Дэлхийн 70 гаруй оронд салбартай Японы Mitsui компанийн Америк тивийг хариуцан ажилладаг Б.Тэгшбаяр, Токиогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавраа, АНУ-д Калифорнийн технологийн институтэд докторын зэргээ хамгаалсан залуу доктор Ц.Гэрэлт, Европдоо эдийн засгийн сургалтаараа 1-рт ордог, 12 нобелийн шагналтан төрсөн Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн доктор Н.Цогсаг, Токиогийн их сургуульд магистраа хамгаалж өдгөө Нью-Иоркийн их сургуульд докторын зэрэг горлихоор сурч буй С.Сайнбаяр, Бритиш Колумбын их сургуулийн эдийн засгийн докторант Э.Цэнгүүн, Дэлхийд алдартай "Nikon" компанид ажилладаг Б.Мэндбаяр, Недерландад математикийн чиглэлээр доктор хамгаалсан Ж.Болор, Киотогийн их сургуулийн математикийн доктор А.Ганбат нарт нэг ижил тал бий. Эд бүгдээрээ нэг сургуулийн, нэг ангийн, нэг багшийн шавь нар. Тодруулбал, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, үндэстэн дамнасан томоохон компани, их дээд сургууульд сурч яваа энэ залуус Нийслэлийн нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багштай 11 г ангийг 2004 онд төгсчээ.
Энэ ангийг төгссөн залуусын амжилт зөвхөн өнөөдрийн энэ байр сууриар хэмжигдэхгүй. Тухайн үедээ Монгол Улсаа төлөөлөн олон улсын математикийн олимпиадад өрсөлддөг зургаан хүүхдийн тав нь энэ ангиас оролцож байсан бөгөөд гурван жилийн хугацаанд олон улсаас дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн дээр дурдсан Нью-Иоркийн их сургуульд доктор хамгаалж буй С.Сайнбаяр гэхэд улсын зургаан удаагийн аварга, олон улсын хоёр мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж байсан. Эдний амжилт ингээд ч дуусахгүй ангиасаа 14-үүлээ нэг жил Японы засгийн газрын тэтгэлгээр Японд сурахаар явж байжээ. Сэтгүүлч миний бие энэ залуустай ярилцлага хийх явцад тэдний өнөөдрийн энэ амжилтын эхлэл ганц зүйлээс эхтэй болохыг, нэг л хүний тэдний амьдралд оруулсан хөрөнгө оруулалт асар үнэтэй болохыг анзаарсан юм.
Японы Mitsui компанийн Америк тивийг хариуцан ажилладаг Б.Тэгшбаяр "Арван жил, их сургуулийн багш нараасаа үлгэр дуурайлал авдаг байсан. Тэр хүмүүсийг хараад багш болно гэж боддог байлаа. Эдийн засгийн чиглэлээрэ докторын зэрэг хамаалчихаад "хүн капиталд" хөрөнгө оруулах багш болно гэж төлөвлөж байсан. Гэхдээ төлөвлөгөө дундаасаа жаахан өөрчлөгдсөн л дөө. Багш нар шигээ хэн нэгний амьдралд ямар нэг байдлаар сайнаар нөлөөлөх юмсан гэж боддог болсон. Би өнөөдөр нэгдүгээр сургуулийг төгсөөгүй, анги даасан Ц.Баяраа багштайгаа таараагүй байсан бол одоо дэлхийн хэмжээний том компанид ажиллахгүй байсан гэж боддог” Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн доктор Н.Цогсаг “би Баяраа багштай нэгдүгээр сургуулийн ангийн хамт олондоо мөн багшдаа их баярлаж явдаг. Тухайн үедээ улсын ихэнх олимпиадад манай ангийнхан манлайлдаг байлаа. Тийм мундаг хамт олонтой найзуудтай байхын хэрээр би их хөгжсөн, олон зүйлийг тэднээсээ сурсан. Жишээ болгож нэг жижиг түүх яримаар байна л даа. Би Ховдод байхдаа хэрэндээ л онц сурдаг хүүхэд байлаа. Урлаг спортын бүхий л арга хэмжээнд оролцдог. Гэтэл гэнэт аав, ээжийн ажил солигдож хот руу ирэхээр болж нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багштай ангид орлоо. Эхний өдөр багш намайг хамгийн урд суулгаж байгаад "За Цогоо ямар сурдаг вэ" гээд л асуулаа. Би ч онц л гээд хариулав. Гэтэл ангийхан маань бүгд инээлдээд л явчихав. Тэгсэн багш “манай ангид онц сурдаг хүүхэд байдаггүй юм даа” гээд инээсэн. Тэр долоо хоногоосоо л муу авч эхэлсэн. Үдээс хойш сургууль дээрээ хичээлээ давтаад л сууж байдаг болов. Гэтэл дараахан нь нэг удаа шалгалт авсан бас л муу авчихав. Багш "муу авсан хүүхдүүд бүгдээрээ бос" гэж байна. Би "за одоо бас л загнуулах нь дээ" гээд л сэтгэлээр уначихсан зогсож байлаа. Тэгсэн багш намайг магтдаг байгаа. Цогоо бол хөдөөнөөс ирээд удаагүй байгаа ч их чармайлттай, сайн сурч байна. Цогоо маань "F"-үүдийн босс болсон байна гээд л магтсан. Тэр үед "F" авсан ч багшийн үгнээс их урам авч улам их хичээх болж, шамдаж эхэлсэн. Эргээд харахад манай багш хүүхдэд зөв үед нь урам өгч, зөв үед нь хор шарыг нь хөдөлгөж чаддаг байсан хүн байгаа юм. Дараа нь нэг удаа химийн олимпиадад орох гээд бэлдэж байх үед Цогоо ч медаль авч чадахгүй дээ гээд л миний хорыг малтаж байсан. Би ч тэр үед нь шар хөдлөөд "заавал амжилттай оролцоно доо" гээд хичээж байснаа санаж байна” Энэ мэтчилэн шавь нартай нь ярилцах бүртээ тэр Ц.Баяраа гуай үнэхээр л мундаг багш байж дээ гэх бодол төрж, өөрийн эрхгүй тэр багштай уулзаж ярилцах хүслийг жилийн өмнөөс тээсэн юм.
Эрлийн үзүүрт Ц.Баяраа гуайг Орчлон сургуульд багшилж байгааг олж мэдлээ. Ингээд Ц.Баяраа багштай ярилцаж, энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ цувралаа бэлтгэхээр Орчлон сургуулийг зорьсон юм.
Тэрээр 11 г ангийнхантайгаа хамтдаа нэгдүгээр сургуулийг төгссөн бөгөөд түүнээс хойш 10 гаруй жил Орчлон сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа ажээ.
Биднийг очиход Ц.Баяраа багш их л уриалгахнаар “Багш хүний амьдралд нэг л сайн анги таардаг юм гэсэн. Надтай учирсан хамгийн шилдэг анги бол нэгдүгээр сургуулийн 2004 оны төгсөлт байсан даа. Тийм болохоор хүүхдүүдээрээ бахархан тэднийг ярих дуртай” хэмээн угтсан юм.
“XX зууны эхэн үеийн Монгол Улсын математикийн үндсэн гишүүдийг зөвхөн манай ангийн хүүхдүүд тодорхойлдог байсан. Олон улсын матетмаикийн олимпиадад улсаа төлөөлөн нэг ангиас таван хүүхэд орж байсан тохиолдол түүхэнд байдаггүй. 2004 онд Грект болсон Олон улсын олипиадад Монгол Улс анх удаа 19 дүгээр байранд орж байсан нь энэ хүүхдүүдийн гавьяа. Түүнээс өмнө, түүний дараа 10-н хэдэд жагссан удаа байдаггүй. Одоо бол Монгол Улс 50-н хэдэд жагсдаг” хэмээн хуучилснаар бидний яриа эхэллээ.
-Та яаж ийм мундаг шавь нар төрүүлсэн юм бэ, ямар арга барилаар хичээлээ заадаг байв?
-Энэ хүүхдүүд амжилтад хүрэхэд ганцхан миний үүрэг роль, ач гавьяа байгаагүй юм. Нэгдүгээр сургуулийн үе үеийн багш нар, тэр хүүхдүүдийн өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөр байсан. Миний хувьд арван жилээ мөн нэгдүгээр сургуулийг төгссөн юм. Их сургуулиа төгсөөд хоёр жил Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд багшилж байсан. Дараа нь, төгссөн сургуульдаа багшлахаар ирж байлаа. Тухайн үеийн надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ миний багш нар байсан. Хүүхдүүдтэйгээ хамт загнуулаад, суралцаад явдаг байлаа. Одоо л би өөрийгөө Орчлон сургуульд багшилж байна гэж боддог. Түүнээс нэгдүгээр сургуульд байхдаа бол багшлахыг заалгадаг байсан. Нэгдүгээр сургуулийн багш нараар заалгадаг байсан зүйлээрээ л хүүхдүүдээ сургаж, өөрөө суралцаж ирсэн.
Яах вэ, хүүхдүүдээ үргэлж шилдэг нь байлгахын тулд, илүү олон зүйл зааж сургахын тулд ашигладаг зарим нэг тактик байсан л даа. Тэдгээрийн нэг нь хүүхэд бүрийн онцлог зан чанар, сонирхолд тохируулан тухайн хүүхдийг хөгжүүлэх гэж хичээдэг байсан. Нэг ангийн 41 хүүхэд бүгд өөр, өөрийн зан чанартай, онцлогтой, янз бүрийн сонирхолтой. Тэр болгоныг нь мэдээд түүнд нь тохируулан харьцаж, хөгжүүлж, сургахыг оролддог байсан. Тухайлбал, манай ангийн хамгийн хор шартай хүүхэд бол Ц.Гэрэлт байсан. Илүү сайн хичээлгэхийн тулд хор шарыг нь малтана. "Чи С.Сайнбаярыг үнэхээр дийлж чадахгүй юм уу. Үүнтэйгээ санал нийлж байна уу” гээд л. Энэ мэтээр ангид өрсөлдөөн бий болгох нь хүүхдийн хөгжил, сурах чадварт сайнаар нөлөөлдөг.
Нөгөө нэг зүйл нь багш бол хүүхдүүдийн хувьд амьд үзүүлэн болдог. Тиймээс бүх зүйлийг сайн хийж чадахгүй ч ядаж зах зухаас нь гадарладаг, оролддог байх ёстой болдог. Хэн нэгэн нь гитар сонирхдог бол түүнийг нь чаддаг байх ёстой болно, өөр нэг хүүхэд хамтлаг дуучид сонирхдог бол тэрийг нь мэдэж байх хэрэгтэй. Сагс тоглодог хүүхэд байх юм бол хамтдаа сагс тоглоно гэх мэтээр. Тэгж байж хүүхэд бүрийн итгэлийг олж авч чаддаг. Хүүхдүүдээ зуны амралтаар зуслан авч гардаг байсан. Тэнд ангийнхан нэгдэж, нэг анги болоход их нөлөөлнө. Хамтдаа хичээллээд, хамтдаа унтаад, хамтдаа тоглоод байхаар бие биенийгээ маш сайн мэддэг болдог. Тэр үеэр хүүхдүүдийнхээ аль нь өглөө унтдаг, аль нь эрт босдог, хэн нь өглөө юм идэхгүй мөртлөө орой өлсдөг гэх зэргээр хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэж авдаг байлаа.
Мөн сургууль дээр хүүхдүүд маань өдөржингөө сууж хичээлээ хийдэг. Тэгэхээр хүүхдүүд маань өлсөнө. Тэр үед нь "Зочин бууз”-аас бууз авчирч өгөөд л хамтад нь хичээлийг нь хийлгэдэг байсан. Сүүлийн гурван жил бол бараг өдөр бүр 10 хэдэн хүүхэд хооллож байсан. Одоог бодвол тэр үед хоолны үнэ хямд ч байж дээ. Тэгж хичээллэж, хөдөлмөрлөж байж тэр хүүхдүүд амжилтад хүрч, аваргаа хадгалж чадсан. Монгол Улсаа төлөөлдөг математикийн мэргэжлийн тамирчид манай ангид байсан болохоор мэргэжлийн төвшинд бэлтгэдэг байсан. Аливаа зүйлийг багаараа туулж, багаараа хийх ёстой гэдгийг миний хүүхдүүд надад ухааруулж өгсөн гэж боддог. Тэднээс хүүхдийг ганц ганцаар нь биш багаар нь бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг суралцсан.
-Шавь нарынхаа тухай хамгийн сэтгэлд ойр байдаг хөгжилтэй, сонин түүхээс хуваалцахгүй юу?
-Манай хүүхдүүд маш сайн сууж сурсан байсан. Сүүлдээ надтай, надгүй ангидаа суугаад биеэ даагаад хичээлээ хийдэг болчихсон. Би тэднийг төгсөх жил Орчлон сургууль давхар багшилж эхэлсэн юм. Тухайн үед Орчлон сургууль анх үүсгэн байгуулагдаж байсан. Тэгээд нэг удаа ангийнхандаа бие даалт өгчихөөд Орчлон сургууль руу хичээл заах гээд явлаа. Манайд н.Базаргочоо гээд нэгдүгээр сургуулийн багш нар болгон айдаг сургалтын менежер байсан юм. Тэгсэн тэр хойгуур нөгөө багш ангид орж ирээд намайг асуухад манай ангийнхан нэг ч үг хариулаагүй, тэгээд бүр багштай байгаа юм шиг ганц хүүхэд хөдлөхгүй хичээлээ хийгээд сууж байсан гэдэг. Дараа нь надад тэр багш “Танай анги 2 цаг багшгүй байсан мөртлөө нэг ч хүүхэд ангиас гарч, суудлаасаа босоогүй. Хүүхдүүдээ маш сайн суулгаж сургасан байна лээ” гэж хэлсэн. Тэр үед хүүхдүүдээрээ маш их бахархаж байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юм.
Шавь нарын маань тухай олон түүх бий л дээ. Манай ангид Н.Цогсаг гээд охин анх Ховд аймгаас шилжиж ирсэн үе их тод санагддаг. Хэд сурдаг вэ гэж асуусан асуултад онц гэж хариулаад ангийнхандаа шоолуулж байсан. Гэхдээ манай Цогоо их ухаантай, хэрсүү охин байсан. Тэр дор нь "хөдөөний онц сурдаг хүүхэд, хотын онц сурдаг хүүхэд ялгаатай байх л даа” гэж хэлж байсан. Тэгж хэлэхийг нь сонсоод их ухаантай охин байна даа гэж бодож байлаа. Тэгээд хичээж, хөдөлмөрлөсөөр байгаад Японы тэтгэлэгт хамрагдсан 14 хүүхдийн нэгэнд нь багтаж чадсан. Энэ мэтээр яриад байвал шавь нарын маань хүн нэг бүрт хөгжилтэй, сонирхолтой түүхүүд бий.
-Одоогоос 10 жилийн өмнөх хүүхдийн сэтгэлгээ, хандлага, хүмүүжил өнөөгийн хүүхдүүдээс хэр ялгаатай байна. Залуу багш нартаа хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэдээж нийгмээ дагаад технологийн шинэчлэлээр олон зүйл өөрчлөгдөж байна. Гэхдээ сэтгэх чадварын хувьд бол ямар ч ялгаагүй. Өнөөдөр хэрэглээ тал нь маш хурдтай хөгжиж байна. Одоогоос 10 жилийн өмнө фэйсбүүк гэж байгаагүй. Гэтэл одоо ямар ч мэдээллийг интернэтээс харах боломжтой болж байна. Гэрийн даалгавар өгсөн тоог интернетээр хэн нэгнээр бодуулаад ирэх ч боломжтой тийм цаг үе. Гэхдээ энэ үед багш нар гурван зүйлийг л маш сайн хэрэгжүүлж чадах юм бол хүүхдийг сайн сургаж, хөгжүүлж чадна гэж боддог.
Нэгдүгээрт, хүүхдийг тухайн хичээлд нь дурлуулах. Хүүхдийг тоонд дурлуулчих юм бол хүнд, хэцүү санагдаггүй. Миний хувьд 2004 онд төгсгөсөн шавь нараа тоонд дурлуулж чадсан гэж боддог. Тийм болохоор тэр хүүхдүүд амжилтад хүрсэн. Гэхдээ дуртай болгох гэж байна гээд хүнд хэцүү бодлогоор шахаад байж болохгүй. Бага багаар, өдөр өдрөөр энгийнээс нь эхлээд дурлуулж эхлэх хэрэгтэй.
Гуравдугаарт, хүний хүүхдийн төлөө сэтгэл гаргах ёстой. Шавь байхад нь сэтгэл гаргаагүй мөртлөө том болоод амжилт гаргасных нь дараа миний шавь гэж хэлж болохгүй шүү дээ. Багш хүн хүүхдийн цагаан цаас адил сэтгэл дээр бичдэг амьдралынх нь хамгийн эрхэм, чухал үүрэг рольтой хүмүүс. Хүүхдэд чин сэтгэл гаргаад өөрийнх нь аав, ээж шиг сэтгэлээр хандаж чадах юм бол ямар ч хүүхэд хийх гэж хичээдэг, сурах гэж оролддог юм.
Анхны шавь нь бага ангийн багш нарын улсын олимпиадын найман удаагийн аварга, удаах шавь Майкрософт компанид ажилладаг
С.Баяраа багшийн шавь нараас зөвхөн 2004 оны энэ ангийн хүүхдүүд шилдэг нь байгаагүй бөгөөд түүний анхны шавь М.Отгонжаргал өдгөө нэгдүгээр сургуулийн бага ангийн багш. Монгол Улсын бага ангийн багш нарын улсын олимпиадын найман удаагийн аварга. Харин удаах шавь М.Өлзийдэлгэр нь Майкрософт компанид ажилладаг цөөхөн хэдэн монголчуудын нэг гэнэ.
Тэрээр Орчлон сургуульд анх багшилж эхлэх үедээ тооны аварга шавь төрүүлнэ гэх зорилгыг өөртөө тавьсан бөгөөд 12 жилийн турш бэлдсэн О.Бодрол хэмээх шавь нь олон улсын математикийн олимпиадаас нэг мөнгө хоёр хүрэл авч, өдгөө Вашингтоны их сургуульд АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа ажээ.
Аварга шавь төрүүлэх амархан. Гэхдээ...
“Багш болох амархан. Гэхдээ сайн багш болох амаргүй. Аав болох амархан. Сайн аав болох хэцүү. Аварга болох амархан үргэлж аваргаараа байх хэцүү. Аварга шавьтай болох амархан. Гэхдээ тэр шавиа аварга болгочихоод аваргаар нь байлгаад төгсгөнө гэдэг маш хэцүү. Аварга бол ялагдах эрхгүй болчихдог. Үүнийг аварга болж үзсэн хүмүүс л мэднэ.” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.