УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө 09.00 цагт Их тэнгэрт ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл хурал дөнгөж сая дууссан бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй таржээ. Бүлгийн ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Мөн зарим гишүүн Засгийн газраа тогтвортой ажиллуулах бүлгийн шийдвэр гаргаж, гарын үсэг зурах санал гаргасан байна. Гэхдээ бүлгийн 64 гишүүнээс 34 гишүүн ээлжит бус хуралдаа оролцсон учраас ирц хангалтгүй гээд ямар нэгэн шийдвэр гаргалгүй таржээ. Долдугаар сарын гүйцэтгэлээр инфляц 13 хувьд хүрч, өргөн хэрэглээний бүх барааны үнэ өссөн. Мөн шатахууны үнийн нэмэгдэл, хомсдол нь иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд асар сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригч намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх асуудлуудыг хэлэлцсэн ч шийдвэр гаргалгүй таржээ.