Монгол Улсын өнцөг булан бүрд амьдардаг номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу “Номын баяр” өнөөдөр эхэлж байна.
Энэ жилийн намрын номын баярыг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд нийслэл, аймаг, орон нутагт улс даяар зохион байгуулах бөгөөд “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр хавар, намар зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ 40 дэх удаагаа болж байна. Мөн энэ жилийн баяр нь Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Гурван өдрийн турш зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ ном бүтээлээ танилцуулах, номын нээлт хийх, гарын үсэгтэй ном худалдаалах, шүлэг, яруу найргийн уншлага зохион байгуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ болно.
Түүнчлэн шинэ болон хуучин номын худалдаа, номын үзэсгэлэн, үндэсний бичиг, каллиграфи буюу уран бичлэг, соёлын өвтэй холбоотой сургалт, номын сангийн соёл, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах арга хэмжээ бус, зохиолч, уншигч, хэвлэн нийтлэгч, номын худалдаачин, ном үйлдвэрлэлийн салбарынхныг нэг дор уулзуулж, мэдлэг, туршлага солилцох, шинэ бүтээлээ олон нийтэд хүргэх, уншигч, зохиолчдыг ойртуулах зорилготой юм.