Японы Токио хотын баруун захын Хачиожи хотод орж ирсэн Азийн хар баавгайг даваа гарагт буудан устгажээ. Энэ нь Японд суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг шаардлагатай тохиолдолд галт зэвсгээр устгах журмыг Токио хотын нутаг дэвсгэрт анх удаагийн тохиолдол болж байна.
Хачиожи хотын Оцүмачи дүүргийн тариалангийн талбайд баавгай хавханд орсон тухай мэдээлэл 15:30 цагийн үед иржээ. Улмаар хотын дарга оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгайг буудан устгах шийдвэр гаргаж, хоёр цагийн дараа ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Уг баавгай нь ойролцоогоор 70 сантиметр урттай, эмэгчин байсан бөгөөд Хачиожи хот орчим нь Азийн хар баавгайн тархац нутагт багтдаг аж.
Японд сүүлийн жилүүдэд баавгай хүн амын суурьшлын бүсэд нэвтэрч, хүн рүү халдах тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн онд холбогдох журмыг шинэчилжээ. Ингэснээр орон нутгийн захиргаа хүн амын суурьшлын бүсэд орж ирсэн баавгай болон бусад аюултай амьтныг анчдаар буудан устгуулах боломжтой болсон байна.
Өмнө нь олон нийтийн газарт зэрлэг амьтныг буудахыг хориглодог байсан бөгөөд зөвхөн хүний амь нас, аюулгүй байдалд шууд заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэх боломжтой байжээ.