PWC олон улсын аудитын байгууллагатай банкуудад үнэлгээг ямар зарчмын дагуу хийхээ тохирохоор Монголбанк ажиллаж байгаа аж.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын сангийн Ажлын хэсэг болон Монголбанкныхан активын үнэлгээ хийх зарчмын хоёр асуудалд тохиролцоонд хүрч чадахгүй байгааг илэрхийлсэн. Тэрээр “ОУВС-гийн зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд тооцохгүй гэдгийг илэрхийлсэн. Монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал, ашигт малтмалын лиценз байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудад мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэх байдал үүсэх учраас Монголбанк Валютын сантай үнэлгээ хийх аргачлалын асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа” гэсэн юм.
Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мал барьцаанд тооцох эсэх асуудлаар тодорхой хэмжээнд зөвшилцөх шаардлага байсан. Монголд 400 мянган малчин өрх бий. Тиймээс малыг үндсэн хөрөнгөд тооцох асуудал дээр ОУВС-тай тохиролцсон. Харин Х тайлан буюу хайгуулын талбайн лицензийг барьцаалах уу, үгүй юү гэдэг дээр хоёр талдаа маргаантай асуудал бий. А лиценз буюу ашиглалтын талбайг барьцаалж болно. Харин хайгуулын талбайг барьцаа хөрөнгөд бүртгэх нь эрсдэлтэй гэдгийг ОУВС анхааруулж байгаа” гэжээ. Өнөөдрийн байдлаар банкууд 12.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 20 орчим хувийг уул уурхайн олборолтын салбарт олгожээ. Харин нийт зээлийн 30 орчим хувь нь хэрэглээнийх буюу малчны, цалин, тэтгэврийн зээл эзэлж байна. Банкны салбарын нийт зээлийн 8.8 хувь буюу ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн зээл чанаргүйд тооцогдож байна. Чанаргүй зээлийн 40 орчим хувь уул уурхай, олборлох салбарын зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, банкны системийн зээлийн 30-40 хувь нь уул уурхай, олборлох салбартай шууд хамааралтай бөгөөд тус салбарт банкууд зээл олгохдоо лиценз барьцаалсан гэсэн үг. Энэ нөхцөлд лицензийг барьцаанд тооцохгүй гэвэл банкууд шалгалтад бүдэрнэ. Эсвэл банкны барьцаанд буй лиценз нь ашиглалтынх уу, хайгуулынх уу гэдгээс хамаарч зээлийн эрсдэл нэмэгдэх магадлалтай. Монголд өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр арилжааны банкуудаас 2-3 банк өөрийн хөрөнгийн хүрэлцээ муу, зээл олголт хийгдэхгүй байгааг өнгөрсөн хаврын чуулганаар зарим гишүүн хөндөж байсан. Гэхдээ банк өөрөө эмзэг салбар учраас олон нийтэд нэрийг нь зарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк үйл ажиллагааг нь шууд зогсоож чадаагүй.
Харин Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх активын чанарын үнэлгээгээр хүссэн ч, эс хүссэн ч муу активтай банкийг илрүүлж, тодорхой арга хэмжээ авах нь мэдээжийн асуудал боллоо.
Монголд банкны салбар нь санхүүгийн зах зээлийнхээ 96 хувийг эзэлдэг. Банк хэт давамгайлсан санхүүгийн секторыг эрүүл болгож, мууг нь ялгахгүй бол хэтдээ маш том хор уршиг дагуулах эрсдэл бий. Валютын сан санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс банкуудын активыг судалж, чанаргүй зээлүүдийг ангилж, шаардлагатай тохиолдолд зарим банкийг нэгтгэж үр ашгийг сайжруулах бодлогыг барьж ажилладаг байна. Ингээд Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны системийн хэмжээнд шинэчлэл хийж байсан зарим улсын жишээг сонирхъё.
