Дүнжингаравын худалдаа эрхлэгчид 12 хоногийн алдсан боломжоо төрөөс нэхэвДүнжингаравын худалдаа эрхлэгчид 12 хоногийн алдсан боломжоо төрөөс нэхэв
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 30
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн наймдугаар сарын сүүл үед Дүнжингарав худалдааны төвд хөл хөдөлгөөн ихсэж, бичиг хэрэг, гутал, цүнх, хүүхдийн хувцас зэрэг эрэлттэй бараа бүтээгдэхүүний борлуулалт ид өрнөж байдаг. Гэвч энэ жил ид худалдааны үе олон улсын бага хуралтай давхцаж, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны асар, лангуунуудын ихэнх нь хүнгүй, худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчээ хүлээсэн байдалтай байлаа.
Тус үзэсгэлэн худалдааны лангууны түрээс 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Гэтэл жилийн хамгийн чухал борлуулалтын үе буюу ид сизоны үеэр замыг 10 гаруй хоног хааснаар автомашинаар зорчиж ирдэг иргэдийн урсгал эрс багассан байна. Үүний улмаас худалдаа эрхлэгчдийн борлуулалт огцом буурч, заримынх нь борлуулалт өнгөрсөн жилийнхээ 30 хувьд ч хүрэхгүй хэмжээнд хүрснээ ярилаа.
Худалдаа эрхлэгчид замын хязгаарлалт, олон улсын арга хэмжээ зохион байгуулж буйг ойлгон хүлээцтэй хандсан ч жилийн ганцхан удаа тохиодог борлуулалтын чухал үеэ ийнхүү алдсан нь нөхөж баршгүй алдагдал болсон хэмээн ярьж байна. Тиймээс зам хаасан 10 гаруй хоногт алдсан боломж, учирсан хохирлыг төрөөс шийдвэрлэх ёстойг, мөн төрөөс нэхэмжлэхийг худалдаа эрхлэгчид бусдадаа уриалсан юм.
Худалдаа эрхлэгч Намжил (нэрийг өөрчлөв) Миний хувьд үндсэн түрээслэгч. Манайх энд жил болгон үзэсгэлэн худалдаа эрхэлдэг. Энэ удаагийн алдагдлыг одоо юугаар ч нөхөх боломжгүй хэмжээнд хүрчихлээ. Манай түрээс 9 сая төгрөг. Борлуулалт муу байгаа болохоор өр, зээлээ ч төлж чадахгүй байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Энэ жилийн борлуулалт өмнөх жилийнхээ 50 хувьд ч хүрэхгүй байгаа. Одоогийн байдлаар 30 хувьд хүрэх үү, үгүй юу гэдэг хэмжээнд байна. Ямар ч ашиг алга. Зээлээ төлж дуусаагүй, ийм л байдалтай байна. Зам хааснаас үүдэж ийм нөхцөл байдал үүссэн тул алдсан боломжоо төрөөс нэхмээр байна. Би гэхэд 13 хүүхдийг цалинжуулж, ажиллуулж байгаа. Дүнжингарав худалдааны төв угаасаа хөл хөдөлгөөн ихтэй, зогсоол сайтай газар. Гэтэл энэ удаа зогсоолыг хаачихсан, дээрээс нь автобусаар ирэх үйлчлүүлэгч ч ховор байна.
Худалдаа эрхлэгч Нараа (нэрийг өөрчлөв) COP17 болох гэж байгаатай холбоотойгоор зам хааснаар манай Дүнжингарав худалдааны төвийн борлуулалт нэлээд муудаж, үйлчлүүлэгчгүй болсон. Үүний улмаас миний ашиг орлогод шууд нөлөөлсөн. Энэ жилийн борлуулалт өмнөх жилийнхээс ойролцоогоор 50 хувиар буурсан.
Манайх байнгын бичиг хэргийн худалдаа эрхэлдэг. Жил бүр хичээлийн шинэ жил, үзэсгэлэн худалдааны үеэр гаднаас маш олон хүн түрээсээр орж ирж, бичиг хэрэг зардаг. Би бүтэн жилийн турш гүрийж байгаад ганцхан энэ улирлыг хүлээж, бараагаа борлуулахыг зорьдог. Гэтэл энэ үед худалдааны төвийн зүгээс сул талбайнуудаа түрээслээд гаднаас худалдаа эрхлэгчдийг оруулж ирдэг нь миний бизнест сөргөөр нөлөөлдөг.
Ердийн үед 15 метр квадрат талбайн түрээс хоёр сая төгрөг байдаг бол одоо сизоны үеэр 10 сая төгрөг хүртэл нэмэгдэж байна. Түрээсийн зардал ингэж өндөр байгаа учраас худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй болдог. Тиймээс иргэд үзэсгэлэн худалдаан дээрх бараа үнэтэй байна гэж ярьдаг ч нөгөө талдаа түрээсийн үнэ маш өндөр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Худалдаачин Сүхээ (нэрийг өөрчлөв) Манай түрээс 10 гаруй сая төгрөг. Манайх бол үзэсгэлэнгийн лангуу юм. Зам хаасан өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд борлуулалт эрс муудаж, маш их алдагдалтай ажиллалаа. Ялангуяа ид сизоны үеэр зам хаасан нь манай борлуулалтад маш их нөлөөлсөн.
Ер нь сизон нь бичиг хэрэг, гутал, цүнх, хүүхдийн хувцас гээд тухайн улиралдаа л борлуулалт нь явагддаг бараан дээр байдаг. Тухайлбал, зөвхөн намрын улиралд борлуулдаг хувцас ч бий. Тиймээс ийм бараа авчирч, лангуу ажиллуулж байгаа хүмүүс маш их эрсдэл хүлээж байгаа. Миний хувьд ч гэсэн өндөр түрээс төлөөд, дээрээс нь зам хаалттай холбоотойгоор үйлчлүүлэгч цөөрч, борлуулалт муудсан. Ингээд энэ хугацаанд маш их алдагдал хүлээж байна.
Худалдаачин Болд (нэрийг өөрчлөв) Бид нар царайгаа харуулаад ярилцлага өглөө гэхэд контороос дарамт шахалт ирдэг. Тийм болохоор царайгаа харуулж яриа өгөх боломжгүй байна. Нэгэнт зам хаах нь тодорхой, үүнээс болоод борлуулалтад асуудал гарна гэдэг нь ойлгомжтой байсан. Тиймээс энэ хугацаанд биднийг зүгээр амраачихсан бол хэн хэндээ амар байх байсан гэж бодож байна. Ялангуяа гэр ахуйн бараа зардаг бидний хувьд улирлын буюу сизоны борлуулалт гэж нэг их байдаггүй.
Тиймээс энэ хугацаанд түрээсээ хасаж, үйл ажиллагааг түр зогсоосон бол арай дээр байх байсан. Гэтэл түрээсээ хасахгүйгээр ажиллуулсан. Одоо борлуулалтын хувьд өдрийнхөө түрээсийг л арай гэж нөхөхтэй үгүйтэй байна. Зам хаалттай, үйлчлүүлэгчид ирж чадахгүй байхад ерөнхийдөө энэ хугацаанд худалдаа эрхлэгчдээ амраагаад, түрээсийн асуудлыг зохицуулсан бол бидэнд ч, худалдааны төвийн зүгээс ч хэн хэндээ амар байх байсан юм.
Ийнхүү олон улсын томоохон арга хэмжээ Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж зам хааснаар, Дүнжингарав худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн бизнесийн орлого, амьдрал ахуйд нь маш их хохирол учиржээ. Ялангуяа хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бичиг хэрэг, гутал, цүнх, хүүхдийн хувцас зэрэг улирлын борлуулалттай худалдаа эрхлэгчдийн хувьд энэ 10 гаруй хоногийн хугацаа жилийн хамгийн чухал борлуулалтын үе нь. Гэтэл үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн эрс багасаж, зарим худалдаа эрхлэгчдийн борлуулалт өмнөх оныхоо 30 хувьд ч хүрэхгүй хэмжээнд буурчээ.
Үүний зэрэгцээ 9-10 гаруй сая төгрөгийн түрээс, ажилчдын цалин, өр зээл зэрэг тогтмол зардлуудаа төлөх шаардлагатай хэвээр байгаа нь худалдаа эрхлэгчдэд илүү хүндээр тусаж байна. Тэдний хувьд энэ хугацаанд олсон орлого нь өдөр тутмын түрээсээ нөхөхтэй үгүйтэй байгаа бөгөөд гарсан алдагдлаа цаашид нөхөх боломжгүйд хүрсэн гэдгийг хэлж байна. Олон улсын арга хэмжээ дуусаж, замын хөдөлгөөн хэвийн болох ч худалдаа эрхлэгчдийн энэ хугацаанд алдсан орлого эргэн нөхөгдөх боломжгүй. Тиймээс цаашид ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулахдаа замын хязгаарлалтаас үүдэх жижиг, дунд худалдаа эрхлэгчдийн хохирлыг хэрхэн бууруулах, түрээс болон бусад зардлын асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь анхаарах шаардлагатай асуудал болж байгаа юм.