Инфляц долдугаар сарын байдлаар 13 хувьд хүрсэн. Энэ их өсөлт нь мах, шатахуун, төрөөс зохицуулалттай буюу цахилгаан, дулаан гэх мэт суурь үнэ нэмэгдсэнтэй холбоотойг мэргэжлийн байгууллагууд тайлбарлаж байгаа. Инфляц хэт их өссөн энэ үед төрөөс төсвөө хумих бодлого барих ёстой. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсөвт хийх тодотголоор 1.4 их наядаар төсвөө хэмнэж байгаа ч нөгөө талдаа зарлагаа нэмсэн. Ингэхдээ арваннэгдүгээр сарын 1-ээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг УИХ-д өргөн барьсан. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд: Эдийн засаг уналтын үед төсөв тэлэх бодлого хэрэгжүүлснээр нийт эрэлтээ нэмэгдүүлдэг. Сэргэлт болон өсөлтийн үед төсвийн энгийн бодлого хэрэгжүүлж инфляцыг тогтворжуулдаг бол халалтын үед төсвийг хумих бодлого хэрэгжүүлэн нийт эрэлтийг бууруулж, инфляцыг барих ёстой байдаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай төсвийн бодлого дотоод эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тэлж ирсэн. Энэ нь инфляцыг нэмэгдүүлж байсан. Мөн сонгуулийн мөчлөгөө ягштал дагаад урсгал зардлаа тэлсэн. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх, импорт нэмэх, хөрөнгө оруулалтыг нэмэх гэх зэргээр бүх талаар дотоод эрэлтийг нэмэгдүүлэхээр инфляцыг өдөөдөг. Төсвийн зардлын 100 төгрөг нь 120 төгрөг болж дотоод эрэлтийг нэмдэг. Төсвийн зардлыг нэг нэгж хувиар нэмэхэд эдийн засгийн өсөлтийг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлдэг. Мөн төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц 0.9 нэгж хувиар өсдөг.