Өмнөд Солонгос 1997 онд санхүүгийн секторт нь банк давамгайлсан, яг өнөөдрийн Монгол шиг нөхцөлд байжээ. Тухайн үед Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээг хийсэн байна. Өмнөд Солонгосын есөн арилжааны банкинд цэвэрлэгээ хийж, чанаргүй активтай банкийг татан буулгах арга хэмжээг авснаар өнөөдөр дөрвөн том банктай болсон. Үр дүнд нь маш чанартай банкууд л үлдсэн байна.
Японд 2000 оны эхээр банк санхүүгийн байгууллагад маш том шинэчлэлийг хийсэн байна. Эдийн засаг нь зогсонги байдалд орсон байхад Төв банк нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад системийнхээ хэмжээн дэх чанаргүй активуудыг шийджээ. Шалгалтын дараа банкуудаа хооронд нь нэгтгэх арга хэмжээг авсан байна. Токио Мицүбиши зэрэг том хүчирхэг банк нь банкуудын нэгдэл дундаас үүсч байжээ.
1980, 1990-ээд онуудад Турк улс гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөө дэмжиж байв. Гэвч эдийн засгийн үр ашигтай өсөлтийг дэмжих санхүүгийн арга хэрэгсэл Туркийн Засгийн газар болон банкны системд дутагдалтай байсан аж. Тухайн үед Засгийн газар нь төсвийн асар их алдагдалтай ажиллаж байсан бөгөөд эдгээрийг тогтвортой байлгах арга нь Туркийн банкуудад маш их хэмжээний өндөр хүүтэй бонд зарах байв. 1996 онд ОУВС-гаас Туркийн энэ байдал асар их санхүүгийн алдагдал хүлээнэ гэдгийг анхааруулж, 1999 онд олон улсын санхүүгийн байгууллагууд бас анхааруулсан ч Турк гарцаа олж чадахгүй л байв. Ингэж явсаар 2000 оны эхээр Туркийн банкны салбар гүн хямралд орсон байна. 2000 оны арваннэгдүгээр сард ОУВС Туркт 11.4 тэрбумын зээл олгож, төсвийн тэнцлийг хангахын тулд Төрийн өмчит олон тооны аж ахуйн газруудыг зарсан. Мөн Turkish Airlines компанийн 51 хувийн хувьцааг заржээ. 2000 он гэхэд асар их ажилгүйдэл, хөрөнгийн дутагдалтай зах зээл бий болж, үйлдвэрлэл удааширч, татвар нэмэгджээ. ОУВС-гаас тус улсын банкны салбарыг тогтворжуулах хүчин чармайлт үр дүнгээ өгөөгүй байна. Дараагаар нь банкны салбарт цогц арга хэмжээ авч, банкны салбартаа бүтцийн өөрчлөлт хийж, хяналт шалгалтын тусдаа байгууллага байгуулж, Төв банкны хуулиа шинэчилж байжээ.
Болгарын эдийн засаг уналтад ороод байсан ч Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсаны дараагаас макро эдийн засгийн байдал нь сайжирч байгаа аж. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд тус улсын банкны тогтолцоонд үнэлгээ хийсэн байна.Үр дүнд нь ихэнх банкууд сайн хөрөнгөтэй байсан ч дотоодын цөөн тооны банкууд хөрөнгийн дутагдалтай байгаа тул хооронд нь нэгтгэх, шинэ хөрөнгө оруулалт татах зэрэг шуурхай арга хэмжээг авч ажилласан байна. Хөрөнгийн дутагдалтай банкинд шинэ хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, зарласан цаг хугацааны хүрээнд шаардагдах төвшинд хөрөнгийн хэмжээг сэргээх чиглэл өгсөн байна.
Дээрх жишээнээс харахад активын чанарын үнэлгээгээр муу активтай банкийг шууд зарлах, татан буулгах, хооронд нь нэгтгэх зэрэг сонголтын арга хэмжээг авдаг тодорхой байна. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Төв банкны тухай хуулийн хүрээнд актив хөрөнгийн шаардлага хангаагүй банкны лицензийг нь түдгэлзүүлэх заалт бий. Гэхдээ үнэлгээ хийж дууссаны дараа Сангийн яам, Монголбанк, Валютын сангийн төлөөлөгчид хамтран ямар арга хэмжээ авахаа шийднэ.