёстой. Үүний тулд малын эрүүл мэндийг суурь болгох хэрэгтэй юм байна. Францын чиглэлд энэ тал дээр тусалж, дэмжие гэж байна. Хоёр дахь чиглэл нь соёлынх. Франц бол эртний агуу соёлтой, түүнийгээ авч үлдсэн улс. Ийм улстай соёлын хэлэлцээр байгуулна гэдэг бол монголоороо байх тал дээр маш чухал. Хэл соёлоо авч үлдэх болон киноны салбарыг хөгжүүлэх тал дээр гарын үсэг зурсан. Шашин хоорондын чиглэлээр ч хамтаръя гэж ярилаа. Хэдий хүнд үе дайрсан ч айлчлал амжилттай боллоо.
-Соёлын харилцааны хүрээнд оюутан солилцоо хэдийд хэрэгжиж эхлэх вэ?
-Оюутан солилцоо гарын үсэг зурсан цагаасаа хэрэгжиж эхэлдэг. Францад жил бүр 10 оюутан сургая гэж байгаа. Харин ямар мэргэжлээр сургах вэ гэдгээ нарийн харах ёстой. Мал эмнэлгийн чиглэлээр Монгол Улсад мэргэшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй юм байна гэдгээ харлаа шүү дээ.
-Цэвэрлэх байгууламжийн асуудал яригдав уу?
-Францын тал бол Монголын хот байгуулалтад нэлээд оролцдог. Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийг хийж өгсөн байдаг. Тэр туршлагаараа Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж дээр ажиллахад бэлэн байна гэдгээ Францын компаниуд илэрхийлсэн. Гэхдээ манай Засгийн газар концессоор шуурхай шийдээд явъя гэсэн байгаа. Тийм учраас энэ удаад дорвитой яригдсангүй.
-Монгол, Францын бизнес форумыг нээж Ерөнхийлөгч үг хэлсэн. Хоёр улсын бизнес эрхлэгчдээс хамтын ажиллагааны ямар санал, санаачилга гарсан бэ?
-Хоёр талаас 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Монголын талаас Ажил олгогч эздийн холбоо зохион байгуулж энд ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлж, Аж үйлдвэрийн Д.Эрдэнэбат сайд илтгэл тавилаа. Ер нь уул уурхайгаас гадна технологи, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн, санхүүгийн, банкны төлөөллүүд ирлээ. Дараагийн долоо хоногт Францын Парис эргээд дипломат арга хэмжээний төв болно. Арваннэгдүгээр сарын 30-нд Уур амьсгалын асуудлаархи дээд хэмжээний уулзалт болно. Энд 136 орны төр, засгийн тэргүүнүүд ирж оролцох юм байна. Францын сэргээгдэх эрчим хүчний компаниуд Монголын салхи, говийн нарийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ажиллая гэж байна лээ. Мэдээж Засгийн газар гаднын компанитай хамтраад бизнес явуулна гэвэл хэцүү. Зах зээлийн зарчмаар явж байгаа манай улсын хувьд хоёр улсын бизнесмэнүүд хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй.
-Цөмийн энергийг ашиглах талаар айлчлалын хүрээнд яригдсан зүйл бий юу?
-Энэ асуудлыг яриагүй. Бид хуулиа өөрчилье гээд өргөн барьсан байгаа. Тиймээс эхлээд хуулиа харах ёстой. Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар түлхүү ярилцлаа. Франц бол цөмийн эрчим хүчээр онцлогтой улс. Хэрэглээнийхээ 85 гаруй хувиа цөмийн технологиор гаргаж авдаг.
-Арева компанийн асуудлаар хөндөж ярилцав уу?
-Үгүй. Арева гэрээгээ байгуулаад ажлаа явуулж байгаа гэж л үзэж байгаа. Манайх шинэ хуулиа өөрчилж байгаатай холбоотойгоор дахиж ярилцах зүйл байгаа болов уу. Нэмж хэлэхэд, Франц улс сансрын технологиор хөгжингүй улс. Монгол Улс өөрийн хиймэл дагуултай болох зорилгоо саяын айлчлалын хүрээнд танилцуулсан. Одоогийн байдлаар эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас хиймэд дагуултай болох ажилд ахиу хөрөнгө төсөвлөж боломжгүй байгаа. Гэсэн хэдий ч тусгаар улсын хувьд, ирээдүйгээ харж хиймэл дагуулд ач холбогдол өгөх шаардлага байгаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн