Open iToim app
Анализ | 7 мин уншина

Баабар: Төрийн завхралд Үндсэн хууль буруугүй

Баабар: Төрийн завхралд Үндсэн хууль буруугүй
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 18
"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр болж байна. Хэлэлцүүлгийн үеэрсудлаач-нийтлэлч Б.Баабарын “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвийн хүрээнд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа гэдгээ хэлмээр байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийг илэрхий болон санаандгүйгээр зөрчсөн асар олон тохиолдол бий. Үүний ихэнхийг УИХ, Засгийн газар өөрөө зөрчсөн.  Хууль тогтоох, батлах, шүүн таслахад гол үүрэгтэй хүмүүс нь өнгөрсөн хугацаанд улайн цайм хууль зөрчсөөр ч ирсэн. Энэ талаар маш олон судалгаа бий.
Үндсэн хуулийг өөрчилснөөр төрийн болон нийгмийн тогтолцоо засарна ном журамд орно гэсэн ойлголт үнэндээ төөрөгдөл юм. Хууль баталчхаад тэрийгээ алхам тутамдаа зөрчөөд явах аваас тэр хуулийг Бурхан зохиогдоод ч нэмэр байхгүй. Хууль мөрддөг механизм нь чухал болохоос асуудал хуульдаа байгаа юм биш.
1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг дордуулсан долоон заалт гэх маягаар хочилдог. Үнэндээ дордуулсан долоо гэж байгаа нь толгой холбогдож байгаа учир хэлэх дуртай хэлц болсноос бус ярьж байгаагаас нь харахад ямар ч өөрчлөлт орсныг мэдээгүй уншаагүй, цэцэрхэл юм болов уу даа. Үнэндээ энэ нь нэмэлт өөрчлөлт гэхээс илүү тодотгол байсан. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэдгийг янз бүрийн өнцгөөр тайлбарлаж байсныг нэг мөр болгосон юм. Засгийн газрыг огцруулахдаа нууцаар санал хураадаг байсныг нь ил болгосон, хуйвалдаанаас сэргийлсэн асуудлууд байсан.
АНУ-ын буюу дэлхийн хамгийн анхны үндсэн хууль 200 гаруй жилийн турш огт хөндөгдөөгүй тогтвортой үйлчилж ирсэн шалтгаан нь тэд Их хуульдаа өөрчлөлт засвар оруулалгүй дугаарласан нэмэлт тодотгол оруулан шинэ санааг дагалдуулан гаргадагтай холбоотой. Бид ийм нэмэлт тодотгол санааг Их хуулийнхаа араас дагалдуулан гаргаж явбал зүгээр санагдаж байна.
Үндсэн хуулийн талаарх мэдлэг ойлголт маш сул байна, түүний дотор хууль тогтоох байгууллагад нь Үндсэн хуулиа мэдсэн, уншсан, ойлгосон хүн тун цөөн байна. Энэ байдал 25 жил үргэлжиллээ. Төр хэмээх ерөнхий нэршлийг агуулж яваа хууль тогтоох, шүүн таслах гүйцэтгэх байгууллагад хамаарч буй бүгдэд Үндсэн хуулийг зааж сургах ажлыг далайцтай явуулмаар байна. Үндсэн хуулиа зөрчөөд байгаагаа  өөрсдөө мэддэггүй болохоор энэ зөрчил нь хууль тогтоол, зарлиг, журам, дүрэм болон гарч нийт иргэнийг дагаж мөрдөхийг албадсанаар улс даяар Үндсэн хуулиа зөрчигчид болон хувирч байна.
Манай нийгэмд гарч буй төрийн завхрал нь Үндсэн хуулийн муугаас бус, төр өөрөө хуулиа баримталдаггүй зарчмаас үүдэлтэй юм.  
1992 онд батлагдсан Үндсэн хууль нь өнөөгийн ертөнцийн үндсэн зарчим, голдиролд нийцсэн олонхийн жишиг баримталсан, нээлттэй, иргэний нийгмийн санааг бүрэн агуулсан, үнэлж үзүүштэй нийгмийн гэрээ юм. Гэрээ Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг шингээсэн, зөвхөн Монгол Улсын иргэдийн оролцоотойгоор хийгдсэн түүхэн бичиг баримт. Үүгээрээ өмнө гарч байсан гурван хуулиас эрс ялгаатай. Гэхдээ Үндсэн хуулийг баталж байх үед нээлттэй нийгмийн тухай Монголчуудын ойлголт туйлын хязгаарлагдмал байсан учир алдаа мадаг, ойлгомжгүй байдал, үл мэдэгдэх байдал, тодотгол, нэмж засварлах, ойлгомжтой болгох явдал цагийн явцад бий болж байна.  Тиймд миний зүгээс Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголуудыг санал болгомоор байна.
Өмчийн талаар
Үндсэн хуулийн өмнөх хуулиудаас ялагдах зарчим нь өмчийн тухай санаа юм.
Урьдын хуулиудад хувийн болон хамт олны зэрэг олон төрлийн өмчийн хэлбэрийг дорд үзэх, устгах, хориглох санаа байсан бол шинэ Үндсэн хууль нь өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрсөн төдийгүй төр нийгэм шүүхийн өмнө төрийн гэгдэх өмчийг оролцуулаад өмчийн бүх хэлбэр тэгш эрхтэйг тунхагласан хувьсгалт өөрчлөлт гарсан.  
Өнгөрсөн туршлагаас харахад төрийн байгууллага шүүх хууль тогтоох болон гүйцэтгэх институцээс Үндсэн хууль зөрчиж буй нь өмчтэй холбоотой. Бүх маргаан зөрчил өмчөөс үүсч байна. Үндсэн хуульд нийгмийн хамгийн гол эмзэг маргаантай асуудлыг өнгөц, тодорхой бус тусгаж өгсөн нь дагалдах хууль болон шүүхийн шатанд янз бүрээр тайлбарлагдаж байгаа юм.
Ерөнхийдөө өмчийг хувийн ба нийтийн ,төрийн гэж ангилсан байдаг. Хамгийн гол рольтой өмч бол олон нийтийн хамтын, хувийн олон нийтийн, Засгийн газрын олон нийтийн гэх зэрэг байдаг. Өмч эзэмшигчийн хамгийн том давуу тал нь захиран зарцуулах эрх байдаг. Өмчийн олон хэлбэр тодорхойлогдоогүйгээс болоод хэн захиран зарцуулах эрхтэйг олон янзаар тайлбарладаг. Иймээс хууль тогтоох институц өөртөө захиран захцуулах эрхийг булаан авсан тохиолдол маш их байна. Үндсэн хуульд төрд гэж ерөнхий нэрээр харьяалагдах өмчийг ард түмний мэдлийн төрийн өмч гэж тодорхойлсон байгаа юм. Энд мэдлийн гэдэг үг тодорхой бус учир ард түмний нэрийн дор аль нэг бүлэглэл мэдэж захирах эрхийг нь булаацалдаж байна.
Мөн төр гэдэг ерөнхий нэрийн дор чухам аль институц нь захиран зарцуулах эрхийг заагаагүй. Үндсэн хуулийн энэ доголдлыг хуульд нэмэлт оруулах хэлбэрээр ажих бүрэн боломжтой юм.
УИХ хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн Засгийн газар болон шүүн таслах байгууллагын эрх үүрэгт оролцож байна
Үндсэн хуульд төрийн дээд эрх барих байгууллагыг УИХ гэж онцлон заасан. Үүнийг сэтгэлгээний энгийн төвшинд авч үзвэл тодорхой бус заалт юм.
Энэ заалтыг эрхзүйн онол талаас Үндсэн хуулийн бусад заалттай тухайлбал, нэгдүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн эрх барих байгууллагын үндсэн зарчим мөн гэсэн заалттай уялдуулан тайлбарлавал УИХ нь гагцхүү тэрхүү дээдэлбэл зохих хуулийг тогтоох эрх мэдлийг хадгалдгийн хувьд төрийн дээд эрх барих байгууллага гэж тодорхойлогдож байгаа болохоос гүйцэтгэх, шүүх эрх мэдэл рүү орж эрх хэмжээгээ хэтрүүлнэ гэсэн нэр биш. Учир нь хуулийн нэр агуулга дотор Монголын төр хууль тогтоох, шүүн таслах гурван өндөрлөгөөс бүрдэх санаа бий. Гэтэл үүнийг санаатай болон санаандгүй байдлаар хууль тогтоох байгууллагын зүгээс Засгийн газрын ажилд оролцон, өмнөөс нь гүйцэтгэх төдийгүй сүүлийн үед шүүн таслах ажиллагаа явуулж байна.   
"Эрдэнэт"-ийн 49 хувийн гэх асуудал дээр УИХ шүүхэд гомдлоо гаргахын оронд өөрсдөө шүүн тасалсан шийдвэр гаргаж буй нь үүний гол илэрхийлэл юм.
Хууль тогтоох байгууллага буюу ард түмнийг төлөөлж буй элч төлөөлөгчид хэзээ ч хаалттай хуралдаан хийж болохгүй. Улсын нууцтай холбоотой эмзэг асуудлын Засгийн газрын хүрээнд эсвэл өөр тодорхой төвшинд хийх ёстой. Нууц асуудлаар хаалттай хуралдаж байгаа хуйвалдааны хэлбэрт шилжиж байна.
Үндсэн хуульд төрийн дээд институцийн хоорондын дэг жаягийг тодорхой болгож өгмөөр байна. Ерөнхийлөгч, УИХ гишүүд нь Засгийн газарт зөвхөн сайдаар дамжуулан асуудал тавьж харилцах ёстой. Элдэв шалгалт нэрээр гүйцэтгэх засаглал руу шууд биеэр орон үүрэг ,даалгавар өгч болохгүй.  
Сонгууль ба хууль санаачлах талаар
Үндсэн хуульд бас нэг тодорхой бус асуудал сонгуулийн тухай заалт байгаа юм. Сонгууль бол ард түмэн өөрийн төлөөллийг сонгон, хүсэл зорилгоо төлөөллөөрөө дамжуулан илэрхийлэх хуульчилсан эрх. Үүнд ард түмний төрөө мэдэх гэсэн утга бий. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн өгүүлбэрийг зөвхөн мажоритар хэлбэрээр сонгоно гэж гуйвуулан ойлгуулж, ард түмний сонгох эрхийг хааж байна.  
Сонгуулийн үндсэн зарчмуудыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тусгаж өгөх хэрэгтэй байна.
Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болж хүчний тэнцвэр хоёр талд адил болбол шинээр сонгууль явуулах нөхцөл үүсгэдэг гэж зааж өгмөөр байна.
УИХ гишүүд хууль санаачлах, өргөн мэдүүлэх эрхтэй. Гэвч өргөн барихдаа 15-аас доошгүй гишүүдийн дэмжлэг авсан, Хууль зүйн яам Сангийн яамнаас санкс авсан байх ёстой. Гэвч өнгөрсөн туршлагаас харахад гишүүд тур бүртээ өөрийн нэрэмжит хуультай болох гэж өрсөлдөж байна, олон хуулийг өөрийн дураар өөрчилж байна.  
УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал
 УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах ба зөвхөн гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүн тогтоовол түүнийг эргүүлэн татна гэж заажээ. Өдгөө УИХ гэмт хэрэгт холбогдсон олон хүний орогнох, шударга шүүхээс зугтаах газар болон хувирчээ. Гишүүд халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулах нь зөв хэдий ч эргүүлэн татах асуудлыг хуулиар тодорхой болгомоор байна. Тухайлбал, гишүүд ямар нэг гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын өмнө нээлттэй тайлбар өгөх, улмаар хяналтын байгууллага тайлбарыг шалгах. Тайлбар нотлогдвол сэжигтэн яллагдагчаар эргүүлэн татах гэх зэрэг дэс дараалал байх хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч ганцаараа шүүх засаглал болчихдог байдлыг болиулах шаардлагатай
Шүүхийн онцгой эрх зөвхөн шүүхийн танхимд хэрэгжинэ гэдгийг тодотгох хэрэгтэй. Ингэснээр ард иргэдийг айлган сүрдүүлэх явдлаас сэргийлэх юм.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулснаар бусад шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд санал болгосноор Ерөнхийлөгч томилох ёстой. Анхны Ерөнхийлөгч л үүнийг зарчим болгосон. Дараагийн Ерөнхийлөгч нар өөрсдийн субъектив санаа үзлээр хэрэгжүүлж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосон шүүгчдийг заримыг томилохоос татгалзах зэрэг үйлдэл нэг бус удаа гаргаж байна.
Үндсэн хуульд зааснаар хараат бус шүүхийн Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг Ерөнхийлөгч баталгаажуулах үүрэгтэй болохоос бус нэр дэвшсэн шүүгчийг үзэмжээр томилох эрх Үндсэн хуулиар олгогдоогүй юм. Энэ буруу үлгэр жишээгээр шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах суурь зарчим алдагдаж байна. Ерөнхий шүүгчийг иргэд сонгодог, эсвэл төрийн голлох институциудад хувааж өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч ганцаараа шүүх засаглал болчихдог байдлыг болиулмаар байна.
Эцэст нь хэлэхэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн бүхий л чармайлт бүтэлтэй болно гэдэгт итгэхгүй байна. Эргэн тойрноо нэг хардаа гэж хэлмээр байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн